Ц.Балхаажав: МАХН, МАН-ыг одоо хүртэл нэг үзэл бодолтой гэж санадаг

11-р сарын 18, 2015 8:56 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 90
bf8377dba8c5cd46original

С.УЯНГА

МАХН, МАНыг эвсэж сонгуульд орох асуудлаар хоёр намын  ахмад гишүүд удирдлагууддаа өргөх бичиг барьсан билээ. МАХНын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн Гүйцэтгэх товчооны гишүүд өнгөрсөн баасан гаригт хоёр намын ахмадын төлөөллийг урьж, өргөх бичгийн  талаар ярилцаж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр МАХНын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.ЭнхбаярМиний өмнө нь хэлсэн үг хэвээр байгаа. Зарим шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүсийн үгийн цаана сайхан сэтгэл байгаа байх. Энэ асуудал хоёр нам биенийхээ өөдөөс алхах асуудал учраас шийд гаргахгүй. Намын гишүүд дарга нар санаа бодлоо илэрхийлсэн сайхан уулзалт боллоо. Та бүхэн МАНынхан бас ингэж уулзаж яриасай. Түүний дараа өөр олон алхам хийнэ. Ахмадууд чухал асуудлыг өргөн барьж хамгийн эхний алхмыг хийлээ. Бид та бүхнийг хүлээн авч Гүйцэтгэх товчооны хурал дээр ярьснаараа хоёр дахь алхмыг хийлээ. Өөрөөр хэлбэл, өөд өөдөөсөө хоёр алхлаа. Ард түмнээ баярлуулахын төлөө хамтарч ажиллаяхэмээн онцолсон.

Энэ талаар зарим хүний байр суурийг хүргэе.

Ө.Дорждэрэм /Улсын барилгын хорооны орлогч дарга асан, Эдийн засгийн ухааны доктор, гавъяат барилгачин/

Хоёр нам тусдаа болох асуудал хөрөнгөтний ч юмуу хувьсгалын тийм хүчтэй нөлөөлөл байгаагүйЗүгээр л ойлголцоогүй, нэг хэсэг нь нэгнийгээ хялайж харсан байдлаар явж байгаад ийм байдал руу түлхсэнд их харамсдаг. Тэгээгүй бол  өнөөдөр та бид засгийнхаа эрхийг бариад сууж байгаа. Гадна, дотны ямар ч хүчин зүйл  байсан ойлголцох асуудлаа засч байгаад аяндаа нэгдэх боломж гарч ирнэ. Ер нь эвсэж сонгуульд ороод ялчихаад улс орноо зөв тийш нь удирдан чиглүүлж байхад аливаа зүйлийн учир олдоно. Ер манай намд нүүр бардам  улс орноо авч явах хүч байгаа.

Ц.Балхаажав /МАХНын Төв хорооны нарийн бичгийн дарга асан, философийн Шинжлэх ухааны доктор, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн/

Хоёр намынхаа  бүтэц бүрэлдэхүүнийг би хувьдаа одоо хүртэл нэг л сэтгэлтэй, нэг үзэл бодолтой гэж санаж явдаг. Учир нь юу вэ гэхээр угаасаа Монголын ард түмний эрх ашгийн төлөө, тусгаар тогтнол, хөгжил  дэвшлийн төлөө бид намдаа элсч байсан. Тэр зарчмаараа өнөөдрийг хүртэл явж байна. Хэлбэрийн хувьд хоёр намын хүрээнд байгаа ч бидний өргөх бичигт дурдсанчлан эвсэх санал хэрэгжээд явбал ард түмэн хожно. Үүнээс айж болгоомжлох зүйл байхгүй. Талцал бол Монголын хамгийн том дайсан. Гэхдээ манай хоёр намын хоорондын талцал биш улсынхаа эв нэгдлийг алдсан явдал нь монгол хүн гэдэг ганцхан үзэл бодлыг олон тийш нь хуваагаад хүчээ сарниулаад байгаа хэрэг. Засгийн эрхэнд гарсан хүмүүс удирдаж чадахгүй байна. Тиймээс бид бүх зүйл дээр хүлээгээд тэвчээд сууж байдаг ард түмнийхээ  итгэлийг олж авах ёстой. Ямар ч байсан МАХН, МАН эвсээд улс орныг аваад явна гэдэг ард түмний ойлголт хэвээрээ байгаа. Үүнийг ч үндэслэж бид өргөх бичиг барих саналаа гаргаж ирсэн юм.

З.Батбаяр /МАХНын Гадаад харилцаа, сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга/

Ахмадуудын гаргасан саналыг ганцхан утга агуулгатай гэж ойлгож байгаа. Тэр нь Монгол Улсын төлөө, эх орны төлөө гэсэн. МАХН гэдэг энэ дөрвөн үгэнд зүгээр нэг улс төрийн намын учир утга байдаггүй. Энэ бол 90 жилийн түүхтэй, Монголын ард түмнийг хөгжил, дэвшилд хүргэсэн, хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгосон учир утгатай нэр. Сайхан гэж хэлж болох бүх амьдралыг МАХН авчирсан. Энэ намаар насаараа овоглож ирсэн та бүхний саналаас харахад Монголыг аврах  хувьсгалын шинжтэй үйлдлүүдийг хийхээс аргагүй болжээ гэдгийг ойлгож байна. Ахмадуудынхаа тавьсан саналыг бүх талаар дэмжиж хамтарч ажиллана. Гэхдээ хамтарч ажиллахад хоёр талтай байдаг. МАХНын удирдлагууд эх орныхоо төлөө нэгдэж ажиллахад бэлэн байна.

Д.Бямбасүрэн /МАХНын Нарийн бичгийн дарга/

-Буруу явж байсан бодлого үйл ажиллагаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бодитоор илэрсэн. Өөрийнхөө нэр дэвшигчийн эсрэг ажилласан. Ингэж буруу бодлого явуулсынх нь төлөө жирийн гишүүд удаа дараа санал гаргахад хүлээж авахгүй, бүр тэдний эсрэг үйл ажиллагаа явуулж намыг хагалан бутаргасан. Энэ асуудал дээр МАН бодитой дүгнэлт хийж чадаагүй явна гэж би хувьдаа харж байна. Нөгөө талаар тэр үед бид Ерөнхийлөгчөө гаргачихья гээд зүтгээд байдаг, гэтэл нөгөө хэсэг нь гаргахгүй гэсэн нь үйлдлээрээ тодорхой болсон. Тэгээд буруу үйлдлийг нь хэлээд байхад шударга хүмүүсээ намаас хассан. Гэтэл өнөөдөр энэ нөхдүүд хамт олныхоо дотор, удирдлагад байсаар байна. Энэ нь та бүхний улсынхаа сайн сайхны төлөө хамтраад явъя гэсэн саналыг хэрэгжүүлэх орчныг бүрдүүлэхгүй байна. Манай намаас бол татгалзах зүйл байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *