Тойм: Шүүх шийдвэрээсээ буцаж, Хууль зүйн сайд ТЕГ дуудагдав

5-р сарын 13, 2018 7:20 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 42
5-11-3

С.САРУУЛ

Улирч буй долоон хоног хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй экс Ерөнхий сайдуудтай холбоотой дуулианаар дүүрэн өнгөрөв. Мөн УИХ-аас томилсон Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагчийг өөрчилсөн. Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг тагнуулын байгууллагаас дуудав. Долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн саналыг унагав  

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  АТГ-ын  даргын томилгооны асуудлыг УИХ хүлээж авах эсэх талаар хэлэлцэв.  АТГ-ын даргын үүрэгт хугацаа дуусгавар болоогүй учраас Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан АТГ-ын дарга, дэд даргыг дэмжих боломжгүй гэдэгт байр сууриа нэгтгэжээ.  Энэ байр сууриа Хуульзүйн байнгын хорооны хурал дээр бататгаж Ерөнхийлөгчийн мэдүүлсэн АТГ-ын дарга, дэд даргыг өөрчлөх шаардлагагүй хэмээн унагасан юм.

 Д.Дамба-Очир Оюутолгойг шалгахаас татгалзав

Оюутолгойн Ажлын хэсгийн ахлагчаар томилсон Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө илэрхийлжээ. Түүний оронд Ажлын хэсгийн дэд ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилсон юм. УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойг шалгах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байсан юм. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нарыг томилсон байдаг.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хорих ангиас захидал бичив

Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад даруй нэг сар орчим болжээ. Өнгөрсөн сарын 10-наас хойш хорих 461-р ангид хоригдож буй тэрээр Ил захидал бичсэн юм. Захидалд “Ч.Сайханбилэг миний бие Та бүхэнд 461-р хаалттай хорих ангиас хандан энэхүү Ил захидлыг бичиж байна. Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижиг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хичнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за.

Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөсөнийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр.

Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр юуны өмнө 2016 оны сүүлээр учрах байсан, одоо ч ярихгүй байгаа төсөв, санхүүгийн default-аас Монгол улс зайлж чадсан юм. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн талаас илүүг буюу 3 орчим хувийг Оюутолгой бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан  Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж оллоо. Жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1,5 тэрбум доллар болж өсөн, үүний 3 доллар тутмын хоёрыг нь Оюутолгой гүний уурхайн хөрөнгө оруулалт хангаж байна” гэж тэмдэглэжээ.

С.Зоригийн хэргээр “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг хөнджээ

Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотой 50 гаруй дүгнэлт, тогтоол ирүүлсний дагуу тус холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Х.Нямбаатарыг томилсон байдаг. Ажлын хэсэг Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрийг судалсан байна. Тус шийдвэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон Улсын Парламентын Холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж. “Эдгээр асуудал нь хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, эсвэл уг асуудлаар Улсын Их Хурлын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг” Х.Нямбаатар гишүүн өнөөдөр 2018.05.07/ Хуульзүйн байнгын хорооны хуралд танилцуулжээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нарыг ажиллуулахаар байгуулаад байгаа юм.

Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ой энэ сарын 9-нд тохиосон юм.

Ялалтын өдрийг угтаж МАХН-ын удирдлагууд болон Элчин сайдын яамдын төлөөлөл Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, ахмад дайчид, залуу үеийн төлөөлөл оролцлоо.Мөн ялалтын баярын өдрөөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд Зөвлөлт дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Хууль зүйн  сайдыг  ТЕГ байцаав

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг  ТЕГ дуудав.  Нийслэлийн прокуророос  түүнийг нэр бүхий сэтгүүлчид, тэдний гэр бүлийн 30 гаруй иргэнийг чагнасан, тагнасан хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татах саналыг  ТЕГ-аас ирүүлсэн   гэдгийг хэд хоногийн өмнө мэдээлсэн. Харин Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Тагнуулын газар дуудахад нь очсон. Гэхдээ байцаалт, мэдүүлэг өгөөгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

1072 хувьцааг “амилуулах” хоёр хувилбарыг танилцуулав

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, Хөрөнгө оруу­лалтын газрын захи­рал С.Ашидмөнх нар 1072 хувь­цааг “амь” оруулах хоёр хувилбарыг Ерөн­хийлөг­чид танилцууллаа. Иргэдэд ногдол ашиг тараах эхний хувилбар нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны одоогийн эзэмшлийн дагуу иргэн бүрт 300 мян­ган төгрөгийн ногдол ашиг тараахын тулд 300 орчим сая метр куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олбор­лож, борлуулах шаард­лага­тай. Гэсэн ч ком­пани өнгөрсөн онд 47 сая метр куб уулын цул хөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанд нэмэг­дүүлэх боломжгүй гэлээ. Харин хоёр дахь хувилбар нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах юм. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувил­бар аж. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой юм байна. Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваа­рилах боломжтой бөгөөд компанийн өрт­гийг бууруулснаар 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Компанийн удирд­лагуудын ногдол ашиг ху­ваарилах саналыг дэмжинэ” гэлээ.

Экс Ерөнхий сайдуудыг суллах шүүхийн эргэж буцсан шийдвэр

Экс Ерөнхий сайдуудыг Оюутолгой, оффшор данс, Дубайн гэрээтэй холбогдуулан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад 30 хонож байна. Тэднийг хорьж, байцаах хуулийн хугацаа өнгөрсөн пүрэв гаригт дуусч суллах,  эсвэл  үргэлжлүүлэн хорихыг шийдвэрлэх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Үдээс өмнө нь шүүхээс  Ерөнхий сайдууд болон Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг  суллахаар болж, хилийн хориг тавих шийдвэрийг  гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Чингэлтэй  дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм.

Шүүхийн шийдвэрийн дараа тэдний өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ гаргаж  авахаар хорих ангид очоод байсан ч 15:00 цагт шүүх хурал дахин товлогдов. Ингэснээр  үдээс хойш  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэлээ. Улмаар Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарыг суллах шүүхийн шийдвэрийг өөрчилж хилийн хязгаарлалт тогтоож, үргэлжлүүлэн хорихоор болов. Өөрөөр хэлбэл, шүүх үдээс өмнө 11:40 цагт С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг суллах шийдвэр гаргасан ч 17:10 минутад шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон юм.

Солонгос улсыг зорихоор өдөрт 900 хүн виз мэдүүлж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон  Цагдаагийн ерөнхий газраас хамтран  хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Манай улсын иргэд Солонгост 90 хоногийн визээр зорчиж, ажил хийх сонирхол сүүлийн үед илт өссөн. Тус улсын виз мэдүүлэх төвүүдийн ачаалал байнгын өндөр байгаа. Харин иргэдийн энэхүү хүсэл, сонирхолд дөрөөлж хууль бус үйлдлүүд гарч байгаа тухай хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тухайлбал, виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх байдал ихэсч байна. Нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, түрээсийн гэрээ, банкны хуулга зэрэг 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд л 400-500 хуурамт материал илэрчээ. Тиймээс иргэдийн бүрдүүлж өгсөн бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж байгаа тул визний хариу удааширч байгаа нэг шалтгаан болж байгаа тухай БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Кан Мүг хурлын үеэр хэллээ.

БНСУ-ын элчин сайдын яам нь албан ёсны найман төвөөр дамжуулан визний мэдүүлэг хүлээж авч байгаа. Мэдүүлэг хүлээн авахдаа нэг ч төгрөгийн хураамж авдаггүй, дугаар зардаггүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Найман төрлийн 5000 мод тарина

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өнөөдөр /2018.05.12/  боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  НЗДТГ-ын удирдлага, албан хаагчид, НИТХ-ын төлөөлөл оролцлоо.

Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн найман төрлийн нийт 5000 орчим мод таригдах юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх 973 га талбайг хамарч байгаагаас 183 га талбайн ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ хийгдсэн. Өнгөрсөн жилээс III ээлжийн 50 га талбайд ногоон  байгууламж тохижилтын ажил эхэлсэн  бөгөөд энэ жилийн мод тарилт  Ус сувгийн удирдах газрын гүний худгийг  хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдаж байна. 2009 оноос хойш  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг таригдсан. Өнгөрсөн 2017 онд тооллого явуулж мод  ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гараад байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *