Ц.Банзрагч: Ойн мэргэжлийн 370 байгууллагыг шалгана

1-р сарын 24, 2013 10:21 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 241
Хууль зөрчсөн зарим ойн мэргэжлийн байгууллагын  эрхийг  цуцалжээ.

Б.НОМИН 

Хууль зөрчсөн зарим ойн мэргэжлийн байгууллагын  эрхийг  цуцалжээ. Энэ талаар БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагчтай ярилцлаа.

-Ойн мэргэжлийн бай­гууллага  ямар үйл ажил­лагаа явуулдаг вэ, энэ чиглэлийн   хэдэн байгуул­лага байдаг  юм бол?

-Байгаль орчныг хам­гаалах тухай хуульд заас­наар ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохис­той ашиглах, нөхөн сэр­гээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохи­цуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг мэр­гэж­лийн байгууллага гэнэ. Мэргэжлийн байгуул­ла­гын үйл ажиллагааг эрх­лэн зохицуулах эрх олгох журмыг Засгийн газар баталсан.

Ойн мэргэжлийн бай­гууллагын гэрчилгээ ав­сан 370 орчим байгууллага ойжуулалт, мод үржүүлэг, ой зохион байгуулалт, хайгуул судалгаа, хортон­той тэмцэх, арчилгаа, цэ­вэрлэгээ, ойн үндсэн ашиг­лалтын огтлолт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

-Саяхан Байгаль орчин ногоон хөгжлийн сайд ойн мэргэжлийн байгууллагуу­дын эрхийг хүчингүй бол­гох тушаал гаргасан, тэд ямар зөрчил гаргасан бэ?

-Ойн мэргэжлийн бай­гууллагын эрх авах хүсэл­тийг хянах явцдаа газар дээр нь үзэх үүргийг орон нутаг дахь байгаль орчны байгууллага хүлээж, тэд­нээр хянуулж, магадлуул­даг. Гэтэл газар дээр нь очиж үзэхгүйгээр яаманд тодорхойлолт ирүүлснээр хуурамч бичиг баримтыг үндэслэн зөвшөөрөл олго­сон тохиолдол гарсан. Жи­шээлбэл: “Хөтөл-Овоо” ХХК-д шаардлага хангасан гэсэн бичгийг Нийслэлийн байгаль хам­гаалах газраас ирүүлснийг үндэслэн мэргэжлийн бай­гууллагын эрх олгосон байгаа юм. Гэтэл энэ ком­пани хуурамч бичиг ба­римт бүрдүүлж ойн мэр­гэж­лийн байгууллагын эрх авсан нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар тогтоогдсон учир “Хөтөл овоо” ХХК-ийн эрхийг хүчингүй болголоо. БОНХЯ, Мэргэжлийн хя­нал­тын ерөнхий газартай хамтран хийсэн шалгал­таар анх эрх авахдаа мэ­дүүлсэн шаардлагадаа то­хирсон мэргэжлийн болов­сон хүчин, техник тоног төхөөрөмжийн хангамж байхгүй, мод бэлтгэх үйл ажиллагааны явцад техно­логийн зөрчил гаргаж хол­богдох журмын заалтуу­дыг зөрчсөн нь тогтоогд­сон  Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажилла­гаа явуулж буй “Сор хү­дэр”,”Их хүдэр Ерөөлт”, “Сэлэм хайрхан”, “Тарс”, “Хүдэр амжаа”, “Хүдэр өсөх” ХХК-иудын ойн мэргэжлийн  байгуулла­гын эрхийг  мөн хүчингүй болголоо.

-Зөвхөн нэг аймгийн нэг суманд хийсэн шал­гал­таар ийм олон зөрчил илэрчээ. Бусад аймаг, суманд байдал ямар байгаа бол?

-Одоогоор үйл ажил­лагаа явуулж байгаа 370 гаруй ойн мэргэжлийн байгууллага гэдэг нь 2010-2012 оны хооронд эрх ав­сан ойн мэргэжлийн бай­гууллагын тоо. Иймд дээр­хи зөрчил илэрсэн байдалд дүгнэлт хийж  Байгаль орчин ногоон хөгжлийн сайд энэ оны эхний хагас жилд багтааж улсын хэм­жээнд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэр­гэжлийн байгууллагуудыг дахин бүртгэж үзлэг хийх, аттестатчилах, техноло­гийн төвшин тогтоох  зэрэг ажлуудыг хийх үүргийг манай хэлтэст өгөөд бай­гаа. Үүний зэрэгцээ Ойн мэргэжлийн байгуулла­гуудад тавих шаардлага, ажиллах журмыг ногоон хөгжлийн бодлогын дагуу шинэчлэн баталлаа.