Тосон нууранд тольдсон хариуцлагатай уул уурхай

9-р сарын 18, 2018 9:19 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 21
9-18-3й1

Б.СОЛОНГО

Нуурын эрэгт тухтай нь аргагүй суугаад усны мандал ширтэнгээ кофе уугаад, хорвоо ертөнцөөс тасрах тэр мэдрэмж…Нарлаг зуны аяллын хаалтаа аль хэдийнэ хийчихсэн миний хувьд төлөвлөөгүй байсан тэр мэдрэмжээ Тосон нуурын эрэгт авсан нь энэ. Уг нь бидний томилолт нуурын эрэг биш уул уурхайн талбайг зорьсон болохоор төлөвлөөгүй байсан гэх нь аргагүй. Уурхайн хамгаалалтын малгайтай баахан нөхөд шороо, тоосон дунд очихоор бэлтгэж хотоос гараад зүлэг, мод, ус, загас хараад гайхаж орхисноо нуухгүй.

Тосон нуур бол Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 16 га талбайд орших 1.6 км урт сунаж тогтсон цэнгэг уст нуур юм. Энэ нуур хүний гараар бүтсэн. Уул уурхайн олборлолт явагдаад үлдсэн нүхэнд үүссэн нуур. Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын хилийн хэсэгт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” группийн ажилчдын 20 орчим жилийн хөдөлмөр шингэсэн нуур юм билээ. Тэд 2001 онд энэ Тосон нуурыг байгуулж 2011 онд улсын бүртгэлд цэнгэг уст нуур хэмээн бүртгүүлж, нутгийн иргэдэд хүлээлгэн өгчээ. Өдгөө энд цурхай, зэвэг зэрэг зургаан төрлийн загас үржиж, олон төрлийн усны шувууд зусдаг экосистем хэдийнэ үүсчээ. “Өнгөрсөн жилээс нуурын минж үзэгдэж эхэлсэн. Ан амьтан нутагшихад таатай орчин бүрдүүлж чадсандаа бид их баярласан. Цаашид аялал жуулчлалын бүс нутаг болгон загасчлалын спортыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэж тус компанийн Байгаль орчин, нөхөн сэргээлтийн албаны дарга Д.Октябрь ярилаа. Нуурын эрэгт 2013 оноос тохижилтын ажил хийж, эко шийдэл бүхий чулуун зам, модон гүүр, саравч, сандал, ширээг байгуулан, эргийг нь зүлэгжүүлснээр амрах, загасчлах зорилготой иргэд очдог болжээ. Ухсан хар нүх, овоолсон хар шороогоор төсөөлдөг уул уурхайн олборлолтын талбайг ийнхүү нөхөн сэргээж болдог. Нөхөн сэргээхдээ аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж чадах сайн жишгийг эх орондоо үзсэндээ сэтгүүлч бид тун олзуурхаж явлаа. Тиймдээ ч уул уурхайн олборлолт, ашиг, орлогыг энэ удаад орхиод зөвхөн байгаль орчноо нөхөн сэргээж, унаган төрхөнд нь буцаан аваачсан хөдөлмөр, туршлагыг онцлохыг зорьсон юм.

МАЛЫН БЭЛЧЭЭРИЙГ ХЭВЭНД НЬ ОРУУЛЖ, ОЙН ТӨГӨЛ ҮҮСГЭЖЭЭ

“Монполимет” ком­пани Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлтийн баазыг түшиглэн үзүүлэх сургалтыг 2007 оноос хойш дөрөв дэх удаа зохион байгуулсан нь энэ. Энэ удаагийн үзүүлэх сургалтад нөхөн сэргээлтийн туршлага, аргачлалыг хуваалцах зорилгоор ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд, салбарын яам, агентлаг, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөрүүдээс төлөөлөл урьж оролцуулсан байлаа. Тус компанийн Тосон үйлдвэр өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт олборлолт хийсэн талбайн 80 хувьд техникийн нөхөн сэргээлт, түүний 69 хувьд биологийн нөхөн сэргээлтийг хийжээ. Мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн Байгаль орчин, нөхөн сэргээлтийн албыг тусад нь байгуулсан нь энэхүү ажлын гол хүч болж өгсөн байна. Тосон үйлдвэр нь мод үржүүлгийн болон ил бойжуулалтын талбайтай. Тэндээ 12-15 төрлийн модны суулгацыг үрээр болон мөчрөөр бойжуулж, нөхөн сэргээлтийн талбайдаа шилжүүлэн суулгаснаар өдгөө Тосон нуурыг тойрсон 5.5 км урт үргэлжлэх ойн төгөл бий болжээ. Улиас, бургас, хайлаас, үхрийн нүд, чацаргана, шар хуайс, голт бор зэрэг 80 мянга гаруй мод тариалсан нь 7-14 хүртэлх настай болж, одоо бие даан урган ойн хэв шинжийг бүрдүүлсэн байна. Бас нэгэн сонирхолтой нөхөн сэргээлт бол бэлчээрийн талбай байв. Өмнө нь мал бэлчдэг байсан газарт олборлолт хийсэн бол буцаагаад төрхөнд нь оруулж болдгийг үзүүлэв. Тодруулж хэлбэл, есөн км үргэлжлэх 200 га талбайд 120 гаруй төрлийн бэлчээрийн олон наст ургамал тариалсан нь өнөөдөр хуучин төрхөндөө хэдийнэ оржээ. Жил ирэх тусам нутгийн ургамлын ургац сайжирч байгааг компанийнхан хэллээ. Энэхүү биологийн нөхөн сэргээлтэд сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг ашиглаж байгаагаа мөн танилцуулсан юм. Тухайлбал, ХААИС-ийн Инноваци хөгжлийн төвтэй хамтран био нүүрсэн бортогыг үйлдвэрлэн түүндээ мод тарьж байгаа нь уул уурхайн салбарт анхны туршлага болжээ. Био нүүрсэн бортого буюу цилиндр хэлбэртэй, хоёр талдаа нүхтэй суурь нь таримлын үндсийг эгц доош нь чиглүүлж, газрын гүнд үндэслэх нөхцлийг бүрдүүлэн, амьдрах чадварыг нь сайжруулдаг байна. Мөн Солонгосын компанитай хамтран дуслын усалгааны системийг нэвтрүүлснээр модны ургалт эрс нэмэгдэж гурван жилд зургаан метр өндөр ургажээ. Энэ систем нь мод бүрт жигд чийг өгч, ялзруулдаггүй байна. Мөн нэг цагт дөрвөн литр ус зарцуулдаг хэмнэлттэй шийдэлтэй ажээ.

“УУЛ УУРХАЙ БОЛ МЭРГЭЖЛИЙН АЖИЛ”

Тосон үйлдвэр өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт олборлолт хийсэн талбайн 80 хувьд техникийн нөхөн сэргээлт, түүний 69 хувьд биологийн нөхөн сэргээлтийг хийжээ.

Үүний дараа бид Драгийн үйлдвэртэй танилцсан юм. Дэлхий нийтэд хамгийн эко гэдгээр хүлээн Драгийн үйлдвэрүүдийг манай улс 1972 оноос ашиглаж эхэлсэн түүхтэй. Таван давхар барилгатай тэнцэхүйц том техник нь олборлолт, баяжуулалт буюу боловсруулалт, мөн техникийн нөхөн сэргээлтээ өөрөө хийдгээрээ онцлог юм байна. Зөвхөн усаар баяжуулалт хийдэг тус үйлдвэр нь өөрөө цөөрөм үүсгэж, үүсгэсэн усандаа олборлолт хийн хөвж явдаг. Баяжуулалтын үйл явцдаа химийн ямар ч бодис хэрэглэдэггүй,  100 хувь эрчим хүчээр ажилладаг ажээ. Драгийн үйлдвэр хэрхэн ажиллаж байгааг газар дээрээс нь дүрслэн хэлэхэд үйлдвэрийн урд талд нь эксковатороор эхлээд газрын хөрсийг нь хуулж өгнө. Хуулсан хөрснөөс ус гарч ирнэ. Харин тэр усан дээр Драгийн үйлдвэр ажиллаж олборлолтоо хийх бөгөөд үйлдвэрийн хойд хэсгээс баяжуулсан шороо нь угаагдаад гарч байна. Гарсан шороогоо тэгшлээд хөрсөө хучиж нөхөн сэргээнэ. Байгаль орчинд ямар ч сөрөг нөлөө байхгүй, голын усан дотор үйл ажиллагаа явуулдаггүй болохыг үзүүлэх сургалтад оролцсон зочдод ийнхүү харуулсан юм. Тус техникийг ажиллуулахад нэг ээлжиндээ геологич, баяжуулагч инженер зэрэг 50 гаруй хүн ажилладаг ажээ. “Уул уурхайн компаниуд нийгмийн болон хуулийн хариуцлагаа ухамсарлаад хийж байгаа ажлаа ингэж танилцуулах нь маш зүйтэй юм. Хэн нэгэн лиценз авчихаад төслөө ч танилцуулахгүй шууд ухаад эхэлдэг. Ингэхээр нутгийн иргэд яаж итгэл үнэмшилтэй болох вэ. Манай төсөл ингэж ажиллана. Ийм нөхөн сэргээлт хийнэ. Ийм хариуцлага хүлээнэ. Одоо ажил ийм явцтай байна гээд ингээд танилцуулж  байх хэрэгтэй. Уул уурхай бол мэргэжлийн ажил. Тусдаа шинжлэх ухаан, технологитой байдаг учир зайлшгүй мэргэжлийн хүмүүс авч явах ёстой. Танай компанийн удирдлагууд болон чадварлаг баг хамт олонд баяр хүргэе” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар онцолж байв. Ийнхүү “Монполимет” группийн­хэн “Мэргэж­лийн уул уурхай ба байгаль орчин” сэдэвт дөрөв дэх удаа­гийн үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Нэг өд­рийн үзүүлэх сургал­тын төгсгөлд үргэлж муугаар хэлүүлдэг энэ салбарынханд бас сайн жишиг байдаг юм байна. Бусад компани ч энэ жишгээр ажиллаасай, байгаль орчин, эх дэлхий­гээ хайрлан хамгаалаасай, унаган төрхөнд нь буцаагаад аваачаасай гэсэн олон бодол төрж төр, засгийн зүгээс хариуцлагатай, мэргэжлийн уул уурхайг хадгалж үлдэхээр зүтгэж байгаа энэ залуучуудыг хэзээ бодитоор дэмжих бол гэсэн асуулттай үлдсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *