“Третур” компанид хэн хариуцлага тооцох вэ?

7-р сарын 20, 2012 10:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 246

– Тус компани Хан-Уул дүүргийн 73 дугаар байрны оршин суугчдын нарыг халхалж барилга барих ажлаа үргэлжлүүлсээр байна –

Л.ХЭРЛЭН

 

Хан-Уул дүүргийн ну­таг дэвсгэр, Зайсангийн чиглэлд газрын маргаан  гарах нь ердийн үзэгдэл болж, голын ай сав газарт барилга барьснаас орон сууцны хонгил, гараашууд усанд автаж иргэдийн өмч хөрөнгө хохирсон гэсэн мэдээлэл байнга дуулддаг. Энэ удаа Хан-Уул дүүр­гийн Туул гол гудамжны XV хорооны 73 дугаар байрны 35 айлын 25 нь “Манай байрны хажууд Третур компани барилга барихаар нүх ухаж, оршин суугчдын тав тухыг ал­дагдуулж  эхэллээ. Хэрэв барилга барьчихвал, бид нар үзэхгүй  нүх шиг бай­ранд амьдарч чадахгүйд хүрнэ” хэмээн холбогдох байгууллагуудад хандаж гомдол гаргаад байна.

Иргэдийн өргөдөл, гомд­лын дагуу Нийслэ­лийн мэргэжлийн хянал­тын газраас тус компанид зохих шийдвэр гартал ажлаа түр зогсоо гэсэн үүрэг өгсөн ч биелүүл­сэнгүй. Бага насны хүү­хэд, хөл гар муутай ахмад настнууд унах вий гэмээр ухсан нүхний хэмжээ өдрөөс өдөрт то­морч, дуу чимээ нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсаар  байна. Хол­­богдох байгуул­лагуу­даас гаргасан шийд­вэрийг үл тоомсорлож дураараа авирлаж байгаа тус ком­панийн захирал н.Баатар барилгын тал­байд нэг ч удаа үзэгдээгүй, менежер нь байдлыг мэ­дэж байгаа ч ажлаа зог­соол­гүй үр­гэлжүүлсээр байгаа талаар оршин сууг­чид ярьж байна.

 

73 дугаар байрны оршин суугч Х.Отгонбаяр: БИДЭНД НАР ХЭРЭГТЭЙ

-73 дугаар байр хэзээ ашиглалтад орсон бэ. Танай байрны хажууд барилгын ажил эхлээд хэр удаж байна? 

-Манай байр  өнгөрсөн өвөл ашиглалтад орсон. Энд амьдардаг 35 айлын 20 гаруй нь баруун тийшээ харсан цонхтой. Гэтэл зургадугаар сараас эхлэн манай байрны баруун талд барилгын нүх ухаж эхэл­сэн. Айлуудын нарыг хал­халж орон сууц барих гэж байгаа нь ойл­гомжтой байсан учраас дөнгөж нүх ухаж эхлэнгүүт нь барил­гын менежер н.Соёлоо гэдэг залуутай очиж уулз­сан. “Оршин суугчдын нарыг халхалж байгааг  бид эсэргүүцнэ. Хамаг хөрөнгөө зарж байр­тай болчихоод  насаараа нар харахгүй амьдарч ча­дах­гүй” гэж хэлсэн. Ту­хайн үед барилгын мене­жер бидэнд нэг ч үг хэлээ­гүй, ажилчиддаа үүрэг өгч  нүхээ улам том болгож ухуул­саар байсан. Манай байранд дандаа нялх хүүхэдтэй залуу гэр бүлүүд амьдардаг. Мөн ахмад настан, хөгшчүүл олон бий. Хэрэв барилга бариад нарыг нь халхалчихвал  нялх хүүхдүүд, хөгшчүүлд хэцүү болох нь. Цонхоор нь нар тусахгүй, агаар салхи орохгүй бол нялх хүүхдүүд өвчин ээрээд хэцүү байх нь ойлгомжтой.  Нар хэрэгтэй. Тэгээд ч бид энд тав зургаа хонох гэж байгаа биш, насаараа амь­дарна шүү дээ. Тийм болохоор гомдол гаргаж олон газраар явсан. Ба­рилга, хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн газрын албанд өргөдөл өгсөн байгаа. 

-Та бүхний өр­гө­­дөл, гомдлын мөрөөр холбогдох газрууд ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Нийслэлийн мэргэж­лийн хяналтын газраас 20-иод хоногийн өмнө “Дахин нүх ухаж болохгүй, ажлаа түр зогсоо” гэсэн үүрэг өгчихлөө гэж бидэнд хариу ирүүлсэн. Гэтэл  өнөөг хүртэл энэ компани нүхээ ухсаар, ажлаа үргэлж­лүүлсээр байна.

Бидэнд шөнө амарч унтаж болохгүй чимээ, шуугиан нь саад болж байна. Боломжтой газар барилга барих гээд нүх ухаж байгаа бол бид хорих аргагүй, дуу чимээг нь тэсвэрлээд сууж болно. Гэтэл нөхцөл байдал илэр­хий хууль зөрчиж, оршин суугчдын тав тухыг алдаг­дуулж хохироож байгааг тэвчих аргагүй юм.

 

Оршин суугч Н.Эрдэнэчимэг: ХОЁР БАРИЛГЫН ХООРОНДОХ ЗАЙГ ХЭМЖҮҮЛМЭЭР БАЙНА

-Дуу, чимээ ихтэй, ор­шин суугчдын нарыг хал­хал­сан гээд иргэд олон шүүмжлэл хэлж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Шинээр барих гэж байгаа барилгыг манай байранд маш ойрхон барьж байна. Барилгын хуулиар бол хоёр барил­гын хоо­рон­дын зай 9-10 м байх ёстой. Гэтэл бараг зайгүй шахам барилга барих гэж байна. Ингэс­нээр баруун талын айлууд  оройдоо нар үздэг байсан бол барилга барь­чи­хаар нар, салхи үзэхгүй битүү нүхнээс өөрцгүй болох нь. Тиймээс оршин суугч­дын тав, ту­хыг хан­гуу­лах, эрх ашгаа хамгаа­луу­лах үүд­нээс өр­гө­дөл, гомдол гар­гаад явж байгаа. Энэ байд­лыг хол­бог­дох байгуул­лагууд ан­хаарч үзээсэй гэж хүсэх байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *