Тооны сайчуултай “Сант” сургуулийн хичээлийн шинэ жил

9-р сарын 2, 2015 8:45 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 104
9-2-1

Б.ЗАЯА

Зусланд болсон зугаатай явдлаа ярихаар, зуны амралтын даалгавраа шалгуулахаар багачууд сургуульдаа яаран ирцгээдэг есдүгээр сарын 1-ний өдөр өчигдөр тохиолоо. Оюутан, сурагч ялгаагүй шинэ бүхнээр гоёсон энэ өдрийн өнгө сургууль бүрийн үүдэнд алаглан байлаа. Тооны ухаанаар төгсөгчид нь нэртэй “Сант” ахлах сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийг сонирхлоо.

Хичээлийн нээлт бага үдэд товлогдсон ч “Сант”-ын сурагчид эртлэн ирсэн байв. Сургуулийнхаа сурагчид, эцэг эхчүүдийг үндэсний хувцсаар гоёсон багш нар мэнд мэдэн угтана. Шинэ хичээлийн жилд тус сургуульд 1400 гаруй сурагчтай хичээллэнэ. Эднийх 60 гаруй багш ажилтантай. Сурагчид нь тооны ухааны шилдгүүд. Жил бүрийн олон улсын физик, математик, хими, биологи, мэдээлэл зүйн олимпидад сургуулийн сурагчид амжилттай оролцдогийг боловсролын салбарынхан андахгүй. Шинэ хичээлийн жилд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр сургалтаа явуулахаас гадна гадаадын нэр хүндтэй дээд сургуульд төгсөгчдөө сургах бодлого баримтлахыг захирал З.Энхмөнх ярилаа. Хүүхэд бүр энэ хичээлийн жилд амжилттай суралцаж олимпиад уралдаанд амжилт гарган, гадаадын нэр хүндтэй сургуульд суралцах хүсэл өвөрлөсөөр ирсэн нь лавтай. Тиймээс “Сант” сургуулийн захирал З.Энхмөнхөөс хичээлийн жилийн анхны өдөр сургалтын талаар тодрууллаа.

 З.Энхмөнх: АНУ-ЫН “ЭЙ ПИ” ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ

БСШУЯ-наас олон хөтөлбөр санаачлан нэвтрүүлж байна. Танай сургууль дээр хэрхэн хэрэгжиж байгаабол?

-Салбарын яамнаас баталсан бага боловсролын “Цөм” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн суурь боловсролын сургалтын Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Үүнээс гадна манай ахлах сургуулийн хөтөлбөр АНУ-ын олон улсын төвшний Эй пи хөтөлбөрийн дагуу явагддаг. Бид боловсролын салбарт тодорхой хэмжээний орон зайтай, үүрэгтэй ажиллаж байгаагийн хувьд монгол хүүхдүүдээ олон улсад амжилттай сургаж, эргэж ирээд эх орондоо хэрэгтэй хүн болох нөхцөл бололцоо, сургалтын орчин бүрдүүлэн ажиллаж байна.

Тус сургууль 2013 оноос АНУ-ын Массачусетсийн технологийн институтын анхны цахим хичээлийг Монголд анх удаа нэвтрүүлжээ. Ингэснээр сурагчид Монголын болон олон улсын хосолсон хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн юм. “Сант” сургуулиас өнгөрсөн хугацаанд 800 гаруй хүүхэд амьдралын их замд гарчээ. Төгсөгчид нь жил бүр дэлхийн шилдэг инженерийн их, дээд сургуульд элсэх боломжтой. Тухайлбал, MIT, Стэнфорд, Токиогийн технологийн институтад тэтгэлэгтэйгээр суралцдаг юм байна.

Шинэ хичээлийн жилд тус сургууль бахархам алдар гавьяатай сурагчидтайгаа угтаж байна. Сургуулийн орчин, сургалтын бааз, чадварлаг багш нарын гараас ой тогтоолтын дэлхийн аварга, хими физикийн улсын аваргууд төрөн гарчээ. Есдүгээр сарын 1-ний баярын өдөр авьаслаг багачууд, багш нар сэтгэгдлээс хуваалцлаа.

 Бага ангийн багш Б.Бямбатуяа:

-Сургуульдаа тав дахь жилдээ математикийн багшаар ажиллаж байна. Манайх өнгөрсөн жилээс “Цөм” хөтөлбөрийг сургалтдаа хэрэгжүүлж эхэлсэн. Амжилттай туршиж арга зүйгээ өөрчилж чадаж байгааг хэлэхэд таатай байна. Шавь нар маань ч ихийг сурч олон талаасаа хөгжиж байна.  Ангийнхан, сургуулийнхандаа баярын мэнд хүргэе.

12-Б ангийн сурагч О.Тэргэл:

-Есдүгээр сарын 1 бол миний хувьд хамгийн дурсгалтай мөч. Сургуулийн шинэхэн байранд анх нэгдүгээр ангид орж байсан бол энэ удаа анхны 12 дугаар төгсөлтийн сурагч болж байна. Сургуулиараа маш их бахархаж байна. Манай сургууль хүүхдүүдэд ачаалал өгч чаддаг. Ингэснээр бидэнд маш том боломж бий болгож өгсөн. Удаан хугацаагаар ачаалал даан суралцах нь ирээдүйн мэргэжлээ сонгоход, гадаадын их дээд сургуульд сурахад дөхөм болдог.

 10-Д ангийн сурагч Б.Халиун:

-Дүрэмт хувцсаа их санасан байна. Найзуудыгаа ч мөн их санасан. Би химийн хичээлд дуртай. Тэр чиглэлээр сургуулиас сайн дэмждэг. Багш нарынхаа химийн улсын 26 дугаар олимпиадаас алтан медаль хүртсэн. Манай сургууль хүүхдийг олон талаас хөгжүүлэхэд анхаардаг. Үүний ачаар өнгөрсөн жил ой тогтоолтын дэлхийн аварга болсон. Саяхан болсон Азийн ой тогтоолтын анхны наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. Манай ангийнхан ч мундаг хүүхдүүд байдаг. Энэ оны улсын олимпиадаас манай анги найман медаль хүртсэн. Физикийн багийн олимпиадын алтан медальтай, монгол хэлний олимпиадад нийслэлийн хэмжээнд хүрэл медальтай. Манайхан сурлагадаа анхаарахаас гадна маш нөхөрсөг, багш нарын харилцаа ч гоё, бидэнтэй чөлөөтэй харилцдаг. Хөгжил дэвшлийн зуунд инженер болох мөрөөдөлтэй. Ялангуяа химийн инженер. Энэ бол Монголд чухал шаардагдаж байгаа мэргэжил юм.

4-А ангийн сурагч О.Амина:

-Зуныхаа даалгаврыг бүгдийг нь хийчихсэн болохоор сургуулиа их санасан. Ангийнхантайгаа уулзах гоё байна. Би тоо, англи хэл, монгол хэлний хичээлд дуртай. Том болоод нарийн боовчин болох мөрөөдөлтэй. Манай ангийнхан ерөнхийлөгч, цагдаа, эмч болно гэж ярьцгаадаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Does Cephalexin Contain Penicillin Prix Du Cialis Forum Zithromax Tri cialis prices Buy Ciprofloxacin Levitra Prix Au Maroc

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *