Ц.Оюунбаатар: Намын дүрмийг батлахаас татгалзсан улстөржсөн шийдвэрээ зогсоох ёстой

6-р сарын 6, 2018 9:33 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 22
6-6-8

Т.САЙХАН

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ёс зүйн хорооны дарга Ч.Давааням, Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, С.Ононбаяр нар өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Дээд шүүхээс МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлахаас татгалзсан учраас ирэх сард намын Их чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ.   Шүүхээс намын үйл ажиллагаа нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцэхгүй байна гэж үзээд байна.  Бүр тодруулбал намын Бага чуулганыг  зохион байгуулахгүйгээр Их чуулган хийж намын дүрмээ боловсруулсан гэсэн асуудлыг ярьжээ. Энэ нь шүүх байгууллага өөрөө үндсэн үүрэг чиглэлээсээ хазайж, улстөржиж эхэлснийг харуулж байна гэдгийг хурлын үеэр хэлж байв. Дээд шүүх нь улс төрийн намын дүрмийг батлахдаа Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянадаг. Харин намын дотоод асуудалд ордоггүй. Тиймээс МАХН-ын дүрмийг батлахаас татгалзаж байгаа нь улстөржсөн шийдвэр гэдгийг харуулж байна гэдгийг онцолж байв.  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг Дээд шүүх бүртгээгүй. Ингэхдээ хурлын тэмдэглэл хавсаргаагүй, тус намын нэг хоёр хүн Их чуулганы асуудлаар маргалдаж байгаа учраас бүртгэх боломжгүй гэх тогтоол гаргасан байсан. Бид энэ тогтоолд заасан үндэслэл шалтгааныг залруулж, 2018 оны тавдугаар сарын 14-нд Улсын дээд шүүхэд өгсөн. Харамсалтай нь, Улсын дээд шүүх огт өөр шалтгаан зааж, бүртгэхээс дахин татгалзлаа. Үүнээс үзэхэд МАНАН гэдэг улс төр, бизнесийн бүлэглэл шүүхийн шийдвэрт нөлөөлж байна. Энэ бүлэглэл олон хүнийг зохиомол хэргээр шийтгэж байсан. Одоо болно, улс төрийн дайнаа зогсоогоод, урагш харж ажиллахыг МАХН шаардаж байна гэв.МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, өмгөөлөгч Л.Мөнхсайхан “Дээд шүүхийн 16 тоот тогтоолд Улс төрийн намын тухай хуулийн 21.2-ыг зөрчсөн гэж үзсэн. Үүнийг энгийн иргэд үзэхэд Улсын дээд шүүх ямар нэгэн зүйл, заалт бариад татгалзсан юм байна гэж харахаар. Гэвч энэ нь уг тогтоолтой ямар ч заалт холбоогүй асуудал. Энэ нь шүүх байгууллагын тогтолцоо гажуудалд хүрснийг харуулж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *