Ц.Болорчулуун: Улаанбуудайн 45-46 хувийг хурааж авсан ч гурил, будаа хомсдохгүй

12-р сарын 17, 2015 11:18 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 207
12-17-4

Х.МОНГОЛХАТАН

2015 оны ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

Манай улсын хувьд энэ жил ургац хураалт хэдэн хувьтай байв. Цаг агаарын байдлаас болоод нэлээд алдагдалтай гэсэн мэдээлэл байсан?

12-17-4tЭнэ онд улсын хэмжээнд 511 мянган гад тариалалт хийсэн. Үүнээс 360 мянган гад улаанбуудай тариалсан. Сүүлийн жилүүдэд цаг агаарын таатай нөхцөлтэй байсан учраас ургац өндөр авч байсан. Төмс хүнсний ногоо ч өмнөх жилүүдтэй адил энэ жил ургац сайн байлаа. Гэхдээ тавдугаар сарын сүүл буюу ид тариалалтын үеэр манай нийт газар тариалангийн бүс нутгаар нэлээд хүйтэн байсантай холбогдуулан хүнсний ногооны тариалалт өнгөрсөн жилээс 1000 орчим гагаар багассан. Зургадугаар сард тэр чигтээ халуун байсан. Зарим газар тариа тарьснаас хойш 50-55 хоног бороо ороогүй. зөвхөн газрын хөрсний чийгээр соёололт гарч ирсэн. Бутлалтын ид үед бороо ороогүйн улмаас таримал зогсонги байдалд орсон. Ийм нөхцлийн улмаас үндсэндээ тариалалтын үед гангийн байдал үүссэн.

Бид цаг тухайд нь арга хэмжээ авч, Засгийн газарт танилцуулаад Ерөнхий сайдын захирамжаар Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчны яам, Цаг уур, орчны хүрээлэн, Хөдөө аж ахуйн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан газар тариалангийн бүс нутгууд гантай байгаа бусад нутагт үнэлгээ өгөх зорилгоор дөрвөн чиглэлд зургадугаар сарын 28-аас долдугаар сарын 1 хүртэл ажилласан. Газар тариалангийн бүс нутгуудын дийлэнх нь гантай буюу гандуу байна гэсэн үнэлгээ гарсан. Гэтэл долдугаар сарын 2-3-нд зарим газраар бороо орж 7-8, 12-13-нд ихэнх нутгаар бороо орж таримал ургаж эхэлсэн.

Ургац хураалт хэзээнээс эхэлсэн бэ. Хэдэн хувийг нь амжилттай хурааж чадсан бэ?

Засгийн газарт хаврын тариалалтын дүн, ургацын урьдчилсан бланс, ургацын дүнг танилцуулдаг. Наймдугаар сарын 25-нд  хэрэгцээт буудайнхаа 58.3 хувийг авах нь гэсэн ургацын урьдчилсан баланс гарсан. Есдүгээр сарын 3-наас ургац хураалт эхлэсэн. Гэвч есдүгээр сарын сүүл аравдугаар сарын эхээр нойтон цас орсон учраас ургац хураалтад сөргөөр нөлөөлж, хүндрэлүүд гарсан. Тиймээс урьдчилсан балансаар тогтоосон ургацаасаа ахиад 20 орчим хувийг алдах нөхцөл байдал үүссэн. Ерөнхийдөө улаанбуудайны 45-46 хувийг хурааж авсан. Харин намар хяруу орой унасан учир төмсний ургалтад цаг агаар тааламжтай байж дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар төмс хураасан.

Улаанбуудайгаар гурилын үйлдвэрүүдээ бүрэн хангаж чадах уу. Үрийн буудайн нөөц ямар байна вэ?

Нийтдээ 215 мянган тонн үр тариа хурааж авснаас 203 тонн нь улаанбуудай, үүнээс 130 мянган тонн улаан буудайг гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн. Бид нэг жилийн хэрэгцээний гурилаа буудай хэлбэрээр бодоход жилд 320 мянган тонныг хэрэглэдэг. Тэгэхээр ирэх намар хүртэл улсын хэмжээний хэрэгцээний буудайнаас 125 мянган тонн буудай, 40 мянган тонн гурил дутах тооцоо гаргасан. Үүнийг импортоор авах зөвлөмж гаргуулж, төсөл сонгон шалгаруулалтаа зарлаад ажиллаж байна.

Ирэх жил 338 мянган гад уринш бэлдсэн. Үүнд 48 мянган тонн үрийн буудай шаардлагатай. Тариаланчид болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28 мянга орчим тонн үрийн буудайн нөөц байна. Тэгэхээр 20 орчим мянган тонн үрийн буудай дутах тооцоо судалгаа гарлаа. Энэ асуудлыг бид Засгийн газарт танилцуулсан. Бид ирэх жилийн хаврын тариалалтыг хэвийн явуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Улаанбуудай дутсанаар гурил хомсдох, үнэ нэмэгдэх зэргээр иргэдийн амьжиргаанд нөлөөлөх үү?

Улсын хэмжээнд хэдий хэрийн ургац авах гэдгээ ургацын урьдчилсан балансаар тогтоодог учраас энэ байдлыг бид мэдэж байсан. Ургацаа 70-80 хувиар нь алдсан аж ахуйн нэгжүүд бий. Гэхдээ тэдний алдагдлаар улсын хэмжээний тоо баримтыг төлөөлүүлэх нь зохимжгүй юм. Тиймээс иргэдийн дунд худал яриа тархаж, гурилын үйлдвэрүүдийн гурил зарагдах, ченжүүд авч дарах үзэгдэл ажиглагдсан. Ийм байдал үүсгэхээргүй гурил будааны нөөц бий. Өнгөрсөн хавар улсын хэмжээний гурил будаагаа тоолоход энэ жилийн аравдугаар сарын 20 хүртэл дотоодынхоо хэрэгцээнд хүрэлцэхүйц байгааг гаргасан. Одоо шинэ ургацтай залгасан учир ямар ч асуудалгүй. Үргэлжлүүлээд импорттой залгах учир гурил будаа хомсдохгүй.

Тариаланчид ургацаа алдаж алдагдалд орсон байх. Яамнаас тэдэнд зориулсан ямар арга хэмжээ авч байна вэ?

Тариаланчдын ашиг хоёр жил ажиллаад гардаг. Эхний жил нь газартаа боловсруулалт хийж ихэнх хөрөнгө мөнгөө оруулдаг. Дараа жил нь тариалалт хийж, намар нь ургацаа хурааж аваад ашгаа үздэг. Тиймээс тариаланчдын хувьд санхүүгийн байдал нь хүндрэлтэй байгаа. Сүүлийн жилүүдэд цаг агаарын байдал тааламжтай байсан учраас аж ахуйн нэгжүүд ургац сайн авч байсан. Тэр утгаараа ашиг орлого нь нэмэгдэж, техникийн шинэчлэлийг нэлээд хийсэн. Тиймээс зардал ихтэй байхдаа нэг жилийнхээ ургацыг алдана гэдэг маш хүнд цохилт болж байгаа.

Энэ жилийн хувьд яамнаас газар тариалангийн салбарт хууль эрхзүйн талаасаа хоёр ч том ажлыг хийж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, холбоод, мэргэжлийн эрдэмтэн судлаачдын оролцсон хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж, тэнд гарч ирсэн саналыг тусгаад Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХаар батлууллаа.

Мөн Тариалангийн тухай хуулийг шинэчилж батлуулахаар ажиллаж байна. Засгийн газар, байнгын хороонд танилцуулсан байгаа. Одоо УИХд өргөн барьсан. Энэ намрын чуулганаар батлуулахаар ажиллаж байна.

Ирэх хаврын тариалалт чухал. Энэ жилийн алдагдлаа нөхөх боломж байна уу?

Ирэх хаврын тариалалт нэлээд хүндрэлтэй болно. Тиймээс яамнаас дараах ажлуудыг хийж байна. 20 орчим мянган тонн үрийн буудай дутагдах учир Сангийн яамтай яриад хөрөнгийн асуудлыг нь шийдүүлээд импортлохоор ажиллаж байна. Оруулж ирэх үрийн буудайг гааль, НӨАТаас чөлөөлөх талаар Засгийн газарт танилцуулсанудахгүй УИХаар оруулна. Хямд үнэтэй үрээр тариалалт хийвэл дараа жил буудайн үнэд сөргөөр нөлөөлөхгүй байх. Мөн тариаланчид маань өндөр үнэтэй үр худалдан авах боломжгүй байгаа учраас хөнгөлөлтөд, хамруулахаар ажиллаж байна.

Өнгөрсөн жил зээлээ төлж чадаагүй тариаланчид, аж ахуйн нэгжүүд олон байгаа учраас УИХаар 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулан дагаж гардаг зарим арга хэмжээний талаар авах тогтоолоор 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулахын тулд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээ авах тогтоол гарсан. Урьд жилүүдэд тариаланчдын тушаасан хүнсний улаанбуудайнд урамшуулал олгодог байсан. Энэ жилийн хувьд мөнгө төгрөг тааруу, эдийн засаг боломжгүй байгаа учраас урамшууллын мөнгө бага буюу таван тэрбум төгрөг тавигдсан. Энэ мөнгөөр Хөгжлийн банкнаас гаргах хөнгөлөлттэй зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх замаар шийдвэрлэхээр ажиллаж байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж олон ажил хийдэг. Энэ жилийн тухайд илүү анхаарч ажилласан уу?

Тариалан эрхлэлтийг дэмжих санд байсан хөрөнгийн эх үүсвэрээр 21 аж ахуйн нэгжид 7.5 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэлтийг хийж өгсөн. Мөн БНХАУ Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн гэрээгээр бид 12 сая ам.долларын техникийн шинэчлэл хийлээ. Трактор, үр тарианы комбайныг оруулж ирээд аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж тариаланчдад үзүүлдэг дэмжлэгүүдийг  урьд жилүүдийн хэмжээнд үзүүлсэн. Хаврын тариалалтаас өмнө түлш олгосон, ургамал хамгааллын бодисын дэмжлэг, бордооны дэмжлэг хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон. Үрийн дэмжлэг, уринш болон ургац хураалтад зориулж шатахуун олгосон байгаа. Яамнаас үзүүлж байгаа дэмжлэгүүд Тариалан эрх­лэлтийг дэмжих сангаар дам­жуулдаг. Олгосон дэмж­лэгийнхээ эргэн төв­лөрлийг буудайгаар төв­лө­рүүлдэг. Эргэн төв­лө­рүүлсэн буудайгаа зараад дараа хавар нь дэмжлэг үзүүлдэг. Харин энэ жилийн хувьд санд эргэн төвлөрүүлэх дэмж­лэгийн буудайг маш бага тушаасан. Тэгэхээр ирэх хавар дэмжлэгүүд хэцүү болох нь. Гэхдээ бид арга хэмжээ аваад шатахууны дэмжлэг болон бордооны дэмжлэг үзүүлэх тоо­цоотой ажиллаж байна.

Иймэрхүү байдалтай энэ жилийн газар тариалангийн салбарын ажил явагдлаа. Бид гантай байлаа гээд гараа хумхиж суусангүй. Бүх боломжит арга хэмжээгээ авч, үзүүлэх дэмжлэгүүдээ үзүүллээ. Гэвч ган бол байгалийн давагдашгүй хүчин зүйл юм. Үүнтэй чадах чинээгээрээ тэмцэж ажилласан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *