Тэтгэврийн даатгалын хуримтлалын санг хянах байгууллага

8-р сарын 1, 2018 9:18 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 71
olloo_mn_1514857602_11180

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Японд тэтгэврийн даатгалын хуримтлалын санг ямар байгууллага хянадаг талаар танилцуулъя. 1960-аад оны Япон хуримтлалын сангийн хөрөнгийг аж үйлдвэрийн суурь бүтээн байгуулалтын хоцрогдлыг арилгахад хөрөнгө оруулсан юм. Мөн төмөр зам, цахилгаан станц барьж эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрсэн. Тухайн үед татварын орлого хангалттай бус, арилжааны банк, хувийн санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулах цар хүрээ дутмаг байсны улмаас хуримтлалын сангийн хөрөнгө санхүүгийн чухал эх үүсвэр байв. Өнөөдөр Япон улс эдийн засгийн өндөр хөгжилд хүрч, банк санхүүгийн байгууллагууд ч хөрөнгийн чадамжтай болсон тул хуримтлалын сангийн хөрөнгийг өөр байдлаар хянаж байна.

Япон улсын тэтгэврийн даатгалын хуримтлал одоогоор 150 их наяд иенд хүрсэн. Жилийн зардлын төсөв 100 их наяд иен, тэтгэвэр олголтын зардал 50 их наяд иен гэдгээс харвал хуримтлалын сангийн хөрөнгө ямар хэмжээтэй байгааг ойлгож болно. Тиймээс Засгийн газар хууль батлан зөвхөн хуримтлалын санг хариуцсан бие даасан байгууллагыг байгуулсан. Энэ тусгай байгууллага нь бонд, хувьцаа худал­дан авах зэргээр санг­ийн хөрөнгийг арвижуулж менежмент хийдэг. Яагаад заавал бие даасан байгууллага байх хэрэгтэй вэ. Үүнд дараах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, Засгийн газар хянавал чөлөөт эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. 150 их наяд иенийн мөнгөн хөрөнгийг эргэлдүүлэх учраас компанийн бүх хувьцааг худалдан авч компанийг тэр чигт нь хялбархан өмчилж болно. Хоёрдугаарт, сар бүрийн шимтгэлийн орлого бүрдүүлэх, тэтгэвэр олгох ажлыг гүйцэтгэдэг нийгмийн даатгалын байгууллага давхар энэ их мөнгийг хянахад хэцүү. Гуравдугаарт, хуримт­лалын сангийн хөрөнгийг эргэлтэд оруулахад өндөр төвшний мэдлэг, ур чадвар шаардлагатай. Зурагт үзүүлсэнчлэн, компанийн хувьцааг худалдан авах эсвэл чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулах тохиолдолд тухайн газрын санхүүгийн чадамжийг судлаад зогсохгүй. Аль ч салбарыг бүхэлд нь судлах эсвэл хөрөнгө оруулах банк ямар, ямар компанийг санхүүжүүлж байгааг хүртэл сайтар шалгах ёстой. Жишээлбэл, зөвхөн Тоёота компанийн мэдээллээр эрсдэлийг тооцдоггүй. Дэлхийн автомашины зах зээлийн чиг хандлага, техник технологийн дэвшлийг тэр чигт нь авч үзэхгүй бол хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх боломжгүй гэсэн үг.

Дээрх шалтгааны улмаас тэтгэврийн даатгалын хуримтлалын сангийн хөрөнгийг үр ашигтайгаар эргэлтэд оруулахын тулд мэргэжлийн бие даасан байгууллагыг бий болгох шаардлагатай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *