Ц.Гүррагчаа: Хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбумыг босгож нээлттэй компани болсон

11-р сарын 22, 2017 8:00 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 64
11-22-2

Д.ОЮУНЧИМЭГ

Бизнес, хөгжил” булангийн зочноор “Анд-Энерги” компанийн захирал Ц.Гүррагчааг урилаа.

Танай компани хэзээ байгуулагдсан бэ. Одоо ямар чиглэлээр ажиллаж байна?

-Манай компани нь 2011 онд цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын чиглэлээр байгуулагдсан. 2014 оны есдүгээр сард Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” компанитай 2013-2017 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Эрдэнэт LED” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Ингээд орон нутгийн зургаан хүнийг байнгын ажлын байраар хангаж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Одоогоор тус үйлдвэр нь гэр ахуй, гудамж талбай, үйлдвэрлэлийн зориулалт бүхий хонгилын, таазны гэрэл, гэрлэн дохио, зэрэг 20 гаруй  нэр төрлийн LED гэрлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн цахилгаан тоног төхөөрөмжийн автоматжуулалт, угсралтын ажлуудыг монгол хүний оюуны хүч хөдөлмөр шингээн технологийн дэвшил ашиглан гүйцэтгэж байгаа. Бид “Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн, Хөдөлмөр шингэсэн үйлдвэрлэл” уриатайгаар өндөр технологийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажилладаг. Мэдээж хэрэглэгчиддээ орчин үеийн, өндөр чанартай бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд тулгамдсан ямар асуудал байна. Жишээлбэл, борлуулалтаа хэрхэн хийдэг вэ?

-Үйлдвэрээ ашиглалтад оруулснаас хойш жижиг зах зээл рүүгээ төдийлөн орж чадаагүй байна. Учир нь импортоор орж ирдэг гэрлийн шилтэй хямд үнээр өрсөлдөхөд хэцүү байдаг. Яагаад гэвэл, өрхийн хэрэглээндээ аль болох хямд гэрэл ашиглахыг илүүд үздэг. Үүнийг буруутгах аргагүй. Эхний ээлжинд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахыг зорьсон. Тиймээс санал тавьж байгаа газруудад гэрлээ суурилуулан туршилт хийж тухайн байгууллагадаа эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зарчмаар ажилласан. Энэ жилээс жижиг зах зээл рүүгээ орохоор нэрийн дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Мэдээж үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлууд бий. Гэхдээ болохгүй байна гэхээс илүүтэй болгож бүтээхийн төлөө залуусынхаа оюуны чадамж, хөдөлмөрт түшиглэн ажилладаг.

Төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих учиртай хэмээдэг. Гэхдээ төдийлөн бодит хөрсөнд буухгүй байна гэх шүүмжлэл бий?

-Манай үйлдвэр байгуулагдах үеэс “Эрдмин” компани дэмжин, хамтарч ажиллаж эхэлсэн. Түүний дараагаар Эрдэнэтийнхээ аж ахуйн нэгжүүдэд бид нэлээн танигдсан. Аймгийн захирагчийн албанаас дэмждэг. 2015 оноос “Монголросцветмет” нэгдэл сар бүр тогтмол хугацаанд гэрэл худалдан авахаар бидэнд томоохон дэмжлэг болж байгаа. Монголын төмөр зам нийтийн болон тасалгаат галт тэргэнд тавих гэрэлд стандарт шаардлага тавьдаг юм билээ. Жишээлбэл, хол замд явж байх үед гэрэл шатвал өөрсдөө солиход аюулгүй байх зэрэг. Ингээд суудлын нэг галт тэрэгний гэрэлтүүлгийг хариуцаж ажилласны дараагаар өнгөрсөн жилээс гэрээ байгуулан худалдан авалт хийж байгаа. Мөн энэ жилээс “Эрдэнэт үйлдвэр” компани манай үйлдвэрийг дэмжин ажиллаж байна.

Танай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар ямар төвшинд байна. Томоохон аж ахуйн нэгжид ханган нийлүүлэгчээр ажиллахын тулд тендерт оролцдог уу?

-Гэрлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж хараахан байхгүй болов уу. Мэдээж би анх үйлдвэрлэлээ эхлэхээс өмнө зах зээлийн судалгаа хийж байсан. Тэр үед ганц нэг үйлдвэр гарч ирж байгаад үйл ажиллагаагаа зогсоосон байгаа юм. Учир нь импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байна. Тэгэхээр үнийн хувьд төдийлөн хямд биш учраас жижиг зах зээл дээр өрсөлдөх чадвар сул байна гэж хардаг.

Томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах, тэнд борлуулалт хийхийн тулд тендерт оролцож байна. Гэхдээ манай компани шиг “Лед” гэрэл үйлдвэрлэгч байхгүй учраас хүндрэл гардаггүй. Жишээлбэл, “Эрдэнэт үйлдвэр” компани нээлттэй тендер зарлаж түүнд нь оролцон хамтарч ажиллахаар болсон. “Монголросцветмет” нэгдлийн хувьд тогтмол худалдан авалтаар дэмждэг. Энэ бүхэн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг таслахгүй байх томоохон дэмжлэг болж өгдөг.

Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдсан ямар асуудал байна вэ. Жишээлбэл, санхүүжилтийн асуудлыг бизнесийнхэн онцолдог. Таны тухайд?

-Үйлдвэрлэгчдийн хувьд борлуулалтын зах зээл бага учраас орлогыг тогтмол байхаар тооцоолох боломжгүй. Учир нь манай зах зээл барьцгүй. Тэгэхээр эрэлтээ дагаж нийлүүлэлт хийхээр үйлдвэрлэнэ гэвэл үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглаж чаддаггүй. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэлээ явуулах хөрөнгийн эх үүсвэрийг босгохдоо нарийн тооцоолоход хүндрэл учирдаг. Яагаад гэвэл, өдөрт тогтмол хэдэн төгрөг орох вэ гэдгээ тооцох аргагүй. Гадны улс оронд аж ахуйн нэгж, хувь хүн нь ялгаагүй ямар хугацаанд хэрэглэх вэ гэдгээ тооцоолсон байдаг учраас урт хугацаанд төлөвлөгөө гаргахад хялбар байдаг. Харин манай улсын хувьд бүх зүйлийг цагийг нь тулгаж хийнэ. Ингэхдээ аль болох хямд үнийг илүүд үздэг шүү дээ. Тэгэхээр борлуулалтаас хамаарч орлого бүрдэх учраас өндөр хүүтэй зээлийн эх үүсвэрийг төлнө гэдэг хүндрэлтэй байдаг. Учир нь эцсийн бүтээгдэхүүнийг борлуулсан орлого нь эргэлтийн хөрөнгө болдог юм. Тиймээс зах зээлийг тэлэх бодлого баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгө, зах зээл хоёр хамгийн том асуудал болж байна. Гэхдээ үүнийг шийдвэрлэх боломж бий.

Тэгвэл зах зээлийг томруулахын тулд  юу дутагдаж байна вэ?

-Манай улсын хувьд томоохон үйлдвэрлэгчтэй болох хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, Солонгос улс “КИА”-гийн машиныг дэлхийн зах зээл дээр борлуулж байгаа. Энэ нь зөвхөн дотооддоо борлуулснаас ч өндөр үр өгөөжийг бий болгож байна. “КИА” компани машинаа үйлдвэрлэхдээ жижиг хэсгүүдийг нь дотоодынхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдээр хийлгэдэг. Тэгэхээр бидэнд гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг том үйлдвэрлэгч дутаж байна. Хэрэв дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээг­дэхүүнийг борлуулдаг үндэсний томоохон үйлдвэртэй болчихвол зах зээл тэлнэ шүү дээ. Ер нь үйлдвэрлэлийг каластераар хөгжүүлэх нь улсын хөгжилд чухал байр суурь эзлэхээс гадна эдийн засгийг чадавхжуулахад чухал нөлөөтэй юм. Манай компанийн хувьд дотоодын зах зээлдээ бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна монгол хүний оюуны бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах зорилт тавин ажиллаж байгаа.

Эргэлтийн хөрөнгө гэснээс танай компани хөрөнгийн зах зээлээс мөнгө босгосон шүү дээ?

-Өнгөрсөн аравдугаар сард нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулсан. Энэ сарын 1-нд анхны арилжаагаараа хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум төгрөг босгосон. Ер нь хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй болсноор олон нийтийн эзэмшилд шилжсэнээр борлуулалтаа өсгөх нэг боломж. Учир нь хувьцаа эзэмшигчид маань өөрийнхөө хөрөнгө оруулсан компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авах болно. Нөгөөтэйгүүр компанийн үйл ажиллагаа нээлттэй болсноор сайн засаглалыг бий болгоно. Ингэснээр үйлдвэрлэл хөгжиж хувьцаа эзэмшигчдийн ашиг нэмэгдэх боломжтой юм.

Мэргэжилтэй боловсон хүчний хомсдол бий болсон гэдгийг үйлдвэрлэгчид хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Боловсролын салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж боддог. Учир нь их дээд болон мэргэжлийн сургуулиуд юм сургахаас илүү төлбөр авах сонирхол нь давамгайлж байх шиг. Яагаад гэвэл, сургууль төгсч байгаа оюутнууд ажиллах чадвар муу байхын зэрэгцээ их хэмжээний мөнгө олж баяжих тухай л боддог болсон нь анзаарагддаг. Түүнээс чадварлаг ажилтан, мэргэжилтэн болох тухай бодохгүй байгаа нь цаашид өсч дэвжих боломжийг нь боомилдог. Түүнчлэн дөнгөж сургууль төгссөн боловсон хүчинд ажлын дадлага туршлага суугаагүй байдаг. Энэ мэтчилэн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхдээ анхаарах зүйл олон бий. Тухайлбал, Сингапур улсын мэргэжлийн сургууль нь оюутнууддаа дадлага хийх боломжийг бүрдүүлсэн байдаг. Цахилгааны инженерээр бэлтгэгдэж байгаа оюутан ажлын байран дээрээ байгаа мэт дадлага хийдэг. Орчин нөхцлийг нь маш сайн бүрдүүлсэн учраас төлбөр төлж сурч байгаадаа ч, сургаж байгаадаа ч сэтгэл хангалуун байж чаддаг юм билээ. Яагаад гэвэл тухайн оюутан ажлын байран дээр гараад ямар ч асуудалгүйгээр ажиллаад явах боломжтой гэсэн үг. Харин манайд өөр дүр зураг харагддаг юм. 2.5-4 жил сурч төгссөн боловсон хүчнийг хамгийн багадаа 0.6-1 жил дадлагажуулж сургах шаардлагатай. Гэтэл тухайн ажилтан сургуулийг нь дүүргэсэн учраас олон жилийн ажлын туршлагатай мэргэжилтэнтэй ижил хэмжээний цалин авахыг бодно. Ер нь хувь хүний төлөвшил, зан араншин, ажилд хандах хандлагыг чиглүүлэх талд анхаарах хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Acheter Xenical En Ligne Macrobid 100mg Furadantin For Sale cialis price Vous Durer Plus Longtemps Buy Clozapine No Prescription

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *