Тээврийн зардалд дарлуулсан нүүрсний ирээдүй

7-р сарын 2, 2012 10:27 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 540

Б.СОЛОНГО

 

Өнгөрсөн оны статис­тикаас харахад манай улсын нийт экспортын 31.2 хувийг нүүрс, 27.8 хувийг зэсийн баяжмал эзэлсэн байна. Нүүрсний экспортын орлого зэсийн­хээс давсныг энэ тоо ба­талж байгаа юм. Өнгөрсөн жил манай улс 21 сая тонн нүүрсийг урд хөршдөө ний­лүүлсэн байх юм. Гэвч экспортоос олох бо­ломж­той ашгаа бүрэн авч ча­дахгүй байгаа тухай эдийн засагчид хэлсээр байна. Үүнд зам тээвэр болон урд хөршийн со­нирхол нөлөөлж байдаг ажээ.

Далайд гарцгүй орны хувьд урд хөршдөө нүүрсээ зарахаас өөр сонголт манай улсад байхгүй. Хятад улс ямар үнээр нүүрс авах сонирхолтой байна, түүнд нь тааруулан хямдруулдаг. Хэрэв Хятад манай нүүрсийг авахаа больчихвол манай улсын нүүрсний экспорт гацаанд орж улам их хохирол амсана. Хэдийгээр Өмнөд Солонгос, Япон зэрэг ор­нууд манайхаас нүүрс авах сонирхолтой ч зам тээвэр, дэд бүтцийн асуудал то­моо­хон саад болж байгаа юм. Монголын нүүрсний үнэ бусадтай харьцуу­ла­хад 25-50 хувиар хямд байдаг. Учир нь нүүрсний үнэ  газрын тос, зэс, алт, зэрэг ашигт малт­малтай адил дэлхийн аль нэг томоохон биржийн үнээр тодорхойлогддоггүй. Хэрэгцээ, нийлүүлэлтийн байдлаас шалтгаалан бүс нутаг, улс орон, тэр бүү хэл нэг улсын дотор муж, аймгийн хэмжээнд өөр, өөр байдаг. Хятадын ӨМӨЗО бол нүүрсний асар их баялагтай. Мон­голын нүүрсний үнэ Өвөр­монголд байгаа нүүрсний үнээс хямд байж Хятадын зах зээл дээр борлогдоно гэсэн үг. Мөн БНХАУ-ын бусад орнуудаас авч буй нүүрс эцсийн хэрэг­лэгчдээ очих хүртэл ямар зайнд, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, хэдий хэрийн зардал гарч байж хүрдгийг тооцох ёстой.

Судалгаанаас үзэхэд нэг тонн коксжих нүүрс Хятадын хилийн доторх терминал хүрэхэд 60,2 ам. доллараар үнэ  нь нэмэг­дэж очиж байна. Үүнээс манай хилийн дотор 34,3 ам.доллар байна. Монго­лоос гарч буй нүүрсний үнэ доогуур байгаа, түү­нийг өсгөх, зах зээлийн бодит үнэ тогтоох өрсөл­дөөн байхгүй байгаа гол шалтгаан нь Хятадын талын импортлогч нь зөв­хөн нэг аймаг буюу ӨМӨЗО-ы Баяннуур айм­гийн нутгаар дамжин тээвэрлэгдэж байгаагаас шалтгаалан тухайн орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүд өөр бусад муж, тухайн нүүр­сийг авч хэрэглэдэг эц­сийн хэрэглэгч өөр экспор­т­логчтой шууд ха­рилцах боломжийг хааж байгаа юм. Одоогийн байд­лаар Хятадад худалдаж буй манай нүүрсний үнэ 33-116 ам.долларын хооронд байна. Манай улс нүүрсний экспортын тат­варт нэг тонн нүүрсээс ердөө 4.4 ам.долларын татвар авдаг. Гэтэл Хятадын тал Монголын нэг тонн нүүрсээс 20.45 ам.долларын хураамж авдаг. Асар зөрүүтэй тоо байгаа биз. Урд хөрш манайхаас боловсруулсан нүүрс авах сонирхолгүй. Яагаад гэвэл татвар нь өндөр. Тэгэхээр ашиггүй гэсэн үг. Түүний оронд түүхий нүүрс хямдхан авч, өөрийн орны иргэдийг ажлын байртай байлгах нь ашиг сонирхлын хувьд нийцэж байгаа хэрэг.

Тэгэхээр бид нүүрсээ дэл­хийн зах зээлд гар­гахын тулд юуны өмнө төмөр замын сүлжээг нэн даруй бий болгох шаард­лагатай болж байна. Одоо­гийн авто замын тээвэр нүүрсний экспортыг нэ­мэг­д­үүлэх нөхцлийг хан­гаж чадахгүй. Уурхайгаас гарсан нэг тонн нүүрсний үнэ Монголын нутаг дэвс­гэр дээр 34 ам.долларын үнэтэй байгаа боловч үүний дийлэнх буюу 30 орчим ам.доллар нь тээв­рийн зардал болж байна. Өнгөрсөн онд 21 сая тонн нүүр  экспортлоход 600 гаруй сая ам.долларыг тээвэрт зарцуулсан байх юм. Бид энэхүү зардлыг бууруулж ча­дахгүй бол хангалттай ашгийг авч чадахгүй хэвээр байх нь. Ирэх хоёр жилд Хятадын нүүрсний импорт улам өсч 300 сая тоннд хүрэх магадлалтай аж. Монгол Улсын нүүрсний экспорт ч үүнийг дагаад хоёр дахин өсөхийг эдийн засагчид урьдчилан харж байна. Гэтэл тээвэр болон тат­варын зохи­цуу­лал­тыг шинэчилж ча­дахгүй бол асар их хэм­жээний алдагд­лыг хүлээх болчихоод байгаа юм. Хам­гийн хямд төсөр арга зам бол төмөр замын тээ­вэр гэдгийг хаана, хаанаа хүлээн зөв­шөөрдөг хэрнээ яагаад өдий болтол зүгээр суугаад байна. Нэгэнт Хятад улс хамгийн том хэрэглэгч. Тус улс манай­хаас түүхий нүүрс авах сонирхолтой болохоор хямд үнэтэй ч гаргаж л таарна. Гэтэл дээрээс нь зам тээврийн зардалдаа дарлуулсаар байвал Мон­голын нүүрс үнэгүйдэхээс өөр аргагүй юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *