Тэнгэрт өнгөрүүлсэн 14000 цаг

5-р сарын 21, 2018 9:49 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 145
5-21-5

Ч.ГАНТУЛГА

Хөх тэнгэрт дүүлэн нисч, хөвөн цагаан үүлсийг дээрээс нь тольдож, цэлмэг тэнгэрийн хязгааргүй орон зайд амьдрах ховорхон хувь тохиол гагцхүү нисгэгч хүнд заяадаг. Одоогоос 93 жилийн тэртээ Монгол Улсад анх нисэх хүчний байгууллага үүсч, бид мөнгөн цагаан хөлгөөр хүссэн газартаа зорчиж эхэлсэн билээ. Энэ сарын 25-нд манай үе үеийн нисгэгчид ойн баяраа тэмдэглэх гэж байна. Энэхүү баярт өдрийг тохиолдуулан “Aero Mongolia” компанийн “EMB-145” онгоцны дарга С.Гантөмөрийг “Амьдралын тойрог” буландаа урилаа. Амьдралынхаа 36 жилийг энэ салбарт зориулж, “Царцаа ногоон”-оос эхлээд  энэ цагийн, орчин үеийн хөлгөөр хотоос хотын хооронд ниссээр яваа эрхэм нисгэгчийн амьдралын түүх адал явдлаар дүүрэн ажээ.

“EMB-145” ОНГОЦООР “БҮЛ НЭМЖЭЭ”

Нисгэгч хүний ажил өглөө цаг агаарын мэдээтэй эхэлдэг. Хөх тэнгэр цэлмэг, салхины хурд тогтуун байвал сэтгэл уужирч, зорчигчдоо зорьсон газарт нь эсэн мэнд буулгах хариуцлагатай үүрэг ч бас тэднийх байдаг юм байна. Завхан аймгийн бяцхан хөвгүүн нисгэгч болох мөрөөдлөө биелүүлж, энэ л мэргэжилдээ эзэн нь байж, үүргээ хариуцлагатайгаар ухамсарлаж яваа шилдэг нисгэгчдийн нэг нь С.Гантөмөр юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Америкаас шинээр авчирсан “EMB-145” хэмээх шинэ онгоцоороо аялалд гарахаар бэлтгэж байна. “Aero mongolia” компани энэ онгоцоор бүл нэмжээ. Анхны аялалд гарах хариуцлагатай үүргийг нийтлэлийн баатар маань хүлээжээ. Нисгэгч хүн онгоцныхоо тухай ярихдаа хамгийн жаргалтай байдаг аж. С.Гантөмөр ч шинэ онгоцныхоо тухай хуучилсаар биднийг угтсан юм. “EMB-145” нь тийрэлтэт хөдөлгүүртэй, дунд зайны, 50 хүний суудалтай. Өмнөх “F-50” онгоцноос хурдаар илүү, өндөрт нисэхээс гадна зорчигчдын нислэгийн үеийн ая тухыг дээд зэргээр хангасан аж. Нислэгийн сургалтыг Англид хийжээ. Энэ хөлгөөр Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Мөрөн, Өмнөговь, Дорнодын чиглэлд нислэг хийхээр төлөвлөж байгаа тухай бидэнд сонирхуулав.

“Aero Mongolia” компанийн нисгэгчид.

1618 КОДТОЙ МӨРӨӨДӨЛ

С.Гантөмөр Завхан аймгийн Улиастай хотод мэндэлжээ. Ам бүл есүүлээ. 1968 онд нутагтаа нэгдүгээр ангид элсэн орж, 1976 онд Улаанбаатар хотод ирснээр 28 дугаар сургуулийг төгсчээ. Аав А.Санжхүү нь Сант сумын уугуул. С.Гантөмөрийн удамд нисгэгч хүн байхгүй. Харин наймдугаар ангийн бяцхан хүү нисэхсэн, нисгэгч болохсон гэсэн мөрөөдлөө гэр хорооллын гудамжинд тоглож явахдаа олжээ. Нэг гудамжинд амьдардаг танил айлынх нь хүү Киевийн нисэхийн сургуульд сурдаг байж. Бяцхан хүүд анх дүрэмт хувцас нь сайхан харагддаг байсан учраас энэ ах шиг нисгэгч болъё гэж шийдсэн хүү “Нисгэгч болохын тулд ямар байх ёстой вэ” гэж асуухад нь өнөөх ах “Эхлээд онц сур, дараа нь бие бялдараа хөгжүүл, тэгээд нисэхийн инженер бол” гэж зөвлөжээ. Ийнхүү 1981 оны хавар X ангиа төгсөөд нисгэгч болох мөрөөдлөө тээгээд шалгалт өгөхөөр бэлджээ. Тухайн үед Нисэхийн дунд сургуульд суралцаад дэвшдэг байж. Шалгалтаа өгчихөөд хуваариа авах гэтэл нисгэгчийн ангийн дөрвөн оронтой кодоо мэддэггүй. Ээжээсээ асуучихаад ирье гээд хоёр давхрын шатаар бууж явахад нь нисгэгч хувцастай, хошууч цолтой хүн таарчээ. “Ахаа би нисгэгчийн ангид орох гэсэн юм. Код нь хэд байдаг юм бэ” гэж асуухад нь “1618” гэж хэлж өгчээ. Ингэж л энэ цагийн шилдэг нисгэгч маань дөрвөн оронтой тооны хүчээр мэргэжлээ сонгож, мөрөөдлөө биелүүлсэн түүхтэй. Хожим нь өөрт нь тусласан өнөөх хошууч нь н.Эрдэнэ-Очир гэж боловсон хүчин байсныг нь мэдсэн гэдэг. Магадгүй тэр үед ээжээсээ асуусан бол ээж маань мэдэхгүй байсан байх даа гэж нийтлэлийн баатар маань хааяа боддог гэнэ лээ. Нисгэгчийн анги авсан зургаан оюутан Эрхүүд хэлний бэлтгэлд явжээ. Сургуулиа төгссөн ч дээд сургуулийн хуваарь ирсэнгүй. ЗХУ-ын Омск хотын Нисэхийн дунд сургуулийг онц төгсөөд дээд сургуульд орно гэсэн болзол тавьжээ.

“АН-2” БУЮУ “ЦАРЦАА НОГООН”-Д ДУРЛАВ

“АН-2” онгоцны даргаар томилогдов.

Омскт сурсан гурван жилийн хугацаанд тэрээр нисгэгчийн анхан шатны хичээлүүдийг заалгаснаас гадна “Ан-2” буюу монголчуудын сайн мэддэг “Царцаа ногоон” онгоцыг судалж эхэлжээ. Онгоцны бүтцээс эхлээд бүхий л мэдлэгийг өөрийн болгожээ. Омскоос цаг гаруй явж хүрдэг жижигхэн тосгонд “АН-2” онгоцнууд нь байдаг байж. Дадлагажуулагч багш нартайгаа анхны нислэгтээ гарахад бяцхан хүүд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн гэдэг. Доошоо харахад бяцхан тосгон нь алган дээр тавьсан мэт жижигхэн харагдаж байжээ. Ингэж л тэрээр хөрст газраас хөндийрч анх удаа хөх тэнгэрт дүүлэн нисч үзсэнээ хэзээ ч мартдаггүй гэсэн. Нисэхийн дунд сургуулиа онц дүнтэй төгссөн залуу боловсон хүчин дэслэгч цолтойгоор 1985 онд эх орондоо ирэв. Ажил, амьдралын анхны гараагаа төрсөн нутаг Завхан аймгийнхаа нисэхээс эхэлж, “АН-2”-ийн II нисгэгчээр хуваарилагджээ. Дөнгөж буухад нь диспечер Түвшээ хүлээн авч “Ачаагаа энд орхичихоод орж хоол идээд нислэгтээ гар. Чамайг онгоц чинь хүлээж байгаа” гэжээ. Ийнхүү дөнгөж очингуутаа Баянхонгор руу онгоцоо засварт хүргэж өгөх томилолт авсан нь энэ. Гэвч нэг цаг нисэхэд л чих нь шуугиж, бие нь чилээд ирж. Шилүүстэй өнгөрөөд нисч явтал Говь-Алтайн Дарви сум руу дугуй хүргэж өгөх болжээ. Үүнээс хойш хот хоорондын олон нислэг хийсэн II нисгэгч маань 1989 онд “АН-2” онгоцныхоо дарга болсон түүхтэй. Энэ хугацаанд эх орныхоо бүх аймаг сумдад хүрч, иргэдийг зорьсон газарт нь саадгүй хүргэж байж. Нийтлэлийн баатар маань төрсөн нутагтаа 1991 он дуустал нислэг үйлджээ. Энэ үеэс “АН-2” онгоцны шатахуун ховордож, үнэ нь нэмэгдсэн учир энэ төрлийн онгоцны нислэгийг зогсоож эхэлсэн аж.

НИСГЭГЧ ХҮНД СЭТГЭЛЗҮЙ ЧУХАЛ

1991 онд Улаанбаатарт ирээд, Иргэний нисэхэд харъяалагдаж  “У-12” онгоцтой “учирчээ”. “Царцаа ногоон”-ыг бодвол хүчин чадал сайтай, суудлын тоо нь олон. Харин 2002 онд “АН-24” онгоцоор Улаанбаатраас аймгууд руу нисдэг байж. Ингээд 2003 оноос “Аero Mongolia” компанид харъяалагдах болж “F-50” хэмээх шинэ найзтайгаа танилцсан түүхтэй. Энэ хугацаанд нисгэгч маань есөн төрлийн онгоц дээр шилжин сургалт хийж, ниссэн байна. Үүнээс гадна Эрхүү, Солонгос, Хятадад нислэг үйлдэж, олон зорчигчийг саадгүй хүргэсэн гавьяатай нэгэн. Анх нислэгт гарахад цаг агаарын 70-80 хувь нь магадлалтай байсан бол орчин үед техник хөгжөөд 99 хувийн магадлал амладаг болжээ. Гэвч хааяа техникийн саатал, эгзэгтэй үетэй таарч байснаа тэрээр нуугаагүй юм. Нэг удаа “АН-2”-той Завхан аймгаас Отгон сум руу нисэх үед агаарын хүчтэй цохилтод орж, 200 метр доошоо шидүүлжээ. Зорчигчид нь онгоцны дунд бөөгнөрөөд, сандраад ирж. Буух боломжгүй болсноо мэдсэн нисгэгч буцаад Улиастай руу очиж газарджээ. Мөн 2005 онд Ховдоос Завхан руу нисэх явцад хажуу талын цонхонд нь цууралт өгчээ. 6900 метрийн өндөрт нисч байгаад нам өндөрт орж, 3900 метрт, бага хурдаар ниссээр буусан тохиолдол ч түүнд бий. Энэ бүхнийг тэрээр сэтгэлийн тэнхээгээр даван гарсан байдаг. Тиймээс нисгэгч хүнд сэтгэлзүй хамгийн чухал аж. Учир нь олон хүний амь насыг дааж яваа тул эрсдэл гарахад тайван байж, саруул ухаанаар зөв шийдвэр гаргах нь тухайн хүний сэтгэлзүйн чадвараас шалтгаалдаг аж. Хуучин сэтгэлзүйн шалгалт гэж авдаггүй байсан бол одоо жилд нэг удаа сэтгэлзүйн шалгалтыг Иргэний нисэхийн удирдах газраас авдаг болжээ. Түүний хамгийн хол нислэг нь онгоцоо засварт хүргэж өгөхөөр Герман, Дани руу ниссэн нислэг аж. Тэрээр нислэгийн нэгэн шинэ үе гарч ирж буй тухай онцолсон юм.Өмнө нь манай мэргэжилтнүүд ОХУ-д суралцаж байж нисгэгч болдог байсан бол одоо АНУ-ыг сонгодог болжээ. Манай нисгэгч нар ур чадварын хувьд бусад орны нисгэгчтэй адилхан төвшнийх. Тэсвэр хатуужлын хувьд илүү байдаг гэж ахмад нисгэгч маань бахархан ярьж байв. С.Гантөмөр одоогоор 14.300 цаг,  4.5 сая километрийг тэнгэрт өнгөрүүлжээ.

“НИСГЭГЧ ХҮНИЙ ГЭРГИЙ БАЙХ АСАР ИХ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ ШААРДДАГ”

С.Гантөмөр аав ээжээс долуулаа.

Тэрээр гэргий Сарантуяатайгаа 1986 онд Завхан аймагт танилцжээ. С.Гантөмөрийнх охин, хүү хоёртой. Гэргий Г.Сарантуяа нь багш мэргэжилтэй. Охин нь Хятад хэлний орчуулагч, хүү нь урлагийн замыг сонгожээ.  Анх эхнэртэйгээ танилцаад 1987 онд хамт нисчээ. Эхлээд сайхныг нь гайхаж байсан хань нь сандал дээр хэвтээгээрээ ирсэн тухай хөгжилтэй дурсамжийг гэрийн эзэн дурссан юм. Нисгэгч хүний гэргий байх бүсгүй хүнээс асар их сэтгэлийн тэнхээ шаарддаг тухай хань нь онцолж байв. Учир нь өглөө гарахад нь цайныхаа дээжийг өргөж, өдөр жаахан салхилахад сэтгэл нь зовниж, залбирдаг гэв. Анх Завхан аймагт гэр бүл болчихоод нисэхтэйгээ ойрхон амьдардаг байж. Нислэгт явсан нөхрөө хүлээж суугаа бүсгүй онгоц ирж байгааг хараад сая дотор нь уужирдаг байжээ. Нисгэгч хүний ар гэр тайван байх ёстой. Нислэгт гарахад нь сэтгэлийг нь засч, хүрч ирэхэд нь халуун хоол цайтай байлгаж, хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргийг түүний гэргий  Г.Сарантуяа нэр төртэй биелүүлж байна. Тэрээр ханиа хүүхэд шиг гэнэн цагаахан зантай, тусархуу гэж онцолсон юм. С.Гантөмөр шударгаар амьдарч, хэлсэн үг, хийж буй ажилдаа эзэн нь байхыг эрхэмлэдэг нэгэн аж. Тиймдээ ч хүүхдүүддээ хүнд битгий худал хэлээрэй, ажлыг эхэл­сэн бол дуусгаж бай гэж үргэлж захидаг гэсэн. Түүнд тэнгэрт өнгө­рүүлсэн 36 жил нь тэсвэр тэвчээр, хүн байхын утга учрыг сургажээ.

Нийтлэлийн төгсгөлд нисгэгч С.Гантөмөр “Энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа үе үеийн нисгэгч, ажилчиддаа Монголд нисэх хүчин байгуулагдсаны 93 жилийн ойн мэндийг хүргэе” гэснийг уламжлая. Одоо ч магадгүй тэрээр хөх тэнгэртээ дүүлэн нисч алсын барааг ширтэж яваа байх.  Тэнгэр нь цэлмэг, буулт бүхэн нь зөөлөн байг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *