Ц.Дэлгэрсайхан: Хүний төлөвшлийн 80 хувь нь бага ангидаа тавигддаг

4-р сарын 8, 2018 8:22 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 20
30415031_754727308054061_8409334296694751232_o-550x300

М.БААСАНДЭЛГЭР

МУБИС-ийн Багшийн сургуулиас санаачлан “Эрдмийн түлхүүр-Багш” бага боловсролын багшлахуйн ур чадвар анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд Тус уралдаанд Архангайн багшийн сургууль, МҮИС, ОУИЗИС, “Идэр”, “Хангай”, “Маргад” дээд сургууль болон МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутан, багш нар оролцсон юм.

Заах арга зүйн уралдаанд оролцож буй сургууль тус бүрээс шалгарсан шилдэг оюутнууд ур чадвараа сорив. Уралдааныг Багшийн сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан М.Бадамсүрэн тавдугаар ангийн сурагчдад математикийн хичээл заан тэргүүллээ. Тэрээр “Би анх багш болоё гэж зориж энэ ангид ороогүй. Харин нэгдүгээр курсэд танилцах дадлага хийсэн. Тэр үеэс хойш мэргэжилдээ дурлаж, мөн чанарыг нь ойлгож эхэлсэн. Бага ангийн багшийн мэргэжлийг нийгэм бага боловсрол гэж хүлээж авдаг. Гэтэл юу ч мэдэхгүй байгаа хүүхдэд 1+1=2 гэдгийг заана гэдэг тусгай арга зүй шаарддаг ажил. Би багш болох чин хүсэлтэй учраас монголдоо тэргүүлсэн сайн багш болорыг зорьж байна” гэсэн юм. Мөн уралдаанд оролцсон оюутнууд мэргэжилд нь тулгарч буй асуудлууд, багш гэж хэн бэ, багшийн мөн чанар гэх сэдвээр өөр хоорондоо чөлөөтэй ярилцлаа.

Уралдааны үеэр бага ангийн багш бэлтгэдэг төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн багш нарын дунд хэлэлцүүлэг боллоо. Тэд багш мэргэжил бэлтгэхэд тулгарч буй асуудал, чанартай оюутан бэлтгэх, цаашдын гарц гаргалгааны талаар байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн үеэр сайн багш бэлтгэхэд анхаарах хамгийн чухал зүйл бол дадлага ажлыг чанартай сайн хийлгэх талаар түлхүү ярилцлаа. Багшийн сургуулийн монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Бямбацэрэн “Манай хамт олон Оросын Улаан-Үүд хотод ур чадварын уралдаанд хоёр удаа оролцож байсан. Түүний дараа яагаад ийм уралдааныг эх орондоо зохион байгуулж болохгүй гэжи гэсэн бодол төрж, оны өмнөөс бэлдэж эхэлсэн. Уралдааны зорилго нь яагаад бага ангийн багшийн мэргэжил шүүмжлэлд өртөж, нэр хүндгүй болоо байна вэ. Үүнийг яаж шийдэх талаар гарц гаргалгааг өөр хоорондоо ярилцаж шийдэх юм. Манай сургуулийн хувьд 2013 оноос багш боловсролын шинэчлэлийн хүрээнд бүх хөтөлбөрөө өөрчилсөн. Одоогоор “Багш-бага ангийн багш”, “Багш-Дуу хөгжмийн багш” гэсэн хоёр хөтөлбөр хэрэгжиж байна. Гэхдээ сургалтын хөтөлбөрөөр хүнд өгч чаддаггүй зүйл бол хувь хүний төлөвшил. Тиймээс энэ уралдаанаар оюутнуудын хандлагыг харж, хөгжүүлэхийг зориж байна” гэлээ.

Мөн уралдааны үеэр сургууль тус бүр бэлдсэн мэндчилгээгээ үзүүлж, сургуулиа танилцуулав.

Багшийн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхан “Манай сургууль нь бага боловсролын чиглэлээр багш бэлтгэх ажилд жинтэй хувь нэмэр оруулдаг. Өнгөрсөн оны статистик мэдээллээр 2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багш хөтөлбөрөөр 21 их дээд сургууль багш бэлтгэж байна гэж гарсан. Одоогоор бага ангийн багшийн мэргэжил эрэлттэй байгаа. Бага ангийн хүүхдүүдийн тоо өсч, зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Тэгэхээр бага боловсролоор төгссөн хүүхдүүд төгсөөд ажлын байртай. Бага боловсрол гэдгийг хүмүүс бага зүйл өгдөг гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Бага анги гэдэг газар нь хүний амьдралын их сургууль байдаг. Хүний төлөвшлийн 80 хувь нь бага ангидаа тавигддаг” гэсэн юм.

95 жилийн түүхт “Багшийн сургууль” нь одоогоор манай улсын бага боловсролын багш нарын 50 хувийг бэлтгэж байна. Цаашдаа энэ уралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар зориж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *