Тереза Мэй Brexit-ийн үйл явцыг эхлүүлэв

3-р сарын 30, 2017 9:40 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 9
3-30-6

Н.МӨНХЖИН

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Их Британийг Европын холбооны бүрэлдэхүүнээс гаргах үйл явцыг албан ёсоор эхлүүлэх баримт бичигт гарын үсэг зурж баталжээ.

Лиссабоны гэрээний 50 дугаар бүлгийг үн­­дэслэн Европын хол­боо­­ноос гарах үйл яв­цыг эхлүүлж байгааг ал­бан ёсоор мэдэгдэж буй захидлыг Европын зөвлөлийн тэргүүн Дональд Тускт хүргүүлсэн байна. Европын холбоон дахь Их Британийн төлөөлөгч Тим Барроу гуравдугаар сарын 29-ний 12:30 цагт (Лондоны цагаар) Ерөнхий сайдынхаа захидлыг гардуулж өгснөөр Brexit буюу Их Британи Ев­ропын холбооны бүрэлдэ­хүүнээс гарах үйл явц ал­бан ёсоор эхэллээ. Үүний дараа Тереза Мэй сайд нарын танхимийн гишүүдтэй уулзалт хийж, Британийн парламентад үг хэлжээ. Тэрээр парла­ментын гишүүд, лордуудын өмнө хэлсэн үгэндээ Европын холбоог орхих үйл явц эхэлснийг онцолсон юм. “Энэ улс орны хүн тус бүрт хэрэгтэй шийдвэрийг гаргасан гэдэгтээ итгэлтэй байна. Европын холбооноос гарах шийдвэр нэгэнт гарсан тул ард иргэд, улс орныг эв нэгдэл, нягтралд уриалж байнахэмээн Мэй хэлжээ.

Тереза Мэй Brexit-ийг албан ёсоор эхлүүлэ­хээсээ өмнө, мягмар гаригт Европын зөвлөлийн дарга Дональд Туск, Европын холбооны Зас­гийн газрын тэргүүн ЖанКлод Юнкер, Германы канцлер Ангела Мер­кель нартай утсаар ярь­сан байна. Европын холбооны лидерүүдийн дээд хэмжээний уулзалт өчигдөр эхлэхэд Их Британийн төлөөлөл байсангүй. Энэ уулзалтаар Европын холбооны Засгийн газарт Brexit-ийн талаар хэлэлцээ хийх эрхийг олгох аж. Үүний дараа ЖанКлод Юнкер тэргүүтэй Европын холбооны гүйцэтгэх засаглал яриа, хэлэлцээний төлөвлөгөөг батлах юм. Их Британи, Европын хол­боо­­ны хоорондох хэлэл­цээ тавдугаар сард эхэлнэ хэмээн мэдэгдлээ. Лисса­боны гэрээний 50 дугаар бүлэгт зааснаар, хэлэлцэгч талууд аль нэг улс орныг Европын холбооноос гар­гах тохиролцоонд хоёр жилийн дотор хүрэх ёстой. Мөн талууд тохиролц­соны үндсэн дээр энэ хугацааг сунгаж болдог аж.

Британийн парламентын лордуудын танхим гуравдугаар сарын эхээр Европын холбооноос гарах үйл явцыг эхлүүлэх эрхийг Засгийн газарт өгч буй хуулийг баталсан билээ. Их Британийн Европын холбоог орхих хүслийг Европын холбоонд уламжлах эрх ийнхүү Ерөнхий сайдад шилжсэн юм. Лондоны Засгийн газар улс орноо Европын холбооноос гаргах төлөвлөгөөг хоёрдугаар сарын эхээр баталсан аж. Төлөвлөгөөний дагуу, Их Британи Европын холбооны нэгдсэн зах зээлийг орхиж, Европын холбоотой худалдаа хийх гаалийн дүрэм журмаа шинэчлэх ажээ. Их Британи мөн Европын холбооны шүүхийн тогтолцооноос гарч, цагаач, дүрвэгчдийн давалгаанд хяналт тавих өөрсдийн системийг бий болгох юм.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *