Тойм: Засгийн 100 хоног тохиож, сөрөг хүчнээс муу үнэлгээ авсан долоо хоног

2-р сарын 4, 2018 1:47 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 56
3clcogi1u0qqgcfo173cnnhrnn-550x300

Т.САЙХАН

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног тохиолоо.  Тэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа  тайлагнав.  Үүнтэй зэрэгцэн  сөрөг хүчин орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.   Энэ мэтчилэн өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Засгийн газар 100 хоногт юу хийв

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт 30 шийдвэр гарган ажиллажээ. Цаашид  “төрийн албаны сахилга, хариуцлагыг чангатгана. Эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангана. Өрийн дарамтаас гарна” зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа Ерөнхий сайд мэдэгдэв. Мөн нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг  ирэх аравдугаар сард нэмнэ гэв.   Мөн ипотекийн зээл, түрээсийн орон сууцыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон агаарын бохирдлыг бууруулах чиглэл хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа. Багахан хугацаанд чамгүй ажил амжуулснаа засаглалынхан тайлагнав. Гурван сар гаруйхны дотор олон ажил гүйцэлдүүлснийхээ 30-ыг нь тэд онцолсон юм. Тоочвол, тулгамдаж буй гадаад өрийг бонд гаргаж өрийг өрөөр төлсөн, Монголыг Европын холбооны хар жагсаалтаас гаргалаа, шинэ цэвэрлэх байгууламж барих шийдэл олсон, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авсан зэргийг 100 хоногт хийсэн хэмээн мэдэгдлээ.

АН ахиад тэмцэнэ гэдгээ мэдэгдэв

Засгийн газрын 100 хоногтой зэрэгцэн АН орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.   МАХН,ИЗНН болон бусад хөдөлгөөнүүд нэгдэж,  2018 оны улс төрийн анхны жагсаалыг хийлээ. Бүх нийтийн тайван жагсаалд 60-70 мянга орчим иргэн оролцжээ. Төв талбайд зохион байгуулсан жагсаал ур хийцийн хувьд харьцангуй ажил хэрэгч байлаа. Хүнд ачаа үүрсэн цуваа, есөн эрүү шүүлт, сүртэй уриа лоозон тэргүүтнүүд олны анхаарлыг эрхгүй татав. Төрийн ордныг гурвантаа тойроод, тарж одсон цуглаан нэг өдрөөр дуусчихгүй гэдгийг Ардчилсан намын удирдлагууд тодотгож байв.

Ерөнхийлөгчийн орон нутаг дахь уулзалт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь нийслэлийн дүүрэг бүрт очиж, иргэдтэй уулзсан бол энэ долоо хоногийн сүүлчээр хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэрээр энэ сарын 3-нд Өмнөговь аймгийн иргэдтэй уулзсан бөгөөд өнөөдөр /02.04/  Дундговь аймгийн иргэдтэй уулзаж байгаа юм. Энэ үед аймгийн иргэд сонсогчидтой уулзаж, улс төр, нийгэм, эдийн засаг болон өвөлжилттэй холбоотой санал хүсэлтийг сонсох юм байна.  Төрийн тэргүүний иргэдтэй хийх уулзалт Чингэлтэй дүүргээс эхэлсэн. Одоогийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүрэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаад байна.

 ХХОАТ-ын хэмжээг нэг шатлалтай болголоо

УИХ-ын баасан гарагийн хуралдаанаар ХХОАТ-ын тухай хуулийн төслийн үзэл баримлалтын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ оны  нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар буюу дөрвөн шатлалтайгаар албан татвар ногдуулж эхэлсэн. Уг хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай буюу 10 хувь болгохоор өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг хэлэлцэв. Ингээд ХХОАТ-ын тухай хуулийн төслийн үзэл баримтлалтыг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Тэтгэврийн насыг сонголттой болгов 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Уг хуулийн төслөөр эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах эрхийг нээлттэй болгож байгаа юм. Мөн жил бүр тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмдэг байсныг гурван сар болгон өөрчилсөн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шуугиан дэгдэв

“Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилсэн гэх  мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн нэгэн дуулиан байв.  “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан асуудал Арбиртын шүүх дээр унасан талаар ярьсан байдаг.  Харин энэ мэдээллийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэж, Засгийн газрын түвшинд мэдээлэл ирээгүй гэсэн утгаар хариулт өгсөн юм.   “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” компаниар баталгаа гаргуулсан явдал одоогоос гурван жилийн өмнө дуулиан дэгдээж байв. Тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нар “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Жаст” группийн зээлийн барьцаанд тавьж буйг батламжлан гарын үсэг зурсан гэсэн шуугиан тасраагүй байна.  Харин энэ асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилсэн гэдэг нь худлаа болохыг мэдэгдлээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” -ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Propecia Hair Side Effects buy cialis Avanfil

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *