Ц.Нандигжав: Н.Төгсцогт дахин хоёр ч олимпод амжилттай оролцох боломжтой

10-р сарын 4, 2012 11:10 am Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 415

Д.ЖАВХЛАН

 

 

-Таныг боксын спорт­той хэр­хэн холбогдсон тухай түү­хээс ярилцлагаа эхэлье. Энэ хүр­тэл явж ирсэн зам, багш нарынхаа тухай товчхон яриач?

-Би Говь-Алтай ай­магт 10 жилийн сургууль төгсч, 1977 онд Монгол Улсын Гавьяат тамирчин, Ази тивийн аварга Х.Ал­тан­хуяг багшийн удирд­лагад бок­соор  хичээллэ­сэн. Түүнээс хойш өнөөд­рийг хүртэл 35 жил боксын спортод  бие сэтгэлээ зо­риул­лаа. Цаг хугацаа хар­ва­сан сум шиг өнгөрсөн байна.  

-Та Монголын боксын спортод олон жил зүтгэснийх алтан үеийнхнээс эхлээд бүх  л үеийнхний  амжилт ялалт, уналтыг дүгнэж хэлэх эрхтэй хүний нэг болов уу?

-Монголд боксын спорт 1948 оноос хөгжсөн гэж ярьдаг. Таван жилийн хугацаанд тодорхой шалтгааны улмаас хаагдаж байгаад, 1968 онд эргэж  сэргэсэн түүхтэй. Тэр үеэс эхлэн  1970, 1971 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Алтанхуяг багш дараалан түрүүлснээр  боксын спортын суурь бэхжсэн гэж үздэг юм. Өнөөдрийн амжилт бол үе үеийн боксчдын хөлс хүч, нөр их хөдөлмөр шингэсэн зүйл.

-Боксын спортын улсын аваргын анхны тэмцээний  тухай сонирхолтой мэдээлэл дуулддаг. Тэр талаар юу хэлэх вэ?

-1962 оноос өмнө улсын аваргын тэмцээнийг  Сүхбаатарын талбайд жин, насны ангилалгүй зохиож байсан гэдэг. Тэр үеийн улсын аваргад Р.Зориг гуай олон түрүү авч байсан юм билээ.

-Манай боксчдын амжилтын давалгаа Т.Үйтүмэн гавьяатаас хойш  хэсэг замхарсан гэж ойлгож болох уу?

-Ер нь сайн тамирчны амжилт гаргах хугацаа нь арван жил байдаг болов уу гэж  боддог. Т.Үйтүмэнгийн хувьд 1997 оны үед ид мандаж байсан. Тэр үеийн эдийн засгийн байдал сайнгүй байлаа. Тэмцээн уралдаанд явах зардал мөнгө хомс, ямар сайндаа Дэлхийн аваргын тэмцээний зардлаа явах өдрийнхөө өглөө нь зохицуулж байхав дээ. Т.Үйтүмэн алтан үеийн ч юм уу, одоогийн хангамж сайтай үед тулалдсан бол Олимп, дэлхийн аваргын тэмцээнд аваргалчих боломж байсан. Харамсалтай нь түүний үед шигшээ баг таван тамирчин, нэг дасгалжуулагчтай, тэмцээн уралдаан цөөн болдог байсан болохоор ур чадвар амжилт гаргах нөхцөл хомс байсан юм.

-Та түрүүнд  нэг тамирчны оргил үе арван үргэлжилдэг гэлээ. Тэгвэл 2005 онд Д.Банди багшийн гаргаж ирсэн  тамирчид ирэх олимпод юм дуулгачих юм биш биз?

-Би ч биш манай боксынхон Д.Бан­ди багшаар бахархдаг. 2005 онд шигшээ багийг хүлээж авахад О.Батхүү, Д.Отгон­баяр, Т.Бадрах зэрэг сайн тамирчид бэлтгэгдэж байсан юм. Тухайн үеийн эдийн засгийн байдал муу байсан болохоор ирээдүйгээ бодсон уу, Америкт тэмцээнд яваад тэндээ үлдчихсэн. Тэдний дунд олимп,  дэлхийн аварга болох хэмжээний тамирчид байсан. Тухайн үед бүгд  л хорин хэдтэй эрч хүчтэй   залуу хүүхдүүд байсан. Ид амжилт гаргах насандаа байлаа. Нэг ч тамирчингүй үлдсэн  Д.Банди багш маань Э.Бадар-Ууган, П.Сэр­дамба нарыг хэрхэн  хүлээн авч  дасгалжуу­лагчийн ур чадвараа харуулсныг дэлхий даяар мэдэж байгаа. Сүүлийн хэдэн жил Д.Банди багшийн бэлдсэн шавь нар олимп, тив дэлхийн тэмцээнүүдээс авах ёстой бүх медалиудаа  авч чадсан. Н.Төгсцогтоор жишээ татахад  л энэ залуу хэрэв бэртэл гэмтэл авчихгүй л бол манай боксынхон  ойрын хэдэн жилдээ уналтад орохгүй. Яагаад гэвэл, Н.Төгсцогтыг дагаад жингийн тамирчид болоод хамт бэлтгэл хийж байгаа бусад тамирчдын сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг. Н.Төгсцогтын амжилт Монголын боксын хөгжлийг ойрын арван жилдээ тодорхойлно. Н.Төгсцогт дахин хоёр ч олимпод амжилттай оролцох боломжтой.

-Д.Банди багш дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгснөөс хойш  олимпийн медалийн өнгө бүдгэрсэн. Танай боксын холбоо Д.Банди гэж мун­даг дасгалжуулагчийнхаа ур чадвар, туршлагыг ашиглаж болдоггүй юм уу?

-Мэргэжлийн хүмүүс бүгд таны ярьсантай санал нэг байгаа. Манай боксынхон энэ олимпод илүү амжилт гаргах боломж байсан. Мөн 56 кг-ын жинд Д.Отгондалай, 60 кг-ын жинд Б.Жавхлан нар олимпоос медаль авах  боломж ойрхон  байсныг би  олон жил шүүгч хийснийхээ  хувьд хэлж чадна. Учир нь олимпийн эрх олгох тэмцээнд Д.Отгондалайг ялж эрхээ авсан Ирландын тамирчинг манай Отгоо эрх олгох тэмцээнд илт давуу ялж байсан юм шүү дээ. Тэр тулаанд хэн ялсан нь олимпод оролцох байлаа. Д.Отгондалайг ялж олимпод оролцсон тамирчин жиндээ  мөнгөн медаль авсан. Хэрэв Д.Отгондалай олимпод орсон бол  аварга болчиход хэн ч гайхахааргүй сайн тамирчин.

-Ирэх олимпод Д.Отгондалай амжилт гаргах болов уу. Нас нь нэлээд  явчихлаа шүү дээ?

-2016 оны олимпод 28 настай зодоглоно, яагаад болохгүй гэж. Амжилт гаргаж болох нас шүү дээ. Түүний зэрэгцээ  хэд хэдэн залуу тамирчин анхаарлын төвд  бэлтгэл хийж  байна. Эдгээр тамирчдын чадвар ахих нь шууд багш дасгалжуулагчаас шалтгаална. Энэ олимпод зодоглосон дөрвөн боксчин  бүгдээрээ медаль хүртэх боломжтой байсан юм.

-Та олон жил тив, дэлхийн том тэмцээнийг шүүсэн туршлагатай хүн. Энэ олимпод манай тамирчдыг үнэн зөв шүүсэн үү. Энэ талаар юу хэлэх вэ? 

-Лондоны олимпийн боксын тулааныг бүгдийг үзсэн. Харьцангуй шударга шүүсэн гэж дүгнэж байгаа. Шүүлтийн талаар дөрвөн санал гомдол ирсэн нь түүхэнд гарч байгаагүй эерэг үзүүлэлт юм.

-69 кг-ын жинд тулалдсан Б.Түвшинбатын оноог шүүгчид  илт дараад байх шиг санагдсан?

-Би тэгж бодохгүй байна. Зурагтаар харах рингэний хажуугаас шүүх  өөр. Миний хувьд телевизийн бичлэгээс  хараад тоолоход шүүгчийн шийдвэрээс хол зөрөөгүй. 

-Нэг асуулт байна. Танай боксынхныг  дотроо талцаж, хагаралддаг гэх юм?

-Өнгөрсөн жилээс биднийг хэд хуваагдсан гэж ярих болсон. Олны дотор  сайн хүн бий,  муу нь ч  бий. Муу хүн байлаа гээд түлхэж болохгүй. Манай холбооны ерөнхийлөгч байсан Д.Цогбаатар гэдэг хүн боксын өсвөр үе, залуучууд, ахмад тамирчдыг сайн холбож, гол нь эв эеийг сахин ажилладаг байсан. Манай ширэн бээлийтнүүд аль ч спортынхноос илүү эвтэй байдаг.

-Боксын холбоо мафийн шинжтэй ажил явуулдаг гэх яриа гараад удаж байгаа?

-Монголын боксын холбоо буруу,  зөрүү ажил явуулдаг гэх утгатай захидал Олон улсын боксын холбоонд очсон юм билээ. Энэ асуудалд холбооны хуучин ерөнхийлөгч Д.Цогбаатар ах, Т.Үйтүмэн бид гурвыг холбож  сонин хэвлэлээр бичсэн. Тийм зүйл байхгүй, бид тийм зүйл хийх хүмүүс биш  гэдгийг албан ёсоор хэлье.

-Юун тухай өргөдөл явуулсныг та мэдэж байна уу?

-Монголын бүх ард түмний спарткиадад боксын зарим жингийн тамирчдын тоог  нэмж,  хасч оруулсан гэж бичсэн байна лээ. Хэрэв энэ нь үнэн бол дүрмийн ноцтой зөрчил юм. Ц.Бат-Энх захиралд буруу өгч болохгүй л дээ, бокс мэдэхгүй хүнд юу ч  гэж хэлмээр юм бэ.

-Одоо асуултаа жаахан өөрчилье. Ингэхэд агуу боксчин гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Олимп,  дэлхийн аварга тамирчдыг шүүж байхад Тайландын боксчин Сомлун Камсин гэх боксчныг шүүхэд урамтай байдаг. Түүний цохилт бүр оновчтой,  тодорхой харагддаг. Бүх цаг үеийн шилдэг боксчин гэвэл Америкийн алдарт боксчин Сөүлийн Олимпийн мөнгөн медальт Рой Жонс гэж агуу боксчин байсан. Тэр  Сөүлийн Олимпийн наадамд финалын тоглолтод Солонгосын тамирчинг эгээтэй л алчихаагүй /инээв/.  Том тэмцээний үеэр шүүгч нарт Рой Жонсын түүхийг давтаж болохгүй шүү гэж сануулдаг. Тэр явдлын дараахан боксын спортыг олимпийн тоглолтоос хасья гэсэн  санал гарч эхэлсэн юм. Рой Жонс  мундаг боксчноос гадна гайхалтай сагсчин.

-Ирэх олимпийн өнгийг хэрхэн харж байна?

-Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох залуу тамирчид 2016 оны олимпийн наадмын өнгийг тодорхойлно. Тэндээс л хэн нь хэн бэ гэдэг нь тодорхой харагдана даа.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *