Ц.Дамдинсүрэн судлал: Монголын өчигдөр, өнөөдөр, ирээдүй

9-р сарын 7, 2018 3:56 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 26
z7

Ч.ОЛДОХ

 Монголын орчин үеийн утга зохиол болон  монгол хэлний дүрмийг дүрмийг үндэслэгч, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн 110 жилийн  ой энэ онд тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд нээлтээ хийж, олон улсын эрдэмтэд чуулж байна.

Их эрдэмтдний охин Анна Цендина “110 тэгш тоо  биш боловч аавыг маань хүндэтгэдэг хүмүүс тэмдэглэе гэсэн санал гаргасан” гэдгийг онцолж байв. Тэрээр аавынхаа  бүтээлүүдийг нэгтгэх, өдрийн тэмдэглэлийг цахимжуулах ажлыг  өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн. Энэ талаараа илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Ц.Дамдинсүрэн бол орчии цагийн соёл боловсролыг олон мянган жилийн уламжлалт соёлтойгоо зохистойгоор хослуулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан шинэ цагийн шилдэг сэхээтний нэг, эгнэгт дурсагдах их эрдэмтэн. Түүний бүтээл туурвил, судалгааны ажлууд өргөн сэдэвтэй бөгөөд  олон талтай. Иймд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрдэмтдийн хурлыг нэгэн цогц болгож   зохион байгуулахад анхаарсан нь түүний бүтээлүүд, хэвлэлд гарсан илтгэл, тэмдэглэл, гэрэл зургийн  үзэсгэлэнгээс харагдаж байлаа.

 Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг “XX зуунд Монгол Улсад заяасан соён гэгээрүүлэгч, шинжлэх ухааны зүтгэлтэн, ардын уран зохиолч” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, Төвд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Сумъяа нар хэлэлцүүлэв. Мөн Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном, Д.Төмөртогтоо, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн доктор Окада Казиюүки, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн доктор Яхонтова Наталья Сергеевна тэргүүтэй гадаад дотоодын нэрт эрдэмтэн судлаачид оролцож их эрдэмтний хэл шинжлэл, утга зохиол судлал, орчуулга зэрэг олон салбарт үлдээсэн өвийг тал бүрээс нь судалсан сонирхолтой илтгэлийг хэлэлцүүллээ.

Их эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн  “Гологдсон хүүхэн” туужаараа  Монголын орчин цагийн уран зохиолд эгэл жирийн хүний дүрийг анхлан оруулж уламжлалт утга зохиолын дүрслэлийн арга, дүрийн бүтцэд шинэчлэл хийж бясалган номлогч номой дүрээс хувьсган өөрчлөгч тэмцэгчийн дүрийг товойтол гаргаж тавьсан байдаг.Түүнчлэн А.С.Пушкины “Үүл”, “Хүрэл хөшөө”, “Полтав”, “Омтгойрон гудамжны үймээнд явагч”, “Алтан загасны үлгэр”, “Олег сэцний дуулал”, М.Лермонтовын “Далбаа”, “Оросын туульсын их найраглал “Игорын хорооны тууж”, унгарын Ш.Пөтөөфийн “Сүв бүгдээр шургаж”, Чехийн Ян Нерудагийн “Зүүн зүгээс гэгээрлээ”, төвд хэлнээс монгол хэлнээ “Янагийн дуулал”, санскрит, төвд хэлнээс “Үүлэн элч” /эхний зургаан бадаг/ зэрэг, өрнө дорнын олон хэлний уран зохиолын бүтээлийг орчуулж монгол түмнийхээ оюуны санд өргөн барьсан юм. Энэ мэтчлэн олон тооны орчуулга хийсний дээр Ц.Дамдинсүрэн нь шинэ үеийн уран сайхны орчуулгын туршлагыг буй болгосон төдийгүй орчуулгын онолыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан нь монголын орчуулгын түүхэнд онцгой байр эзэлдэг.

Мөн “Монголын нууц товчоог” өргөн олон уншигчдад танилцуулах зорилгоор утгыг алдахгүй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдүүлэхгүйг гол болгож, ардын аман зохиолын баялаг уламжлалыг түшиглэн орчин цагийн монгол хэлэнд буулгасан билээ. Энэ нь сурвалж бичгийг эрдэм шинжилгээний үүднээс боловсруулсан арга, орчуулгын хувьд ч чухал ач холбогдолтой бүтээл болсон юм.

Ц.Дамдинсүрэнгийн зохиол бүтээлүүд монгол туургатнаас гадна орос, аыгли, герман, франц, хятяд, солонгос, чех, мажар, болгар, польш зэрэг олон хэлээр удаа дараа орчуулагдан гадаадын уншигч орчуулагч судлаач олны талархал хүндэтгэлийг хүлээсний дээр шинэ цагийн Мутга зохиолын туршлага, уран сайхны сэтгэлгээний баялаг уламжлал, түүх, соёлын зангилаа асуудлыг авч үзэхэд судалгааны гол хэрэглэгдэхүүн болсоор байна. Түүнчлэн хэлний эртний бичгийн дурсгалууд, орчин цагийн монгол хэлний авианы бүтэц тогголцоо, монгол хэлний түүхэн хөгжил хувьсал зэрэг хэл шинжлэлийн олон салбараар бүтээл туурвисан том эрдэмтэн байв.

Их эрдэмтний ойд зориулсан хуралд оролцож буй  эрдэмтэн, судлаачид “Ц.Дамдинсүрэн судлалыг   өнгөрсөн  цаг дээр авч үзэж болохгүй. Түүнийг судлах нь цаг үетэйгээ хамт үргэлж шинэчлэгдэж ирсэн.  Цаашид ч  Монголын өчигдөр, өнөөдөр, ирээдүйн  гарц гаргалгааг түүний судлалаас олох болно”  хэмээн дүгнэж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *