Ц.Нямдорж: 50 сая вонтой холбоотой солонгос иргэнийг ч шалга

11-р сарын 17, 2017 7:50 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 8
11-17-1

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцлээ.  ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудалд нээлттэй сонсгол зохион байгуулах нь зөв эсэх асуудлаар гишүүд нэлээд хүчтэй байр, суурь илэрхийлж байв. Хуралдааны өмнө УИХ-ын тамгын газраас нээлттэй сонсгол явуулах шаардлагагүй гэсэн тайлбар хийсэн нь зарим гишүүдийн дургүйцлийг хүргэсэн. Ингээд хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд санал хэлэв.

УИХ-Д ТОМИЛГООНЫ СОНСГОЛ ХИЙХ ЭРХ БИЙ /УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан/

-Тамгын газрын дарга та өөрийнхөөрөө дутуу дулимаг тайлбарлаж болохгүй. Нийтийн ашиг сонирхлыг хөндөж болохуйц үндэслэлтэй гэж бид үзсэн. Элчин сайд гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа гэдэг утгаар юм. Тиймээс томилгооны сонсгол хийх эрх нь УИХ-д бий.

О.БААСАНХҮҮ ШИГ БААСНЫ ҮГЭЭР ЯВАХГҮЙ, ЗА ЮУ

/УИХ-ын гишүүн Ж.Батзандан/

-Би одоо бөлдөгтэй хүмүүс гэж ярихаа больё. Бурантагтай гишүүд нээлттэй сонсгол явуулахыг их эсэргүүцэж байна. Тусгай албан гэдэг бол нийтийн эрх ашгийг хамгаалдаг төрийн алба юм. Тагнуулын байгууллага чинь зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалдаг юм уу, нийтийн эрх ашгийг хамгаалдаг юм уу. Хууль мэдэхгүй гишүүдийн үгийг битгий тоо. Урагшаа хараад яв. Б.Хурцын машины хонины хонхорт явдаг хүмүүсийн үгээр явахгүй. О.Баасанхүү шиг баасны үгээр бүр ч явахгүй, за юу. Ийм тагнуулын гар хөл болсон хэдэн гишүүнээр ажлаа заалгахгүй. О.Баасанхүү бол миний араас явсан хуульч нэртэй хулгайч байгаа юм.

УИХ-ЫН ДАРГА ТА ГИШҮҮДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

/УИХ-ын гишүүн Ц.Нямдорж/

-Би өчигдөр Засгийн газрын хуралтай байсан тул байнгын хороонд сууж чадаагүй. Гэртээ хариад телевиз үзлээ.  Томилгоо авах гэж байсан хүн ноцтой асуудал ярьсан. Тэр дотор миний нэрийг оруулсан байна. Л.Болдод хандаж зэвсгийн наймаа хийсэн, таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн, таниас болж хоёр хүн цаазлуулсан гэсэн. Ингээд төгсгөлд нь Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн. Би гайхаад, тийм бичиг ирсэн эсэхийг яамны ажилтнуудаар хайлгалаа. ТЕГ-тай ярилаа, цагдаатай ярилаа. Тэдэнд тийм бичиг байхгүй гэж мэдэгдэж байна. Гадаад харилцааны яаманд ирсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бол нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо. Би бол Хойд Солонгосын асуудал сонсоогүй одоо сонсож байна. Тэгэхээр энэ томилгоог хойшлуулаад, яриад байгаа зүйлийг нь тодруулах хэрэгтэй. Л.Болдоос болоод ямар хоёр хүн цаазлуулж, Л.Болдод ямар бичиг ирсэн юм бэ. Түүнийг тодруулах хэрэгтэй. УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах үүрэгтэй.

ТӨРИЙН НУУЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА

/УИХ-ын гишүүн Л.Болд/

-Энд Монгол төрийн онцгой анхаарах ёстой асуудал хөндөгдөж байна. БНСУ-д суух Элчин сайдыг томилох гэж байхад Хойд Солонгостой холбоотой асуудал ярьсан. Үүний хариултыг Монголд төдийгүй, олон улсад өгөх ёстой боллоо. Энэ асуудлаа шийдэж байж томилгоог явуулахгүй бол хөнгөн хандах бололцоогүй болсон. Дээр нь УИХ-ын нэр хүнд, улсын нууц, төрийн нууцтай холбоотой асуудал байгаа. Би хүний эрхийн тухай ярьж байхад огт хамаагүй хариулт өгсөн. Тэгэхээр хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгнө үү. УИХ-ын дарга та гишүүдийн нэр төр эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр үүргээ биелүүлнэ гэж найдаж байна.

Б.ХУРЦЫН ТОМИЛГОО ХОЙШЛОВ

Ийнхүү Б.Хурцын  Байнгын хороон дээр ярьсан зүйлийн учрыг олохгүйгээр Элчин сайдын томилгоог явуулж болохгүй гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ц.Нямдорж, Ж.Батзандан нар үзэв. Мөн гишүүдийн нэр хүндэд халдсан мэдэгдэл хийсэн тул гишүүдийнхээ эрхийг хамгаалах ёстой хэмээн УИХ-ын даргаас хүсэв.  Ингээд нийтийн сонсгол явуулах тухай горимын саналаар биш гишүүний нэр хүндтэй холбоотой асуудлаар тодруулах шаардлагатай байгаа тул Элчин сайдын томилгоог хойшлуулах санал гаргаж гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжиж,  Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хойшлуулав.  Түүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тогтоолын төслийг гишүүдийн 67,9 хувь нь дэмжсэн юм. Энэ асуудлаар гишүүд “Арилжааны банкнуудын зээлийн хүүг бууруулах тал дээр Монголбанкныхан анхаарч өгөөч ээ” гэдгийг хэлэв.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Засгийн газрын үнэт цаас маш өндөр хүүтэй борлуулагдаж байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулах гол үндэслэл бол эдийн засгийн ерөнхий орчныг сайжруулах, том төсөл хөтөлбөр эргэлтэд орох явдал юм” гэлээ.  Үүний дараа Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж эхлэв. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Сү.Батболд бол гишүүдэд Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав, Н.Энхболд нар багтдаг. Тусгай хяналтын дэд хороонд байсан Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар Засгийн газрын гишүүн болсон тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хоёр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилох саналыг байнгын хорооноос ирүүлсэн байна.  Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын нэрийг УИХ-д оруулж ирээд хэлэлцэж баталлаа. Хуралдааны үед УИХ-ын гишүүн Л.Болд дэд хорооны гишүүн болох хүсэлт гаргав. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дэд хороонд нэр дэвшсэн гишүүдийн санал хураалтыг нууцаар хураах нь буруу хэмээн шүүмжилсэн.

ТӨРИЙН СОНГУУЛЬД ГАДНЫХАН ОРОЛЦДОГ БОЛЛОО

/УИХын гишүүн  Ц.Нямдорж/

-Монголын тусгай алба хяналтаас гарлаа. Улс төрийн илэрхий үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улс төрийн сонгуулиар гадныхныг оролцуулж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг боллоо. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрхий мэдэгдээд байсан. Тэр С.Ганбаатарын 50 сая вон, хоёр хүний утасны яриа гэх мэт зүйлийг шалгах хэрэгтэй. Би байнгын хорооны хурлыг хараад гайхсан. “Ярьчих уу ай” гэж айлгаад, хүзүүгээ хөдөлгөөд юу болоод байгаа юм. Энэ асуудлынхаа учрыг ол. Аймхай хүмүүсийг дэд хорооноос гарга. Айдаггүй хүмүүсийг оруулж шалга. Бүр шаардлагатай бол байнгын хорооны статустай болгоод, гишүүдийн тоог нь нэм.

ДЭД ХОРООГООР ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖГҮЙ

/УИХ-ын гишүүн С.Батболд/

-Тусгай хяналтын дэд хорооны зарчим, үйл ажиллагаа хангагдаж ирсэн. Ямар нэг улс төрийн өнгө аяст тохируулж хөдлөх ёсгүй. Яагаад гэвэл үүрэг нь тийм биш. Дэд хороо бол улсын нууц, төрийн нууц, хил хамгаалалтын асуудлыг зохицуулсан хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. Түүнээс биш хүний эрх болон бусад асуудлыг хэлэлцэх эрх байхгүй. Өмнө нь 2004 онд гурав, 2008 онд гурав, 2012 оноос дөрөв, 2016 оноос таван гишүүнтэй болсон. Ингээд хоёр гишүүн дэд хорооноос гарсан учраас квот дээр нь өрсөлдөж байгаа асуудал юм.

Гэвч УИХ дахь АН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны гишүүн орон, гарсан асуудлаар нэг хоногийн завсарлага авлаа. Ийнхүү Б.Хурцын асуудал өнөөдөр ч  чуулганы танхимын гол сэдэв байлаа. Нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтэй байгаа гишүүд тэмцсэний  хүчинд томилгоог хойшлуулж чадлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *