Ц.Нямдорж: “Ийгл” телевизээс хүн байна уу, надтай уулзаарай

8-р сарын 1, 2012 10:23 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 371

М.ГАН

 

МАН-аас УИХ-д  нэр дэвшиж сон­гогдсон гишүүд өчигдөр хуралдлаа. Тэд цаг үеийн асуудлаар санал солилц­сон байна. Хаалттай хуралдааны үеэр гишүүд нь олон санал, шүүмжлэл хэлжээ. Тухайлбал, хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэлээд зүйл ярьцгаасан аж. Гишүүн Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нар хэвлэлийнхэнтэй ойр ажиллаж, тэднийг ашиглая гэсэн санал хэлсэн байна. УИХ-ын даргыг сонгох хуралдаанд оролцож, 24 цагийн дотор бүлгээ байгуулах саналаа өгөөгүй тул МАН УИХ-д бүлэггүй болж магадгүй байгаа. Гэхдээ энэ асуудлаар тус нам Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Цэц маргаан үүсгэх эсэхийг шийдээгүй ч гишүүн Ц.Нямдорж “Цэц дээр найдвар байхгүй. Тэгэхээр чуулганы хурал­даанд орцгооё. Гэхдээ яаран орох хэрэггүй. Өнөөдөр болж буй шүүх хурлын шийдвэрийг харах ёстой. Тэндээс бүх зүйл шалтгаална” гэсэн байна. Тэрээр мөн хэвлэл, мэ­дээл­­лийнхэнтэй хамтран ажиллаж, зарим телевиз, сонинд ярилцлага өгөх саналтайгаа хэлжээ.  Мөн Д.Дэмбэрэл гишүүн  нэг бол тэмцэх, үгүй бол бууж өгөөд гэлдрэх хоёрхон зам байгааг хэлсэн байна. Тэрээр өмнө нь хэвлэлд ярилцага өгөхдөө ч энэ тухай дурдаж байсан юм. Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшин “ Хэвлэл мэдээллийнхэнтэй хамт­ран ажиллаж, тэднийг дээд зэргээр ашиглах нь зүйтэй. Хэвлэл, мэдээл­лийг ашиглахгүйгээр орон нутгийн сонгуульд ялах­гүй. Тэднээр дамжуулж эерэг мэдээлэл цацаж, нөхцөл байдлыг өөрчлөх ёстой. Энэ талаар салбар хариуцсан нарийн бич­гийн дарга сайн ажиллах хэрэгтэй байна. Хэвлэл, мэдээллийн байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзаж, мөнгө төгрөг өгч гэрээ байгуулах талаар анхаарах хэрэгтэй. Надтай болон, манай ерөнхий нарийн бичгийн даргатай зарим сонин, телевизийн эрхлэгч уулзах санал тавьсан. Тэдэнтэй уулзъя. Ойрын үед энэ ажлыг хийе. Удирдах зөвлөлөө хуралдуулж энэ тухай хэлэлцье” гэсэн байна. Гурван цаг үргэлжилсэн хаалттай хуралдааны гол сэдэв нь хэвлэлийнхэн байжээ.

МАН-ынхан сонгуу­лийн үеэр хэвлэл, мэдээл­лийн байгууллагыг сайн ашиглаж сурталчилгаагаа цацаж чадаагүйгээс ялагдсан гэж Бага хурлын үеэр зарим гишүүн ярьсан мэдээлэл бий. Энэ нь үнэний ортой бололтой. Тэд алдаагаа засахын тулд мэдээллийн салбарыг ашиглах талаар анхаарах гэнэ. Намын удирдлагын төвшинд ч энэ салбарыг ашиглаж ард түмэнд эерэг мэдээлэл хүргэх шаард­лагатайг ярилцсан байгаа юм. “Аль болох нээлттэй байя, сэтгүүлчдэд ил тод мэдээлэл өгдөг болъё, алийн болгон зугтаж хойш суух билээ” гэсэн саналыг олон гишүүн хэлжээ. Хуралдааны төгсгөлд улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх чиглэлийг бүлгийн даргад нэр дэвшүүлсэн Н.Энх­болд гишүүнд өгчээ. Ин­гэхдээ МАН-ынхан хууль зөрчөөгүй, зөвшилцөх ёстой гэсэн байр сууриа хамгаалж, аль болох эерэг мэдээлэл өгөхийг зааварчилсан байна.

Хурал дууссаны дараа Н.Энхболд, Ц.Нямдорж нар танхимд үлдсэн байв. Гишүүн Ц.Нямдорж “Ийгл телевизээс хүн байна уу. Надтай уулзаарай” гэж хэлээд гарав. Тэрээр хэвлэлд нээлттэй хүн болж, ярилцлага өгөх саналаа хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ бололтой. Харин гишүүдийн гурван цаг ярилцсан хуралдаанаар хэвлэлд нээлттэй, ил тод байх саналыг Н.Энхболд гишүүн хэрэгжүүлсэнгүй. Тэрээр хуралдааны талаар товчхон мэдээлэл өгөөд, асуултад хариулахаас татгалзсан юм. Хаалттай хаалганы цаана намын даргаасаа авсан зааврын дагуу Н.Энхболд мэдээлэл өглөө. Тэрээр “Манай нам чуулганы хуралдааныг гацаагаагүй. Хуулийн дагуу ажиллаж байгаа. Зөвшилцөх ёстой гэсэн байр суурь хэвээр байна. Зөвшилцөл гэдэг нэгэндээ нэг зүйл дуулгаад орхидог юм биш. Албан ёсоор харилцан ярилцах ёстой. Бид зөвшилцөнө, ярилцана, ойлголцоно. Өвөрхангай аймгаас сонгогдож түр үнэмлэхээ авсан манай хоёр гишүүн тангараг өргөх ёстой. Тэдэнтэй холбоотой шүүхийн шийдвэр хууль зөрчсөн” гэв.

Энэ мэдээллээс үзвэл тэд зөвшилцөх, ойлголцох гарцыг хайж байгаа бололтой. Нөгөө талаар УИХ-ын даргыг сонгосон нь хууль зөрчсөн гэж тус намын Цэцэд хандсан маргаан ямар ч найдваргүй  нь тодорхой болжээ. Хэрэв өөр гарц байгаа бол МАН байр сууриа хатуу хамгаалах байв. Ямар боловч Ардчилсан намтай яриа, хэлэлцээ хийж ойлголцох хүсэл Ардын намд байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *