Татвараа төлөхгүй, эсэргүүцлээ илэрхийлнэ гэв

4-р сарын 6, 2017 9:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 14
4-6-5

Д.ОЮУНЧИМЭГ

МҮХАҮТын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өчигдөр мэдэгдэл гаргалаа. Энэ оны төсвийн тодотголд тусгагдсан татвар болон шимтгэлийн асуудалд сэтгэл дундуур байгаагаа МҮХАҮТын ерөнхийлөгч Б.Лхагважав, танхимын удирдлагууд, тэргүүлэгч, зөвлөлийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл илэрхийлж байлаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТын тухай хууль хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн оны төсвийн татварын орлого төлөвлөснөөс 487.1 тэрбум төгрөгөөр давж биелэсэн байна. Тодруулбал, жилд гурван их наяд төгрөгийг аж ахуйн нэгжүүд татвар хэлбэрээр төсөвт төвлөрүүлсэн ажээ. Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелэсэн үзүүлэлт  юм.

Түүнчлэн энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар нэмэгдэн 800 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Тиймээс Олон улсын валютын сангийн нэрийг барьж татвар нэмэх тухай ярьж байгаа нь үндэслэл муутай гэдгийг танхимын удирдах зөвлөлийн гишүүд онцолсон юм. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилласнаар Олон улсын валютын сангаас царай алдаж байгаа 400 сая ам.долларыг төвөггүйхэн бүрдүүлэх боломжтой гэдгийг Б.Лхагважав онцоллоо. Мөн энэ бүхэн хувийн хэвшилд бизнес эрхлэгчдийн хувь нэмрээр бүтсэн амжилт. Гэтэл Засгийн газраас татвар нэмэх саналыг УИХд өргөн барьж байгаад ихэд харамсаж буйгаа бизнесийнхэн илэрхийлэв. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан татвар нэмэх асуудлыг хөндсөн ч олон удаагийн уулзалтын үр дүнд эргүүлэн татсан. Гэвч худал үндэслэлээр дахин долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр улайрч байгаа нь далд эдийн засаг, авлига хээл хахуулийг өөгшүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн бизнесийн төлөөлөл хэлсэн юм. Ер нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр нь эдийн засгийг хөгжүүлэхгүй, төсвийн тогтворгүй байдлыг бүрдүүлдэг гэдгийг хатуу санууллаа. Нэр бүхий долоон төрлийн татварыг нэмснээрээ аж ахуйн нэгжийг боомилохоос гадна ажлын байрыг бууруулах эрсдэлтэй гэдгийг хэлж байна.

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан төвшнөөс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэнд бизнес эрхлэгчид эгдүүцэж буй ажээ. Учир нь төрийнхөн өөрсдийн тансаглалаа хумиагүйгээр барахгүй хувийн хэвшлийнхэнд дарамт үзүүлж байгаа нь эдийн засагт хор хохирол учруулах нөхцөл бүрдэж байгааг хурлын үеэр хэлж байсан юм. Төр зардлаа бууруулах боломжийг эрэлхийлэхийн оронд хувийн хэвшлээ боомилж болохгүйг ч мөн сануулж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн хэт данхар бүтцийг багасгах зарчмаар зарлагыг бууруулах боломж бий. 183 мянган хүнтэй том албаны бүтэц, орон тоог 20 хувиар бууруулах, төрийн үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах, тэр дундаа удирдах албан тушаалтнуудаа цөөлөхийг бизнес эрхлэгчид шаардав. Энэ үеэр “Мобиком корпораци”-ийн Хууль, захиргаа, хүний нөөц хариуцсан захирал Б.Энхбат “Татварын хувь хэмжээг хэд хэдэн төрлөөр нэмэгдүүлснээр аж ахуйн нэгж байгууллагын ашигт ажиллагаа буурна. Энэ тохиолдолд ямар ч газар бүтцээ өөрчилж, ажиллагсдын тоогоо цөөлөхөд хүрдэг. Гэтэл төрийн албаныхан бүтцээ танахад огтхон ч санаа тавихгүй байгаа нь харамсалтай” гэж байлаа. Түүнээс гадна бизнес эрхлэгчдэд татварын дарамт одоо ч байгаа. Гэтэл дахиад татвараа нэмэхээр ярьж байгаа нь биднийг шахаанд оруулж байгаа хэрэг гэдгийг “Ноосон зангилаа” дундын хоршооны захирал Ц.Цэнд-Аюуш хэлж байна. Бодит байдлыг мэдрэхгүйгээр шийдвэр гаргах нь улсын эдийн засагт томоохон хохирол учруулдаг аж. Улсын хэмжээнд 100 орчим мянган аж ахуйн нэгж байгаа ч үйл ажиллагаа нь хэвийн явж буй нь маш цөөхөн гэдэг. Уул уурхай, барилга, худалдааны салбарынхан зогсолтын байдалд орсон энэ үед татвар нэмэх нь туйлын буруу шийдвэр гэдгийг бизнесийнхэн анхааруулж байна. Гарц гаргалгааг нь тодорхой заачихсан шаардлагыг биелүүлэхгүй бол дөрөвдүгээр сарын 10-нд төлөх ёстой НӨАТ, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг нийтээрээ төлөхгүйгээр эсэргүүцэл илэрхийлнэ хэмээн бизнес эрхлэгчид мэдэгдлээ. Мэдээж гарах хор хохирол бий. Тэгэхээр энэ хохирлыг буруу шийдвэр гаргасан төр нь хариуцах нь зүйтэй гэж байлаа.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *