Тэр үлгэр унших дуртай байлаа

9-р сарын 6, 2012 9:43 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 406

Б.ЭНХЗАЯА

 

Хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдэд бага насны хоёр хүүхдийн амь бусдын буруугаас болж хохирсон сэтгэл шимш­рэм явдал Монго­лын мянга мянган аав ээжийг цочроож байна. Ээж, эгчтэйгээ хөтлөл­цөөд явган хүний замаар явж байсан 12 настай охин хэдэн арван тонны хүнд даацтай зуурмаг шахагч машины багананд даруулж хорвоог орхиод нэг хоног ч өнгөрөөгүй байхад 7-хон настай тан­хил охин сургуулийнхаа үүдэнд автын аймшигт ослоор ангийн найзуу­дынхаа нүдэн дээр аав, ээж, хоёр эгчээсээ үүрд хагацлаа. Нагац эгчийн­хээ хайхрамжгүй үйлд­лээр зам хөндлөн гүйхдээ техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй хэрнээ хурд хэтрүүлэн ирж яваа жолоочийг тэр яахан харах билээ. Нийслэлийн Баян­гол дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн II ан­гийн сурагч охины зуур­дын ослыг нэхэн сур­валж­лахаар өчигдөр тус сургуулийг зорилоо.

Нийслэлийн тэргүү­ний гэх тодотголтой 13 дугаар сургууль бидний хэлж заншсанаар хороол­лын эцсийн буудлын ард бичил хорооллын зам да­гуу байрладаг, 1800 су­рагч­тай томоохон сургуу­лийн нэг. Манай сурвалж­лах багийнхан өчигдөр өдрийн 13.00 цагийн үед сургуульд очиход өдрийн ээлжийн хичээл орохоор бага ангийнхан цугларч байв. Сургуулийн хашааны хаалгаар нэг алхаад хоёр урсгалт давчуу зам руу орох аж. Зам дээр явган хүний гарц бүдэг бадаг харагдана.

 Аврал болсон энэ л гарцаар өдөр бүр 1800 сурагч зам хөндлөн гардаг. Учир нь тус сургуулийн сурагчдын 80 орчим хувь нь гэр хороололд амьдардаг учир зам хөндлөн гардаг гэнэ.

Хичээлийн шинэ жилтэй давхцан замын эсрэг талд хоёр метр орчим өргөн урт нүх ухжээ. Нийслэлийн удирдлагынхны шийдвэрээр замын өргөтгөлийн ажил эхэлсэн нь энэ аж. Замын эсрэг талд хүүхдүүд хэсэг хэсгээрээ зогсон ямар нэг юм ярилцан, түгшүүртэй харцаар нэгэндээ зам тийш гараараа заах аж. Тэр зүгт харвал явган хүний гарцаас таван метр орчимд цагаан цэрдээр нэг хэсэг газрыг буджээ. Тэр л газар аймшигт осол болсныг сургуулийн сурагчид нүдээрээ илтгэх шиг.

 

СУРАГЧДЫНХАА ЭЦЭГ, ЭХЧҮҮДТЭЙ ГЭРТ НЬ ОЧНО

Хохирогч охины ангийнхантай уулзахаар 13 дугаар сургуулийн II байранд орлоо. 2Д ангийнхан хичээллэх цаг болоогүй учир сургуу­лийнхаа үүдэнд цугларч байх аж. Энэ зуур ангийн багш н.Мөнхчимэгтэй ярилцах гэсэн боловч бүтэн жил хичээл заасан сурагчийнхаа аймшигт үхлийг харсан тэрээр шокноос гараагүй, даралт өндөр байгаагаа бидэнд учирлав. Гэвч нэлээд гуйсны эцэст шавийнхаа тухай ийн дурслаа.

-Шавьд тань то­хиолдсон хэрэгт харамсч байна. Осол болох үед та хаана байсан бэ?

-Багш нар өглөө эрт ирдэг болохоор би ч ажилдаа эрт ирчихсэн байсан. Манай анги өдөр 13.30 цагт хичээл эхэлдэг болохоор хоолонд орох гээд сургуулиас гартал “Хүүхэд дайрчихлаа” гээд хүүхдүүд орилолдоод эхэлсэн. Гэтэл 1-Д ангийн хүүхэд байна гэхээр нэгдүгээр ангийн хүүхэд юм байх гэж бодтол өнгөрсөн жилийн хичээлийн дэвтэртэйгээ явж байсан юм байна лээ. Өчигдөр хүүхдүүдийн хи­чээл орох гээд бужигнаж байсан үе. Өмнө нь хүүхэд мөргөсөн, шүргэсэн тохиолдол гарч байсан ч хүүхдээ дайраад дээгүүр нь даваад, чирч байсан аймшигт явдалтай таарч байсангүй.

-Ар гэрийнхэнтэй нь холбогдож чадсан уу. Ямар учраас ийм осол болчихов?

-Холбогдсон. Өнөөдөр /өчигдөр/ хичээлийн да­раа ангийн хүүхдүүдийн­хээ эцэг, эхчүүдтэй хуралдаж байгаад гэрт нь очих бодолтой байна. Шавь маань хоёр эгчтэй, айлын бага хүүхэд байсан. Гэрийнхэн нь байнга ирж авдаг байсан. Гэтэл аав нь хөдөө ажлаар яваад, ээж нь шинэ ажилд орсон юм билээ. Ажилтай ээж нь эгчдээ охиноо даатгаад үлдээчихсэн юм билээ. Гэтэл эгч нь сургуулийн хойд талын гэр хорооллын гүүрэн дээр авч ирээд “Цаашаа гүйчих” гээд явуулчихаж. Тэгээд л зам хөндлөн явган хүний гарцаар гарч яваад ийм аймшигт осолд орчихлоо. Харсан хүмүүс жолооч маш хурдтай явж байсан гэж байна лээ.

-Шавь тань ямар зан ааштай хүүхэд байв?

-Манай анги 33 хүүхэдтэй байсан. Даруухан шар охин байсан. Нэгдүгээр ангиа төгссөн болохоор үсгээ үзээд дөнгөж уншиж сурч байсан. Үлгэр унших дуртай хүүхэд байсан.

-Танай сургуулиас гарангуут авто зам залгаа байх юм. Сургуулийн дэргэдүүр өнгөрөх энэ замаар хурд сааруулагч, хүүхэд байгааг анхаа­руулах тэмдэг тэмдэглэгээ харагдахгүй юм?

-Манай түрүүчийн төгсөлтийн хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамтраад замын гарцны хоёр талд хурд сааруулагч хийе гээд Замын цагдаагийн газарт хандахад зөвшөөрөл өгөөгүй. Үүнийг маш их хөөцөлдсөн. Эцэг, эхчүүд хувиасаа мөнгө төгрөг гаргаад хурд сааруулагч хийе гэж байхад зөвшөөрөл өгөөгүй. Энэ талаар сургуулийн удирдлагууд ч хөөцөлдөж байсан.

 

“ЗОГС” ТЭМДЭГ БАРИХААР ЖОЛООЧ НАР ХЭЛ АМААР ДОРОМЖИЛЖ, ШҮРГЭХ ШАХУУ ӨНГӨРДӨГ

 

Дөрвөн уулын дунд завсар зайгүй чихэлдэх нийслэлчүүдийн өдөр бүр шинээр баригдах зөвшөөрөлгүй барилга, энд тэндгүй тааралдана. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд ихэвчлэн гэр хороололд оршдог. Сургуулийн дэргэдүүр авто зам өнгөрөх нь олонтаа. Гэвч сургуулийн хаалгаар нэг алхаад зам хөндлөн гардаг 13 дугаар сургуулийн сурагчдын харсан хэн бүхэн өөрийн эрхгүй санаа зовох. Хоёр урсгал чихэлдэх шахам өнгөрдөг тус зам дээр явган хүний гарцын тэмдэг ч байхгүй аж. Гэтэл замын өргөт-гөлийн ажлыг хийж, сургууль руу 7-8 метр сунгахыг шаардсан байх юм. Сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад “Өмнөх жилүүдэд ахмад багш нар болон анги удирдсан багш нар, эцэг, эхийн төлөөлөл хуваарийн дагуу замын дэргэд “Зогс” тэмдэг барин сурагчдыг зам хөндлөн гаргадаг байсан. Гэтэл жолооч нар биднийг үл тоон хэл амаар доромжилж, шүргэх шахуу өнгөрдөг байсан. Гэтэл нийслэлийн удирдлагууд замыг өргөтгөж, сургууль руу 7-8 метр сунгана хэмээн мэдэгдсэн” гэсэн юм.

Сургуулийн дэргэдүүр өнгөрөх зам дээр хурд сааруулагч тавих гэсэн сургуулийн хүсэлтийг Замын цагдаагийнхан яа­гаад эс тоов. Зам өргөтгөх шийдвэрээ сургуулийн удирдалгуудтай яагаад ярилцсангүй вэ. Нийслэлийн удирдлага болон Замын цагдаа­гийн­ханд гаргасан хүсэлтэд ямар хариулт авсан талаар тус сургуулийн захирал С.Эрдэнэчимэгтэй уулзлаа. Тэрээр ийн ярьж байна.

 

БИД ДАХИАД САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙГ САНУУЛЛАА

 

Наймдугаар сарын сүүлчээр манай сургуульд мэдэгдэл ирсэн. Хорооллын замыг өргөтгөхийн тулд манай сургууль руу найман метр газрыг дотогш татах шаардлагатай байна гэсэн. Энэ нь манай сургуулийн үйл ажиллагаанд маш хэцүү. Учир нь бага сургуулийн үүдэнд зам ойртох болж байгаа юм. Тиймээс сургуулийн удирдлагууд энэ асуудлыг ингэж шйидвэрлэж байгаа юм бол бага насны 900 гаруй хүүхдийн зам хөндлөн гарах хөдөлгөөнийг яах вэ. Нарийхан зам дээр хэцүү байдаг юм чинь бүр өргөтгөчихвөл хүүхдүүд урт замыг туулж гарах болох нь. Мөн хүүхдийн анхаарал төвлөрдөг орчныг аваад хаячихвал анхаарал төвлөрөх цаг хугацаа бага болчихно. Ийм осолтой байдлыг илтгэсэн мэдэгдлээ хотын дарга, замын цагдаа болон авто замын газарт өгчихсөн байгаа. Хариугаа авч амжаагүй байхад ийм осол гарлаа. Ер нь энэ замыг сургууль руу түрж, анхаарал төвлөрүүлэх хэмжээг нь боогдуулах ямар шаардлага байна вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Бид бага насны хүүхэд олонтой учир  тэднийг зам тээврийн ослоос хамгаалахын тулд олон үйл ажиллагаа зохион байгуулж, анхаарч ажил­лаж байсан. Бага ангийн хүүхэд ар гэрийн асран хамгаалагчтай ирэх ёстой. Аваар осол маш аймаар юм байна. Бид сургууль дээ­рээс хүүхдээ зам хөндлөн гаргачихаж болно. Гэтэл гэрээсээ ирж явах замдаа хяналт алдагдангуут ингэж осолдох маш аваартай юм. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ зам хөндлөн гарах дадал зуршлыг суулгаач гэдгийг захимаар байна. Эрсдэл гэдэг бол ямар ч мэдлэгтэй чадвартай байсан ч хэцүү юм байна гэдгийг өөрийнхөө нүдээр харлаа. Манай сургууль бага насны хүүхдээ хамгаалах талаар маш олон ажил хийж байсан. Сургуулийнхаа орчинд бага насны хүүхдийн гэрээс сургууль хүртэлх зай, зам хөндлөн гарах сургалт, эцэг эхтэйгээ байх орчныг бүрдүүлж өгсөн гэдгээрээ манай сургууль онцлог. Гэвч хүүхэд маань яалт ч үгүй сургуулийн арын зам дээр эндлээ. Бид дахиад ч сайн ажиллах хэрэгтэй гэдгийг санууллаа.

 

“БҮРЭН БУС ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙ ЯВЖ БАЙСАН”

 

Сургуулийн дэргэдүүр хурдтай явж байсан гэх жолоочийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Жолооч тухайн үед бүрэн бус техник хэрэгсэлтэй явсан. Машины тормоз бүрэн бус байхад замын хөдөлгөөнд оролцсон байгаа. Тээв­рийн хэрэгслийн хөдөл­гөөнд оролцож байвал бүрэн техник хэрэгсэлтэй явах, хурдыг тохируулж аюулгүй байд­лыг хангах, үзэгдэх орч­ныг зөв үнэлж яваагүй­гээс хүүхдийн амь насыг хохироосон бо­ло­хыг цагдаагийн байгуулагууд тогтоогоод байна” хэмээн цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал хариулав.

Өчигдөрхөн ээжтэйгээ хөтлөлцөөд сургуульдаа ирж байсан охин өнөөдөр ширээндээ суусангүй. Тохой нийлүүлэн арван жил суух байсан жаал нь өнөөдөр ганцаараа сууж байна. Гэвч томчуудын буруутай үйлдлээс ангийн анд, ширээний найзаасаа хагацсан гэдгийг үл ойлгох балчирхан ухаа­наар шинэ цүнхнээсээ шинэ дэвтэр, шинэ балаа гаргаад шинэ дэвтрийнхээ анхны хуудсыг баяр­тайгаар нээн, шуугилдах чимээ хаалганы цаана хоцров.

Харин шинэ дэвт­рийнхээ эхний нүүрэнд үсэг ч бичиж амжаагүй охины дэвтэр эзнийхээ ширээн дээр гунигтайхан хэвтэнэ.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Therapie Levitra Cialis Apotheken Umschau Viagra Drug Interactions generic cialis overnight delivery Valtrex For Dogs Propecia Hair Side Effects Over The Counter Motilium

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *