Таван гишүүн гадаадад, дөрөв нь өвчтэй, 30 нь тасалжээ

2-р сарын 17, 2016 10:16 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 59
2-17-3h

М.ЦЭЦЭГ

УИХ-ын ээлжит бус чуулган уржигдар нээлтээ хийх байсан ч гишүүд ажилдаа ирээгүйгээс ирц бүрдээгүй.

УИХ-ын дарга З.Энхболд олон цагийн турш гишүүдээ дуудаж, ирцээ бүрдүүлэх гэж оролдсон ч тус болоогүй юм. МАН-ын гишүүд хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хэрэв олонх ирцээ бүрдүүлж ээлжит бус чуулган эхэлбэл тэд оролцоно гэсэн юм. Ардчилсан намын бүлгийн 35, “Шударга ёс” эвслийн 10, бие даагч хоёр, ИЗНН-ы хоёр, ХҮН-ын нэг гишүүн нийлээд МАН-ынхангүйгээр хангалттай ирц бүрдүүлэх боломжтой.

Гэвч АН-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой явна. Мөн эвслийн хоёр ч гишүүн өвчтэй, мөн зарим гишүүн ажилдаа ирээгүй, түүнийгээ нотлох шалтгаан дурдаагүй байна.

УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээнээс үзвэл ээлжит бус чуулган 09:00 цагт эхлэх байсан бөгөөд ирвэл зохих 76 гишүүнээс 30 нь ажлаа тасалсан, тав нь гадаадад томилолтоор яваа, дөрөв нь эмнэлгийн чөлөөтэй байгаа аж. Харин 37 гишүүн ямар нэгэн байдлаар ирцэд бүртгүүлсэн байна.

Гишүүд ажилдаа ирэхгүй, УИХ дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөж чадаагүй тул ээлжит бус чуулганыг маргааш нээхээр хуваарийг хойшуулсан байна. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлснээр пүрэв гаригт гишүүд ажилдаа цуглана гэсэн хүлээлттэй байгаа аж. Тус намын бүлэг хуралдсан ч мэдээлэл өгөөгүй. Мөн сөрөг хүчин ч өчигдөр хуралджээ. Тэд улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсан бололтой. Гэхдээ МАН-ын бүлэг ээлжит бус чуулганы нээлтэд оролцох эсэх нь эргэлзээтэй байна.  УИХ-ын Тамгын газраас гаргасан гишүүдийн ирцийн мэдээг бүрэн эхээр нь нийтлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *