Ц.Лхагважаргал: Мөнгө гэж явсаар бид үнэт зүйлсээ алдаж гүйцлээ

4-р сарын 5, 2017 9:09 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 33
4-5-4х

Л.ЦЭЦЭГЖАРГАЛ

Бизнес  хөгжилбуландЖаргал кашмерХХКийн захирал Ц.Лхагважаргалыг урьж ярилцлаа.

 4-5-4

Их дэлгүүрт байгаа ноолуурын хэсэгт борлуу­лалт хийдэг компаниудаас ганц танайх л хүүхдийн хувцас зардаг юм бай­на. Хүүхдийн хувцас үйлдвэр­лэдэг компани цөөхөн байдаг уу?

Манай бүтээгдэхүү­ний 80 хувь нь хүүхдэд зориулагдсан. “Говь” “Гоёо”-ийнхон хүүх­дийн ноолууран хув­цас үйлдвэрлэдэг бо­ловч манайх шиг их хэм­жээ­гээр үйлд­вэр­лэдэг­гүй. Хүүх­дийн ноолууран хув­цас үйлдвэрлэх нь том хүний хувцас үйлд­вэр­лэхтэй яг адил ажил­ла­гаатай байдаг учраас ийм үйлд­­вэр цөөн. Том хүний цамц 200 мянган төг­рөгөөр зарагдаж бай­хад, хүүхдийн хувцас дөр­­вийг зарж байж тэр хэм­жээний орлого олдог болохоор бас ч буруутгах аргагүй юм.

Хүүхдийн ноолууран хувцсыг ойр ойрхон угаах шаардлагатай байдаг учраас гараар чимэглэдэг. Бид гар урлалыг эрхэмлэдэг учраас гоёл чимэглэлийн туслах  материалаа чанартайг нь сонгож Солонгосоос  авчирдаг.

Ажиллагаа  ихтэй ашиггүй үйлдвэрлэлийг та яагаад хийдэг юм бэ. Ашиг олох гэж л  бизнес хийдэг биш билүү

 –Би хийхгүй  бол  өөр хэн хийнэ гэж. Жижиг бизнес хийлээ гэх хүмүүс байдаг л юм. Жижиг хүүхдийн хувцас хийж байгаа юм чинь  жижиг л байна шүү дээ. Яг үнэндээ үйлдвэрлэл  цомхон байх тусмаа хяналттай амар байдагЯахав өнөөдөр  хямралтай  нөхцөл  байдал  хүнд  байгаа ч, амьдралын маань бүх  зүйл хүүхэдтэй холбоотой учраас хүүхдийн хувцас үйлдвэрлэхдээ би дуртай байдаг. Уур  амьсгал амьдралын хэв маягаас хамаараад монгол хүний биед ноолууран хувцас хамгийн их тохирдог гэж би боддог.  

Гадны  зах зээлд  бүтээгдэхүүнээ  гаргаж амжсан уу. Аль аль улсад борлуулалт  хийж байгаа вэ?

Солонгост онлайнаар худалдаа хийдэг албан ёсны салбар бий. Манай бүтээгдэхүүний ихэнх хувь нь тэнд зарагдаж байна. Солонгос хүүхдийн хувцасны өнгө, монгол хүүхдийн хувцаснаас тэс өөр. Зөөлөн даруу бүрсгэр өнгийг тэд захиалж хийлгэдэг. Харин монгол хүүхдийн  хувцас илүү тод  өнгөөр хийгддэг. Хүүхэд өөрөө цэцэг шиг хөөрхөн  учраас хурц тод өнгийн хувцас өмсгөх нь илүү гоё. Монголчуудын ихэнх нь банкны зээлтэй өнөө маргаашаа яая гэж байгаа болохоор хүүхэддээ хувцас авах нь эрс багассан. Бид Солонгост борлуулалт хийсэн мөнгөөрөө л ажилчдынхаа цалинг арай гэж тавьж байна даа.

Танай  үйлдвэр хэдэн ажилтантай вэ?

Манайд  22 хүн ажилладагаас дөрөв нь хөгжлийн  бэрхшээлтэй, 70  гаруй хувь нь өрх  толгойлсон эмэгтэйчүүд. Тэдний цаана 3-4 хүн байгаа гэж бодохоор 100-аад хүний  амьдрал  манай үйлдвэрээс хамаарч байна. Зарим нь ч төрөөд удалгүй ажилдаа ормоор байна гээд хүүхдээ тэврээд ирнэ. Бид үйлдвэрийнхээ хоёр давхарт цэцэрлэг байгуулж, хүүхдүүдийг нь авдаг болсноор ажилчид маань санаа зовох зүйлгүй ажлаа амар тайван хийх нөхцөл бүрдсэн. Хүүхдүүд гүйлдээд л, уйлах  нь уйлалдсан амьд орчинд үйлдвэрлэгдсэн хувцас хүүхдүүдэд хүрч байгаа гэж бодохоор сэтгэл сайхан байдаг

Нэг үеэ бодвол иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг  хичээдэг болжээ. Тэр хэмжээгээр  гадагшаа  чиглэсэн эдийн засгийн урсгал саарна гэдгийг ч ойлгодог  болж. Үүний ач холбогдлыг  үйлдвэрлэгч та  бүхэн хамгийн түрүүнд мэдэрч  байгаа байх?

Тэгэлгүй  яахав. Монгол  хүн л Монгол Улсаа хөгжүүлнэ. Миний хувьд хүнсний болоод ахуйн  хэрэглээндээ үндэснийхээ бүтээгдэхүүнийг сонгодог. Энэ бүтээгдэхүүний цаана   ажилчдынхаа  цалинг тавих гэсэн нэгэн, над шиг л хүлээгээд сууж байгаа гэсэн бодол хамгийн түрүүнд  бодогддог. Энэ мэтээр Монголчууд бүгд эх оронч сэтгэхүйгээр хандаад сурчихвал үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэнэ. Хэдий технологи нь гаднаас орж  ирж байгаа ч үйлдвэрлэл хийж байгаа хүмүүс нь монголчууд. Эрүүл сайхан залуусаагадагшаа  гаргах биш Монголдоо ажлын байртай болгох хэрэгтэй. Цаашлаад ажлын байр гаргаж байгаа хүмүүсийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрүүд нийгмийн даатгал, татвартаа дарамтлуулж байгаа ч яаж ийж байгаад хямралыг давах санаатай үйлдвэрлэлээ авч  явж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд байх тусам илүү хөгжиж, бүтээгдэхүүнээ сайжруулаад явах  боломжтой болно. Үйлдвэрлэл  гэж  ерөөсөө л тэр. Бидэнд мөнгө орж ирээд байвал технологийн  шинэчлэлтээ хийж, загвараа сайжруулаад явна. Хямралтай байхад олон хүн цалинжуулаад, үйлдвэрлэлээ зогсоовол таарна гэж намайг зэмлэх хүн олон байдаг. Заримдаа  ч шантрах үе гарна. Түүхий эдээ авч чадахгүй үе ч байна. Гэхдээ энэ  хямралыг давчих санаатай бүсээ чангалаад л тэсч үлдэхийг хичээж байна.

Хавар болохоор  л  ноолуурын үнэ нэмэгдлээ, үндэсний компаниуд түүхий эдээ авч чадахгүй  байна гэлцдэг. Малчид ашгаа  бодоод Хятдуудад ноолуураа үнэтэй өгдөг. Энэ талаар  та  ямар  бодолтой  явдаг  вэ?  

Түүхий эдийн зохицуулалтын  талаар хавар болгон яригддаг ч тодорхой  шийдэлд хүрсэнгүй. Төр, засгаас түүхий эд авах нөхцөл бололцоог нь хангалттай гаргаад өгвөл бид түүхий эдээ Хятад руу гаргахгүй байх боломжтой. Зарим үйлдвэрлэгч нар ч үүнд хамаатай. Хятад  утсаар бүтээгдэхүүн хийхээ болих хэрэгтэй. Хятадууд манайхаас түүхий эдээ аваад өчнөөн юм хольж буцаагаад Монгол руу оруулж ирдэг. Хятад сарлагын хөөвөр ч гэж байх шиг. Хятдад ямар юмных нь сарлаг байхав дээ. Цаашлаад муур, нохой бүх юмны үсийг хэрэглэдэг газар шүү дээ. Гадныхан ихэвчлэн элдэв  амьтны  харшилтай хүмүүс. Ийм утсаар хийсэн бүтээгдэхүүнээс харшил авсан хүн монгол ноолуураас боллоо гэнэ. Ер нь хятадаас утас оруулж ирдэг компанийг үндэсний үйлдвэрлэгч  гэж  хэлэхэд хэцүү. Монгол утсаар Монголдоо үйлдвэрлээд  үндэсний  үйлдвэрлэл гэж яривал өөр хэрэг. Тэгэхээр  үйлдвэрлэгчид өөрсдөө энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Манай үйлдвэр хямраад утсаа авч чадахгүй хэцүү байгаа ч, бид Хятадаас утас авья гэж хэзээ ч боддоггүй. Арав гаруй жил монгол утсаар бүтээгдэхүүнээ хийсэн атлаа ганц хямралаас болж энэ зарчмаасаа бид хазаймааргүй байна. Монгол хүн л эх орноо бодохгүй бол, мөнгө мөнгө гэж явсаар бид үнэт зүйлсээ алдсаар байна. Хүн болгон эх оронч үзэлтэй болбол Монгол шиг тайван  сайхан улс  хаана  байна.

Ноос ноолуурын холбоогоороо Шударга  өрсөлдөөний газар, Гааль, Мэргэжлийн  хяналт зэрэг холбогдох газарт нь хандаж болдоггүй юм уу

Хариуцах  газрууд олон байгаа чхариуцлага тооцох  систем нь байдаггүй. Ноос ноолуурын  холбоо  энэ  тал дээр  маш  сайн ажилладаг. Угтаа бол  үйлдвэрлэгчид хятад утас  авахаа боливол аяндаа орж  ирэхээ  болино. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн үзлээр  яваад байвал Монголд үйлдвэрлэл хөгжих хэцүүБид Хятадад болж байгаа бүх  үзэсгэлэнд идэвхтэй оролцдог байсан. Би тэнд  бүтээгдэхүүнээ зарж  чадахгүй  юм байна лээ. Уг нь урд хөршид Монголын ноолуур маш сайн гэдгийг мэддэг. Монгол  утсаар  хийсэн  миний  бараа, хятад утсаар хийсэн хүний бараанаас үнийн хувьд асар ялгаатай байх нь мэдээжЯмарч  хүн  хямдыг нь сонгоно. Харамсалтай нь хятад утсаар хийсэн бүтээгдэхүүн, хямд авсан нөхөр монгол ноолуур хятад ноолуураас ялгаагүй муу юм байна гэсэн ойлголттой үлдэж байна.

 Биднийг урд хөршид явж байхад, хятадууд “made in mongolia” гэсэн нэрийн дор Монголоор дамжуулан бараагаа экспортлох  хүсэлтэй байгаагаа  илэрхийлсэн. Бид зөвшөөрөөгүй. Ингээд бодохоор“Made in mongolia” гэдэг нэрийг бид эрхэмлэж үнэ цэнэтэй  байлгах  ёстой байгаа биз. Ер нь Хятад дэлхийн  зах зээл дээр хуурамч бараа үйлдвэрлэлээр гаршсан нэр хүнд муутай улс. Тэгэхээр  бид хятадаас утас авч монгол  ноолуурынхаа нэр хүндийг  унагаамааргүй  байна. Ялангуяа гадаа­дад болж байгаа  үзэсгэ­лэн­гүү­дэд манайхан хятад ноолуураар хийсэн бүтээгдэхүүнээр  орол­цохоо  болих  хэрэгтэй.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *