Ц.Оюунбаатар: Ардчилал, хүний эрх нэг юмны хоёр тал

4-р сарын 8, 2013 9:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 528
“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Оюун­баатар уригдлаа.

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Оюун­баатар уригдлаа. Тэрээр хууль зүйн салбарт хуульч, өмгөөлөгч, прокуророор ажиллаж ирсэн турш­лагатай. Монголд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж буйг 1990-ээд онд анх гарган тавьж, энэ чиг­лэлээр олон жил судалгаа хийсэн. 2000-2004 оны парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байх­даа хүний эрхийг хууль­чилсан олон хуулийн төслийг гардан боловс­руулсныг уншигчид ан­дахгүй. Сүүлийн үеийн нийгмийн чиг хандлага, хууль эрхзүйн орчин, хүний эрхийн асуудлаар  түүнтэй ярилцсанаа хүр­гэж байна.

-Хүний эрхийг  олон улсын болон манай улсын төвшинд  хэрхэн биелүүлж ирэв. Энэ чиглэлээр   ажил­лаж, судалж,  хүний эрхийн төлөө тэмцэлд дуу хоолой­гоо нэгтгэж  ирсний  хувьд үр дүнг нь юу гэж дүгнэдэг вэ?

-Хелсингийн Европын хамтын ажиллагаанд  нэгд­сэн 35 улс хүний эрхийг дагаж мөрдөх тухай тунхаг­лалд  гарын үсэг зурсан байдаг. Тэр бол хүний эр­хийг хүлээн зөвшөөрсөн анхны том баримт бичиг юм. Үүний өмнө социалист орнуудад иргэний эрх гэж ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл, төр  иргэн гэсэн харьцаанд  суурьлаад төр бүгдийг зааж өгнө, хориг­лоно, хязгаарлана, харин иргэн та ажиллах ёстой гэсэн зарчим  байсан. Ту­хайн үед капитализмын гэж байсан, тодруулбал хүн төрсөн цагаасаа эхлээд заяагдмал эрхээ эдлэх ёс­той гэсэн зарчим бол хүний эрх юм. Намайг 1983 онд  ЗХУ-д суралцаж байх үед бид төр, иргэний эрхэд суурьлаад социалист болон капиталист орнуудын хү­ний эрхийг харьцуулж, аль нь давуу болохыг судалж  байсан юм. Тэр үеэс  би хүний эрхийн асуудал руу орсон. Өнөөг хүртэл  35 жил ноцолдож байна. Проку­рорын байгууллагад ажил­лаж байхдаа “Прокурорын хяналтаар иргэний эрхийг хамгаалах” гэсэн сэдвээр  нэрт хуульч,  доктор, про­фессор Бернзон гэж хүний удирдлагад  ажилласан.

Монгол орон зах зээ­лийн системд шилжиж, 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар Хүний эр­хийн түгээмэл  тунхаглал, Олон улсын хүний  эрх, иргэний эрхийн фактад орсон хүний эрхийн асууд­лыг хуульчлан баталгаа­жуул­сан.  Үүгээрээ  Монгол Улс соёлт хүн төрөлхтөний хүний эрхийг ханган ба­тал­гаажуулах хууль эрх зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн баталгаажуулсан ардчил­сан орон гэж  дэлхий ний­тэд  хүлээн зөвшөөрөгдсөн.

-Ардчилсан хувьсгалаас хойшхи замнал ямар байна?

-Өнгөрсөн 20 гаруй жил ардчиллыг гүнзгийрүүлж, хүний эрхийг сахиж, хөг­жих чиглэлээр явж ирсэн. Хийж  бүтээснээ эргэж харахад бага биш. Монголд хүний эрхийн хууль тог­тоом­жуудад бүгдэд нь нэг­дэж орлоо. Хүний эрхийн комиссыг монголдоо бий болголоо. Хүний эрхийн тухай хууль, хүний эрхийн комиссыг байгуулах тухай хуулиудыг баталж гарга­лаа.  1996 онд “Эмнести Ин­тернэшнл” байгууллагын салбарыг монголд бай­гуул­лаа. Мөн авлигатай тэмцэх, хязгаарлах бодлогыг явуул­лаа. Олон улсаас хэрэг­жүүлсэн хэд хэдэн форумыг хамтран болон эх орондоо   зохион  байгууллаа. Олон улсын эрүүгийн шүүх дээр хүний эрхийг зөрчиж бай­гаа бол энэ асуудлыг хяз­гаарлах Европын Эрүүгийн шүүхийг байгуулахад Мон­гол Улс идэвхтэй оролцож дэмжсэн. Саяхан УИХ-аас олон улсын эрүүгийн шүү­хийг хүлээн зөвшөөрч ба­таллаа. Хамгийн гол нь  дэлхий дахинд Монгол Ул­сын нэр нүүрийг тахалж байгаа зүйл бол цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн явдал. Ардчилсан хувьсга­лаас хойш Олон улсын Эмнести Интернэшнл бай­гууллага болон манай хү­ний эрхийн хуульчид үүний төлөө тэмцэж ирсэн. Ми­ний хувьд Олон улсын цаа­заар авах ялын эсрэг конг­ресст Парист очиж оролцож байсан. Цаазын  ялыг соёлт хүн төрөлхтөн халж байгаа.  ОХУ хүртэл зогсоосон. Ха­рин Америк, Хятад, Иран  зэрэг цөөн улс оронд   хэвээр байна.  Манай улсын хувьд бидний арваад жилийн тэмцэл Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгчийн үед үр дүнд хүрлээ.

-Тэгвэл сүүлийн жилүү­дэд  нөхцөл байдал ямар байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн 2-3 жилийг аваад үзэхэд манай улс хүний эрхийг ноцтой зөр­чиж байна. Ялангуяа бид ардчилал, хүний эрхийг баталгаажуулахад  өмнө хүрсэн төвшнөөсөө ухрах явдал цөөнгүй ажиглагдаж байна. Тухайлбал, хүнийг эрүүгийн хэрэгт холбог­дуулж шалгах, баривчлах, хорих, саатуулах үйл ажил­лагаа хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал. Энэ чиг­лэлд сүүлийн жилүүдэд хэд хэдэн том асуудал гарлаа. Тэр байтугай шүүх өмгөө­лөгчгүйгээр хүнийг шийт­гэсэн тохиолдол гарсан. Гэтэл социализмын үед ийм зүйл гараагүй. Тодорхой өмгөөлөгч томилж өгөөд шийдэж байсан. Жишээ нь, Ц.Лоохууз гуайн хэрэг байна.  1977 оны хавар би тэр шүү хуралд орсон. Түү­нээс үүдэж хүний эрхийн асуудал руу орох шаардлага бас гарсан. Ц.Лоохууз гуай Өвөрхангай аймгийн Сант суманд, дараа нь Хар­хоринд  нутаг заагдан ажил­лаж байсан. Тэр үедээ да­мын наймаа, контрбанд хийж, хувийн үйлдвэрлэл эрхэлсэн гэх хэрэг үүсгэж найман жилийн ял өгсөн. Миний үеийн оюутнууд бүгд тэр хуралд суусан. Ингэхдээ тухайн үед итгэж тэмүүлж явсан зүйлээ шу­дарга бус байна гэдгийг мэдэрсэн. Мань хүн  арав гаруй сайхан эмээл хийгээд зарсан юм билээ.  Одоогоор бол тэр нь манайхны жи­жиг, дунд үйлдвэрлэл байж дээ. Гэтэл Монголд өнөөдөр хууль зөрчсөн зүйлүүд нэг биш гарч байна.

-Тухайлбал?

-Өмгөөллийн үйл ажил­лагаатай холбогдуулан өм­гөөлөгчийг 14 хоног  барьж хорьж байна. Тэр  байж болохгүй асуудал. Харин сахилгын юм уу, бусад арга хэмжээг Өмгөөлөгчдийн холбоо авч болно. Өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн бол түүндээ хариуцлага хүлээ­нэ. Мөн өмгөөлүүлж буй хүнийхээ өмнө хариуцлага хүлээнэ. Түүнээс биш шүүх хөндлөнгөөс орж ирээд чи энэ хүнийг өмгөөлөх ёстой, өмгөөлсөнгүй гээд барьж хорьсон. Энэ бол хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг барьж хорьсон асуудал байна. Бин Ладенийг баривчлахад АНУ  400-500  цэрэг, цагдаа гар­гаж сүржигнээгүй шүү дээ. Тэгэхээр тэр асуудал  нэг талаас улс төрийн дуулиан дэгдээж, нөгөө талаас хү­ний эрхийг зөрчсөн. Энэ нь олон улсад ч, Монголын иргэдэд ч улс төрийн сөрөг хүчнийхээ удирдагчийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн барьж хорьсон үйл ажиллагаа.  Би үүнийг  Н.Энхбаярыг өмгөөлж  биш хүний эрхийн шударга хууль­чийнхаа хувьд хэлэх үүрэгтэй. Үүнээс өмнө ч хүний эрхийн хуульч Ц.Монгол, М.Ичинноров нар дүгнэлтээ хэлсэн. Хо­жим хойно ч гэсэн ийм явдал гарвал бид үгээ хэлэх учиртай.

Түүнээс гадна  Монго­лын шоронд, хорих байранд хүний эрхийг  ноцтой  зөр­чиж байна,  хүнийг олон сар, жилээр үндэслэлгүй хорьж байна. Хэн нэгнийг үндэслэлгүй хорьж алдаа гаргасан бол төр уучлал гуйж , гарсан зардлыг нөхөн төлөх ёстой. Тухайн хүн  Анандбазар байна уу, өөр хэн байх нь хамаагүй.

-Монгол шоронжсон гэж ярьж, бичих болсон нь саяын таны ярьж байгаатай холбоотой байх.  Түүнээс гадна хорих байранд хүний эрх зөрчигдөж байгааг  хүний эрхийн хуульчийн хувьд та  юу гэж үзэж байна?

-Хорих байранд хүнийг тусгаарлан хорихдоо шүү­хийн шийдвэр гүйцэтгэх хуулиудыг ноцтой зөрчиж байгаа. Хорих байранд эрүү­гийн төлөөллүүд дур зоргоор авирладаг байж болохгүй.  УИХ-ын нэр бүхий гишүүд энэ асууд­лаар Монгол Улсын ерөн­хий прокурорт асуудал тавь­сан. Хорих байранд байгаа хүмүүсийн эрхийг зөрчиж , нар салхинд гаргах ёстой хуулийн зүйл заал­туудыг хэрэгжүүлэхгүй, нэг хүнд ногдох талбайн хэм­жээ заасан хэмжээнд хү­рэх­гүй, хорих байгууллагын ажилтнууд  хүмүүсийг сэт­гэлзүйн  болон бие мах­бодийн хувьд дарамтлах, зэвсэг хэрэгслийг дур зор­гоор хэрэглэдэг асуудал байна.  Үүнд прокурорын байгууллага хяналт тавьж чадахгүй, үүргээ биелүү­лэх­гүй байна. Эмчлүүлэх, эрүүл байх  эрх тухайн хүн хоригдол, ялтан байх эсэ­хээс үл хамаарч  бүх хүнд хуулиар олгогдсон. Яагаад гэвэл тэр хүн эрхээ хяз­гаарлуулчихсан байгаа. Тиймээс төр тэр үүргийг нь өөртөө хүлээж байгаа юм. Тухайн хүн Н.Энхбаяр байна уу, өөр нэгэн хориг­дол байна уу, хүнд өвчтэй бол эмчлүүлэх эрхтэй. Эм­чилгээг нь хорих байгуул­лага өөрийн төвшинд хан­гах ёстой. Чадахгүй бол мэргэжлийн байгууллагад хандах учиртай. Гэтэл тэгэх­гүйгээр энэ өвөлжин хаваржин маргаан боллоо.

-Энэ талаар ямар жишээ, баримт байна?

-Бидний сүүлд танилц­сан мэдээллээр Н.Энхбая­рыг агаар, салхинд гарга­даггүй юм байна. Энэ чинь хуультай шүү дээ, өдөрт хэдэн минут агаарт гарах ёстой вэ гэдгийг тодорхой заачихсан байгаа. Хоригдол баримт бичиг боловсруулах,  ном зохиол унших эрхтэй. Дэлхийн түүхэнд алдартай зохиол бүтээлээ шоронд хоригдож  байхдаа бичиж туурвисан олон хүн бий. Гэтэл бичиг, цаасыг нь хүртэл хурааж авдаг асуу­дал байна. Энэ ардчилсан Монгол Улсад байж болох­гүй хүний эрхийн завхрал. Германы концлагерьт Муссо Жалилийн бичсэн  алдарт зохиолууд байна. Юлиус Фучикийн бичлэ­гүүд  байна. Энд би жирийн хүмүүсийг нэрлэж байна, улс төрийн том зүтгэлт­нүүдийг яриагүй. Ер нь олон том улстөрч өөрийн бүтээлүүдийг  шоронд байх­даа бичсэн  байдаг. Зохиол бүтээл бичих, түүнийгээ хүн ардад хүргэх эрх бүх хүнд бий. Тухайн хүн улс төрч байна уу, зохиолч байна уу хамаагүй. Гэтэл энэ эрхийг нь хязгаарлаж, хорих гэсэн оролдлого мон­голд байдаг юм байна. Тэгэхээр Монголын шорон  фашистын концлагериас дор болчихсон байна гэж үү.  Факт үүнийг гэрчилж байна шүү дээ. Н.Энхбаяр байна уу, хэн байна хамаа­гүй, шоронд яруу найраг, зохиол бүтээлээ туурвиж, бичиг цаас оролдох эрхтэй. Учир нь тэр хүмүүс урьд­чилсан мөрдөн байцаалтад байгаа биш.  Цаашлаад ярих юм бол 2012 оны сон­гуулийн үеэр Н.Энхбаярыг хотоос гарч болохгүй гэж хүмүүстэй уулзах эрхийг хассан нь улс төрийн шууд захиалгатай  байсан нь хэнд ч ойлгомжтой. Яагаад гэвэл сонгуульд нөлөөлчихнө гэж айсан. Түүнээс өөр зүйл байхгүй. Тэгэхээр тэр бол хүний эрхийн маш том зөрчил.Шүүхээр ял шийт­гэл ногдуулаагүй нөхцөлд хүн сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй. Гэтэл сонгуу­лийн өмнө дайраад баривч­лах жишээтэй. Эндээс нэг зүйлийг ойлгомжтой байгаа нь тэр хүнийг сонгуулийн өмнө барьж хорь, тэгэхгүй бол бидний санал бага бол­чих  гээд байна гэдэг үүр­гийг улс төрчид л өгсөн байгаа. Үүнийг нь шүүх биелүүлж байна. Үүгээрээ шүүх үүргээ хараат байдалд биелүүлж байна гэсэн мессэжийг олон нийтэд өгчихөж байна. 

-Н.Энхбаярт холбог­дуулсан хэргийг хуульчийн хувьд юу гэж үздэг вэ?

-Н.Энхбаярт  таван асууд­лаар хэрэг үүсгэсэн. Түүний гурав нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болс­ноор хэлмэгдүүлэлт гэдэг нь нийгэмд хүлээн зөвшөө­рөгдсөн. Үлдсэн хоёр асуу­дал ч хэрэг гэж үзэхэд учир дутагдалтай. Нэг нь эвдэрч нурсан барилгын газрын асуудал. Нөгөө нь хувьч­лалын шинжтэй иргэний маргаан. Хэрэгсэхгүй бол­гож, цагаатгах үндэслэлтэй. Арав гаруй жилийн өмнөх  асуудлууд, залилангийн болон татвараас зугтсан, бултсан хэргүүдийг  өнөө­дөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаа­чихдаг. Гэтэл  хов живийн чанартай зүйлээр хэрэг үүсгээд явж байгаа нь мөн л захиалгатай гэдгийг ха­руулж байгаа юм биш үү.  Өнөөдөр нэг талаас Олон улсын хүний эрхийн бай­гууллага, Европын хол­бооны хүний эрхийн ко­мисст Монгол Улс цаазаар авах ялыг халж, хүний эрхийг хэрэгжүүлсэн  орон гээд хамтын ажиллагааны тайландаа тусгаж байхад бид дотоодоо хүний эрхийг ноцтой зөрчөөд сууж байна. Харамсалтай нь үүнийг Ерөнхийлөгч нь ч, Монго­лын төр  болоод хууль хя­нал­тын байгууллагууд нь ч сонсдоггүй. Тэгсэн атлаа өөрсдийгөө ардчилсан гэж цээжээ дэлддэг улс Монгол л байна. Ардчилал, хүний эрх бол нэг юмны хоёр тал. Нэг гараараа сайн үйл хийж, нөгөө гараараа хууль зөрчдөг байж болохгүй шүү дээ.

-Сүүлийн үед дуучин  Бааварын асуудал  анхаа­рал татаж байна? 

-Тэр залууг танихгүй. Ар гэрийнхэн нь өргөдөл бич­сэнээ авчирч өгсөн. Асууд­лыг хэвлэл, мэдээллийнхэн болон хуулийн байгуул­лагынхнаас лавласан. Одоо­гийн байгаа байдал, гарцаагүй баримтаар аваад үзэхэд  Монголын хорих  байгууллагууд хүний эр­хийг онц ноцтойгоор зөр­чиж байгаа юм байна. 1970-1980-аад онд цэргийнхэн дотор  дээд оныхон нь доод оныхноо дээрэлхэж байсан тэр нөхцөл байдлаас дор болжээ. Би түрүүнд хэлсэн, нийгмээс тусгаарлаад, тус­гайлсан хорих байранд бай­гаа хүний амь нас, эрүүл мэнд, баталгаатай хангад­сан байх ёстой. Үүний тө­лөө төр үүрэг хүлээсэн. Гэтэл үүргээ биелүүлдэггүй юм байна. Хариуцлагаа ч  хүлээдэггүй юм байна. Хо­рих байранд  байдал маш замбараагүй,  хянагч нарын дур зоргын үйл ажил­ла­гаагаар явдаг юм байна. Баавар гэдэг нь сайн хүн үү, муу хүн үү гэдгийг би мэ­дэхгүй. Гагцхүү тэр хүнийг төр эрүүл байлгах үүргийг хүлээх ёстой. Гэтэл гавтай, дөнгөтэй, тэр нь хоорондоо холбоотойгоор сахилгын өрөөнд хийчихсэн. Тэгээд тэнд гал гарахад тэр хүн  өөрийгөө хамгаалах , галын аюулаас зугтах, зайлсхийх боломжгүй. 1930-аад оны хэлмэгдүүлэлт, Дотоод яам­ны  байцаалт  ч хүний эр­хийг ингэж зөрчиж байгаа­гүй.  Төр үүрэг хүлээж байгаа шүү дээ. Засгийн газар, Хууль зүйн сайд, хорих байгууллагуудын дарга нар хариуцлага хү­лээх ёстой. Монголын хү­ний эрхийн асуудал дэлхий нийтэд хүрнэ. Монгол Улс хүний эрхийг зөрчиж бай­гаа нь маш ноцтой бөгөөд анхаарах ёстой асуудал.  Ийм байхад бид дуугүй сууж болохгүй. Монголын хүний эрхийн хуульчдын хувьд хэлж, ярих үүрэгтэй.

-Хууль хяналтын бай­гууллагад байгаа өөр ямар алдаа завхралыг олж харав?

-Бааварын тухайд хо­рих байгууллагын ганц хоёр ажилтанг ажлаас хал­сан болоод өнгөрлөө. Гэтэл хорих байгууллага нь бү­хэлдээ болохгүй. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь ч ноцтой байна. Би нэг удаагийн баримтаар хэлж байгаа юм биш. Бид 2003 оноос хорих ангиудад шал­галт хийж, шийдвэр гүйцэтгэлийн хуулиудыг ажлын хэсгийг би ахалж ажилласан. Тэр үед   “Би 10 сая төгрөгөө хүнд зали­луулчихлаа. Шүүхийн шийд­­вэр гүйцэтгэх бай­гуул­лага тэр мөнгийг гар­гуулж өгөхгүй байна”  гээд өргөдөл өгч байсан хүн  бий. УИХ-ын гишүүн, ажлын  хэсгийн ахлагчийн хувьд  асуудал тавьж, Чойжанцан даргад хүргүүлж байсан. Өнөөдөр тэр хохирогч  “Таны 10 шахам жилийн өмнө өгсөн үүрэг даалгавар огт биелээгүй. Нөгөө хул­гайч гадаад, дотоодгүй явж байдаг. Би өнөө хүртэл хохироод явж байна” гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийд­вэр гүйцэтгэгчид өр барагдуулсны 10 хувийг авч, үнэгүй орон сууцанд орцгоож байна. Гэтэл хо­хирсон хүн хохирсон дээрээ хохироод явж байж таа­рахгүй. Сүүлийн үед   бан­кууд өр хохирлоо олж ава­хын тулд  шийдвэр гүй­цэтгэлийн ажилтнуудын гарыг хүндрүүлдэг асуудал гарч байна. Ийм байхад  тэр эрхийг нь банкуудад нь өгчих л дөө, шийдвэр гүй­цэтгэлийнхэнд төсөв зарж, төрийн хувцас формоор хангаад яах юм бэ. Уг нь шүүхийн шийдвэр гүйцэт­гэхээс зайлсхийдэг хүмүү­сийг  барьж хорьж, нийг­мээс тусгаарлах ёстой. Хү­ний эрхийг хангах үүрэгтэй юм биш үү. ХЗХ-ын хохи­рогчдын асуудал байна. Битүүмжилсэн хөрөнгүүд хаачив,  тэр хүмүүс хохир­сон хэвээр,  байн байн жагсаал цуглаан хийж Тө­рийн ордон гороолоод, Ерөн­хий сайдыг улалзуу­лаад л.   Монгол Улсад хууль ингэтлээ завхарч байна. Авлигачид, албан  тушаалаа урвуулан ашиг­лагчид байна. Гэхдээ ганц Ардын намынхан ингэдэг гэвэл учир дутагдалтай. АН-ынхан ч тэр дотор бай­на. Өнөөдөр  нүүрс, алт, зэс гээд Монголын баялгийг сая сая ам.доллар болгоод гадаадын банкинд данс нээлгээд хийчихсэн хүн Монголын төрд дүүрэн бай­на шүү дээ. Үүнийг хууль, шүүхийн байгууллага, үзэл бодол, намаар ялгавар­лалгүй шударгаар шалган шүүж олон нийтэд харуу­лаад зогсохгүй хариуцлага хүлээлгэх учиртай. Тэгж байж олон нийт шударга байна гэж харна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *