Ц.Даваасүрэн: Засгийн газраа хурдан эмхлэхийг Ерөнхий сайдаас шаардаж байна

9-р сарын 1, 2015 11:25 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 36
9-1-3

С.УЯНГА

УИХ дахь бие даагч гишүүд орон нутагт ажиллаад иржээ. Тэд ирээд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Бие даагч гишүүдийн зүгээс ямар асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болов?

-Бид тойрогтоо ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Үндсэндээ энэ өвлийг даван туулахад Засгийн газраас хийж байгаа ажил туйлын хангалтгүй байна. Тиймээс Засгийн газраа хурдан эмхэлж, амьдрал хүндэрч байгаа энэ үед иргэддээ чиглэсэн дорвитой ажил хийх хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайдаас  өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах нөхцлийг хангахыг шаардаж байна. 1996-2000 оны нөхцөл байдал давтагдаж байгаа учраас Засгийн газраа хурдан эмхлэх шаардлагатай.

Энэ жил ихэнх аймгуудаар гантай байсан учраас хадлан тариалангийн бүс нутгаар ургац алдах, хадлан авах боломжгүй болчихлоо. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа энэ цаг үед яах ёстой юм бэ. Ялангуяа зуншлага муу болсон аймаг, бүс нутгуудад Онцгой байдлын газар өвс тэжээлийг хүргэх, хангах асуудлыг ярих ёстой. Гэтэл өнөөдөр шадар сайдаа  томилж чадаагүй сууж байна. Шадар сайдын бүрэн эрх байхгүй учраас энэ чиглэлд нэг ч ажил хийгдээгүй. Хадлантай байгаа бүс нутаг, хадлангүй байгаа бүс нутгуудыг холбосон ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Иргэд л хоорондоо сайн дураараа ургац сайтай газар нутаг руу явж хадлан хадаж байна. Энд Засгийн газрын зүгээс анхаарч хийж байгаа зүйл огт алга. Тиймээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ёстой.

Газар дээр нь ажиллаад ирсэн хүний хувьд хүнд байдалд орсон тариаланчиддаа  төр засгийн зүгээсяаж  туслах ёстой гэсэн гарцыг харж байна вэ? 

-Ургацаа алдах нөхцөл байдал тариаланчдад үүсч байна. Хөвсгөл, Дарханд ургацынхаа 80 хувийг алдах нь тодорхой боллоо. Тариаланчдын хэлж байгаагаар хөнгөлөлттэй зээлийн төлөлтийг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Тариалан эрхлэх сангаас авсан зээлийн төлөлтийг нэг жилээр хойшлуулаач гэсэн саналыг ч хэлж байна. Ядаж газар тариалангийн бүс нутгууддаа очиж ажиллаж, асуудлыг нь шийдэх хэрэгтэй.

Малчдын зүгээс мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ буурсан учраас орлогогүй боллоо гэж байна. Орлогогүй малчин өвсөө худалдаж авч чадах уу. Тиймээс тэд мах бэлтгэх, борлуулах тал дээр  яаралтай арга хэмжээ авч өгөхийг төр засгаасаа хүссэн. Гэтэл өнөөдөр хэн ч малчны хотонд очиж уулзаагүй. Засгийн газрынхан хаагуур ямар ажил хийж яваа юм бүү мэд. Намууд нь хоорондоо сайдын суудал булаацалдаад, сайн муу ажилладгаараа улстөр хийцгээгээд сууж байна. Энэ жил 1940-өөд оны мичин жилийн зудтай ойролцоо цаг агаарын нөхцөл байдал үүслээ гэж яриад байна. Тиймээс орлогогүй болсон малчиддаа, өвс тэжээлийг нь дөхүүлж цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Ялангуяа газар дээрээ нэг боодол өвс 5-7 мянган төгрөгийн үнэтэй байгаа өвсийг худалдаж авах үнэхээр хүнд. Үүнийг яаж, зохицуулж уялдуулах юм гэдэг төр засгийн хийх ёстой зүйл.

Төр засгийн ажлыг ингэж цалгардуулж байгаад  өөр зүйл рүү сэтгэл нь явчихсан юм биш биз. Дахиад Дубайн гэрээ шиг хоёр дахь гэрээ зурагдах вий гэж болгоомжилж байна. Бээжин гэдэг гэрээ ч юмуу. Хэрэв ийм асуудал гарах юм бол юун зургаан сайдын асуудал, Засгийн газрын асуудлыг ярих ёстой болно. Иймэрхүү алхам хийгдэх юм бол хатуу тэмцэл хийнэ гэдгийг Ерөнхий  сайдад албан ёсоор мэдэгдэл хүргүүлнэ.  Ерөнхий сайд Дубайн гэрээ шиг зүйл рүү сэтгэл нь явчихаад хотоос гарч чадахгүй байж магадгүй.  Засгийн газраа эмхэлж, хариуцлагагүй үүрэг гүйцэтгэгч томилох асуудлаа зогсоохыг бие даагч гишүүд  шаардаж байгаа. Уг нь аль ч цаг үед Ерөнхий сайд нь хөдөө явж, иргэдийнхээ аж байдалтай танилцдаг. Гэвч Ч.Сайханбилэг  ерөөсөө хөдөө явахгүй байна.

Ерөнхий сайд Бээжинд гэрээ байгуулна гэсэн мэдээлэл бодит юм уу?

 -Дубай явахаас нь өмнө дубайдах гээд байна шүү гэж зөндөө ярьсан. Засгийн газарт ажиллаж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсээс мэдээлэл авалгүй яахав. Засгийн газрын төвшинд тодорхой хэмжээнд ийм зүйл яригдаж байгаа учраас Тавантолгойн асуудал дээр хардлага төрж байна. Ерөнхий сайд Тавантолгойн асуудал дээр уургын морь шиг зүтгэж байгаа. Тэнд очоод дахиад Бээжингийн гэрээ зурчих вий гэж бид анхааруулаад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *