Тойм: Генерал, уяачдын цолыг хасч, сэтгүүлчдийг тагнасан долоо хоног

4-р сарын 29, 2018 7:07 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 43
4-27-1

С.САРУУЛ

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлож байна. Монголын генералуудын өдрийн өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж гурван генералыг цолыг хураасан юм. Мөн зарим уяачдын цол зэргийг хасч буйгаа төрийн мэдэгдсэн бол үүнтэй зэрэгцээд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж зарим сэтгүүлчдийг тагнаж чагнасан талаар прокурорын байгууллагаас мэдэгдсэн юм. Энэ мэтчилэн үйл явдал өрнүүн, ээдрээтэй асуудал ихтэй өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг хүргэж байна.

Энэтхэгийн  сайд анхны айлчлалаа хийв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар  Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж манай улсад анхны айлчлалаа хийлээ. Мөн Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын сүүлийн 42 жилд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Сушма Свараж айлчладынхаа үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.  Монгол, Энэтхэг хоёр улс эрчим хүч, худалдаа, эдийн засаг, цахим аюулгүй байдал, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээ, эм зүй, мэдээллийн технологи, боловсролын салбарт  хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Хурлын дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд нар протоколд гарын үсэг зурж, мэдээлэл хийх үеэр. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол-Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлж, Энэтхэгийн тал энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуулилтад үргэлжлүүлэн оролцохоор ярилцлаа. Мөн худалдааг тэлж, экспортыг өсгөх шаардлага байгааг тэмдэглэж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хоёр талаас дэмжиж, худалдааны яармаг, бизнес форумыг ойрхон зохион байгуулахаар тохиролцлоо. Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай чанартай хэрэгжүүлж, энэ хүрээнд ойрын үед нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хийхээр тохирлоо. Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургах тал дээр Энэтхэгийн тал дэмжлэг үзүүлэхээр ярьж байна.  Мэдээлэл-технологийн салбарт хоёр тал хамтран ажиллах замын зураг гаргахаар тохиролцлоо. Түүнчлэн, эрхэмсэг хатагтай сайд Монголын сэтгүүлчдийг сургах тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг улстай танилцуулах хөтөлбөр зохион байгуулахын сацуу хэвлэл мэдээлэл хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийллээ” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Гурван генералыг цолыг хураах зарлиг гаргалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга  /2018.04.24/ Цол хасах тухай зарлиг гаргалаа. Зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.

АТГ: Б.Бямбасайханаас байцаалт авсан

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр  мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж буй эрүүгийн хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням “С.Баяр, Б.Ариунсан нарын хувьд хоригдоод эмнэлэгт хэвтсэн, одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хоригдож байгаа. Оюутолгойн гэрээтэй холбоотой Мөрдөн  шалгах ажиллагааны явцад дээрх гэрээнүүдэд тусгагдсан байгаль орчны болон эрчим хүчний чиглэлээрх асуудал нь мөн хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх гэх мэт асуудлыг шалгаж байгаа. Шалгалтаар дээрх нөхцөл тогтоогдвол чиглэл хариуцсан албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж болно. Гэрчийн мэдүүлэг авсан. Б.Бямбасайханаас байцаалт авсан. Мөн яллагдагч нь өмгөөлөгч Цогтыг байлцуулж мэдүүлэг өгнө гэдэг. Өмгөөлөгч нь гадаад улсаас ирсэн, байцаалт явагдаж байна. Жаст ХХК, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэний зээл, хөрөнгө, өр, авлагын асуудлыг нэгбүрчлэн шалгаж байна. Энэхүү асуудлын хувьд иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан. ДЦС-4-ийн захирал С.Анхбаярын гэр, албан тасалгаа болон хамаарал бүхий обьектуудад прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагааг явуулсан. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.Монголбанкны Золжаргал, Монголросцветметийн До.Ганболд нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэрэг мөрдөн шалгах ажиллагааны хувьд мухардалд орсон зүйл байхгүй. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, УЕПГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Сэтгүүлчдийг тагнасан, чагнасан, буудсан асуудал дэгдэв

Парис хотод төвтэй “Хил хязгааргүй сэтгүүл­чид” олон улсын байгуул­лагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулсан.  Хэвлэлийн эрх чөлөөгөөр манай улс өмнөх оноос хоёр байраар ухарч, 71-т бичигджээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэг­цэн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий есөн сэтгүүл­чийг тагнасан, чагнасан,  автомашин руу нь  буудсан гэх асуудал “босч” ирлээ. ТЕГ-аас энэхүү асуу­далд шалгалт явуулж, ил­рүүлсэн гэх албан бус мэдээлэл бий. Тэгвэл тагнасан, чагнасан асуудлаар Нийслэлийн Прокурор мэдээлэл хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч тайлбар өглөө. Энэ асуудлыг тойр­сон эх сурвалжуудын мэдээл­лийг тоймлон хүргэж байна. Нийслэлийн прокурорын газ­рын олон нийттэй харилцах асуудал  хариуц­сан хяналтын про­курор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль, тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүл­сэн. Прокурор хэр­гийг хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Харин Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Би сэтгүүлчийг таг­наж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэг­тэй холбогдуулж ийм зүйл хийж байгаа. Улс төрд зүтгэх 27 жил­ийн хугацаанд нэг ч сэтгүүл­чийг гүтгэж, нэг ч сэтгүүлчийг шүүхэд дуу­даж байсангүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа. Машины дугуй руу буудсан гэдэг нь ямар учир­тай юм, юу яриг­даад байгаа юм, энэ талаар судалж, хэв­лэлийнхэнд үнэн зөв мэдээ­лэл өгөө­рэй гэж цагдаагийн­ханд хэлсэн. Эрдэнэтийн асуудал дээр 49 хувийнхны тэвчээр нь барагдаж байх шиг байна. Надаар, миний танил хүмүүсээр оролдож бай­­­­­на. Сэтгэл зүйн асар их дарам­­тад байлгах гэж бо­дож байна. С.Зориг амьд сэрүүндээ иймэр­хүү бай­далд бүтэн жил амьдарсан юм. О.Даш­балбар, дараа нь талий­гаач М.Зэнээ бур­хан болохынхоо өмнөх жилүүдэд яг ийм байдал­тайгаар хэдэн жил амьдар­сан юм. Тэгэхээр тэр бай­дал над дээр ирж байгаа юм болов уу гэж бодогдож байна шүү” гэлээ.

 Д.Дагвадорж, П.Сэргэлэн нарын цолыг хасав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  “Цол хасах тухай” зарлиг гаргалаа. Зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн байгууллагын тодорхой чиглэл, мэдэгдлийг үл хайхарч, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан сурч боловсрох эрхийг нь хохироосон, хууль тогтоомж зөрчсөн, малын гоц халдварт өвчний эрсдлийг нэмэгдүүлж улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон “Дүнжингарав-2018” морин уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Дашзэвэгийн Дагвадоржийн “Улсын тод манлай уяач” цолыг, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн “Улсын манлай уяач” цолыг тус тус хассугай” гэжээ.

Хоёр Солонгос энхийн гэрээ байгуулна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар  хоёр Солонгосын хилийг заагладаг Панмунжом тосгонд уулзлаа.  Уулзалтын үеэр Өмнөд ба Хойд Солонгосын талууд энэ онд багтааж, АНУ эсвэл Хятадыг оролцуулсан гурван талт энхийн гэрээ байгуулан 1950-1953 оны Солонгосын дайныг албан ёсоор өндөрлөх тохиролцоонд хүрлээ. Ингэснээр Солонгосын хойгт байнгын энх тайван байдал тогтоно гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. Уг зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ирэх намар Мүүн Жэ Ин Пёньянд айлчлахаар тохиролцжээ.

Панмунжомын Тунхаглалд дурдсан зөвшилцлүүд:

  1. 1953 оны гал зогсоох хэлэлцээрээр завсарласан Солонгосын дайныг төгсгөл болсныг албан ёсоор зарлах
  2. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах ажлыг талууд гол зорилгоо болгон хамтарч ажиллах
  3. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ирэх намар Пёньянд айлчлах
  4. Хоёр Солонгос хуурай газар, агаар, тэнгист харилцан дайсагналаа зогсоох
  5. Тавдугаар сарын 1-нээс эхлэн хоёр Солонгосын хил дагуу суртал нэвтрүүлгийн ажиллагааг талууд зогсоох
  6. Хойд Солонгосын Гэсеонд талууд хамтарсан төлөөлөгчийн газар нээх
  7. Наймдугаар сарын 15-нд Солонгосын дайнаар салж хагацсан иргэдээ уулзуулах
  8. Зүүн эрэг дагуу хоёр Солонгосыг холбосон төмөр замаа сэргээх
  9. 2018 оны Азийн Спортын Наадамд хоёр Солонгосын хамтарсан багийг оролцуулах

Генералуудын өдөр тохиов

1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад генерал хэмээх цэргийн дээд цолыг бий болгон хэрэглэж эхлэснээс хойш өдгөө 74 жил болов. Энэ хугацаанд нийт 189 генерал цолтон төрсөн бөгөөд одоо 90-ээд нь амьд сэрүүн байгаа юм. Тэдний 30-аад нь Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгайласан чиг үүрэг бүхий байгууллагад албан тушаал хашиж байгаа бол 60 гаруй генерал цолтон бэлтгэл болон чөлөөнд байна. Баасан гаригт генералуудын төлөөлөл цугларч Их жанжин Д.Сүхбаатарын болон Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв. Уг ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд нар оролцсон юм.

ТОП 100-г нэрлэв

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран Топ-100 аж ахуйн нэгжийг жил бүр ажил, амжилтаар нь эрэмблэн өргөмжлөл хүртээдэг болсон. Энэ жилийн Топ-100 ААН-ийг 20, 21-40, 41-60, 61-80, 81-100 гэсэн таван багцаар ангилж тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан үзэж жагсаасан байна. Гэхдээ энэ нь ямар нэг байр эзлүүлж шалгаруулж  байгаа хэрэг биш Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй мянган ААН-ийн ажлын статистикийн үзүүлэлт, тоон мэдээлэл дээр тулгуурлан ихээс бага руу нь эрэмбэлж буй нь олон улсын жишиг бүхий үйл явц юм.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Cialis 20 Bestellen Le Viagra Homme Viagra Andere Namen cialis Malegra Commander Cialis Net

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *