Тарвага бол тал нутаг

8-р сарын 14, 2018 9:16 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 36
тарвага

Б.СОЛОНГО

“Тарвага байгаагүй бол Монголын тал хээрийн экосистем ийм байхгүй. Цөл эсвэл намаг голдуу байх байсан болов уу” гэж “Дэлхийн тарваганы зүйлүүд” сэдэвт олон улсын хуралд ирсэн судлаачид онцлон тэмдэглэж байлаа. Хамгийн их тархацтай гэгдэж байсан ч сүүлийн жилүүдэд тоо толгой нь огцом буурч, өмнө захын зарим нутагт устаж үгүй болсон, тэр хэрээр үржил нь багассан тарвага гэх амьтны судлаачид долоо дахь хурлаа Монголд зохион байгуулсан нь энэ юм.

Олон улсын тарвага судлаачдын эрдэм шинжилгээний долдугаар хурлыг Шинжлэх ухааны академи, БОАЖЯ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гадаад дотоодын 100 гаруй эрдэмтэн судлаачид, байгаль, ан амьтан хамгааллын байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм. АНУ, ОХУ, Казакстан, Украйны 26 судлаач 29 илтгэлийг энэхүү хуралд тавьж хэлэлцүүлснээс дэлхийд тархсан тарваганы тархац, нөөц, ашиглалт, дуу авиа, бүтэц, гаршуулан тэжээсэн тухай сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.  Түүнчлэн монгол тарваганы тухай баримтат киног сонирхуулсан юм.

МОНГОЛ ОРНЫГ ТӨЛӨӨЛӨХ АМЬТНААР ТАРВАГЫГ СОНГОЖЭЭ

Дэлхийн нийт тарвагын 60 хувь нь Монголд байдаг байна. Монголчууд эрт дээр үеэс ан амьтад түүний дотор тарваганы нөөцийг хамгаалах, зохистой ашиглахыг эрхэмлэн үзэж хууль журмаар чанд зохицуулж байсан түүхтэй. Тухайлбал, Их Засаг, Халх журам, алтан хааны хууль зэрэг алдарт түүхэн сурвалж бичгүүдэд тусган хэрэгжүүлж иржээ. Түүнчлэн улс хоорондын найрамдалт харилцаанд тарвагыг ашиглаж байсан сонирхолтой баримт байна. Тодруулбал, Монгол Улс найрамдалт харилцааны бэлэгдэл болгож Япон улсад монгол тарвагаа бэлэглэж байжээ. Буга, чоно зэрэг амьтныг санал болгосон ч Монголын эдийн засаг, байгаль, амьдрал ахуйд хамгийн ойр байдгаар нь тарвагыг япончууд сонгож байжээ. Ингээд Богд уулаас Япон улсад хүргэсэн тарвагыг нутагшуулан тэжээснээр 16 жил насалж, үр төлөө өгсөн тухай сонирхолтой, шинэ мэдээллийг хурлын үеэр дуулгалаа. “Жилийн тэн хагаст нь байгалийн өвсөөр хооллож, үлдсэн хугацаанд нь ичдэг амьтныг байнга сэрүүн байлгаж хүнсний ногоогоор хооллоход сургасан. Монгол тарвага байгальд 10 орчим жил насалдаг тул Японд очсон тарваганы нас үүнээс богиносох болов уу гэж бодож байлаа. Гэтэл 16 жил наслаад үр төлөө хүртэл өгчихсөн байна гэдэг нь тун сонирхолтой хэрэг” гэж тухайн үед Японд нутагшуулахад гардан гүйцэтгэсэн МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, доктор, профессор Д.Суран бидэнд ярилаа.

Үнэхээр Монгол орны байгаль, хүн зоны амьдралыг тарвагагүйгээр төсөөлөхөд бэрх юм. Монгол Улс нь ЕврАзийн тарваганы зүйлүүдийн тархцын зүүн зах, сэжүүр болох онцлогтой бөгөөд монгол тарвага нь олон зүйл мах идэшт амьдтын идэш тэжээл болдог, газрын хөрсийг ухаж сийрэгжүүлэн агаар чийгийн горимыг эерэгээр өөрчилж, ургамлын ургацыг нэмэгдүүлдэг экосистемийн чухал ач холбогдолтой амьтан. Харамсалтай нь хууль бус агнуур, уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын тааламжгүй байдал зэргээс хамааран тарвага нь устаж үгүй болохдоо тулж, түүнийг хамгаалах асуудал хүчтэйгээр яригдаж байна. 1880-1890-ээд оноос гадаадын зах зээлд арьсны үнэ өсч, олноор нь агнах үеэс 1990-ээд он хүртэл 150 сая гаруй тарваганы арьсыг бэлтгэн нийлүүлж байжээ. 2005 оноос тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон, тарвага сэргээн нутагшуулах ажлуудыг зохион байгуулсантай холбоотойгоор ойт хээрийн бүсийн зарим нутгаар тоо толгой нь бага зэрэг өсөх хандлагатай байгааг Шинжлэх ухааны Академийн Биологийн хүрээлэнгээс хурлын үеэр мэдээлэв. Тарваганы тархац элбэг үед буюу одоогоос 20-30 жилийн өмнө энэ амьтныг устаж үгүй болох, тоо толгойнх нь талаар санаа зовох үе ирэх талаар төсөөлөлгүй байсныг олон жил ажилласан судлаач, эрдэмтэд мөн ярьж байсан юм.

ЭМИЙН УРГАМАЛ ИДДЭГИЙГ ТОГТООЖЭЭ

Нүүдэлчин монгол­чууд олон зууны турш тар­вагыг ашиглахдаа байгаль орчин, ахуй амьдрал, зан үйлийн өвөрмөц онцлогт тохирсон агнах аргыг хэрэглэдэг байжээ. Агнуурын үеийн нас, бие гүйцсэн нэг тарваганаас 10-14 дм.кв талбай бүхий үслэг арьс, олон тооны амин хүчин, амин дэмээр баялаг 2.3-3.5 кг мах, 0.8-1.2 кг өөх, 250-300 грамм цэвэр тос ашиглаж болдог байна. Монголчууд тарваганы маханд асар дур­тайгаас гадна элэг, цөс, зүрх, бөөр зэрэг дотор эрхтнийг нь ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн уламж­лалтай. Энэ нь тарваганы идэш тэжээлтэй холбоотойгоор үүссэн эмчилгээ гэдгийг суд­­лаа­ч­ид сонирхуулж байлаа. Тухайлбал, МУИС-ийн Биологийн тэнхмийн багш нарын Богд ууланд хийсэн судал­гаа­гаар тарвага нь 47 зүйлийн ургамал идэж байсны 40 орчим нь эмийн ургамал байжээ. Түүнчлэн цас хайлсны дараа шинэхэн нялх ногоог түүж идээд тарга хүчээ биедээ хуримтлуулж авдаг байна. Үүнийгээ ичээндээ ороод унтаж байхдаа биедээ зарцуулж, энергийн эх үүсвэр болгодог аж. Тарваганы идэш тэжээлд эмийн ургамал дийлэнх хувийг эзэлж байна гэсэн энэхүү судалгаа нь энэ амьтны мах, эд эрхтнийг эмчилгээнд хэрэглэх шалтгаан болж болох ч нөгөө талаар тарвага нь байгалийн голомтот халдварт тахал өвчний нян тээгч болдгийг мөн сануулав. Өөрөөр хэлбэл, монголчууд тарвагыг агнаад зүрхэнд сайн гээд зүрхийг нь , бөөрөнд сайн гээд бөөрийг нь гэх мэтээр халуунаар нь залгидаг. Энэ нь тарваган тахал өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлийг да­гуулдаг. Хүүдээ тарва­ганы бөөр залгиулс­наас тарваган тахал туссан байж болзошгүй асуудал хэдхэн хоногийн өмнө гарсан. “Тарвага бол халдварт тахал өвчний үндсэн агуулагч амьтан. Агналтыг хориглосон ч гэсэн хүмүүс хувиараа хулгайн замаар ан хийгээд хүнсэндээ хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд эрхтнийг нь түүхий­гээр нь залгих болсон. Энэ нь тарваган тахлын халдварыг авах эрсдэлтэй. Монгол орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомттой гэж үздэг. Энэ бүс нутгийн хүмүүс вакцинд хамрагдах шаардлагатай. Мөн тарваган тахлын өвчлөлийн тохиолдолд нуудаг байдал түгээмэл. Энэ нь улам хүндрээд амь насанд хүрэх аюултай” гэж  Зоонозын өвчин судлалын төвийн эрдэмтэн, доктор Д.Цэрэнноров ярилаа.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Я.Адъяа: МАЛ ӨСӨХӨД ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ АМЬТАН

/ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор/

-Америкад зургаан зүйл, ЕврАзид найман зүйл ингээд дэлхийд 14 зүйлийн тарвага байна. Бид улам хотжиж байгаагаас байгалиасаа холдсоор байна. Байгаль хамгаалахад хэрэглэж байсан өвөг дээдсийнхээ уламжлалт зан зүйлийг мартаж байна. Нүүдэлчин монголчуудын бас нэгэн өв соёл болсон байгаль хамгааллын аргууд олон бий. Тарвага нь экосистемд онцгой үүрэгтэй амьтан. Нүх ухаж хөрсийг сийрэгжүүлснээр агаар чийгний горимыг тэнцвэржүүлж байна. Нөгөө талаас махан идэштэн  амьтдын идэш тэжээлийн бааз болж байна. Тарвага ичээнээс гарсан үед малд халддаг махан идэштний тоо багасдаг. Тэгэхээр малын тоо толгой өсөхөд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж өгч онцгой үүрэг гүйцэтгэдэг. Мөн дээр үеэс ард түмний амин зуулга болж ирсэн амьтан.

Д.Суран: ТАРВАГА МАШ ОЛОН НЯНГ ТЭЭЖ БАЙДАГ

/МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, доктор/

-Тарвага нь экосистемийг тэнцвэржүүлэх чухал ач холбогдолтой амьтан. Түүнчлэн бусад амьтадтайгаа хоол тэжээлийн өргөн харилцаанд оролцдог. Эдийн засгийн хувьд  тарваганы арьсыг олноор нь гадаадад гаргаж эргэлдүүлдэг байлаа. Хүн амын амьдрал ахуй хүнд үед үндсэн тэжээл нь болж байсан түүх ч бий. Гэхдээ энэ амьтан нь өөртөө маш олон зүйлийн гадаад, дотоод нянг тээдэг. Тарваган тахал гэж айхтар өвчнөөр дэлхий даяар 60 мянга гаруй хүн өвчилсөн гамшиг нүүрлэж байсан нь манай зүүн аймгуудын нутгаар ч орж ирсэн байдаг. Тиймээс тарваганы мах, эд эрхтнийг аливаа өвчинд сайн гэж түүхийгээр нь залгих, идэх нь маш буруу юм.

Д.Шагдарсүрэн: БАЙГАЛИА ХАМГААЛАХ НЬ АМЬДРАЛАА ХАЙРЛАХЫН НЭР ЮМ

/Соёлын гавьяат зүтгэлтэн, экологийн сэтгүүлч/

-Тарвагыг хамгаалж яах гээд байгаа юм. Байгалийн жамаараа явж байгаа юмыг яагаад дундуур нь ороод байгаа юм. Тахал нь гараад, тал хөндий нь цөлжиг л дээ. Ингэж ханддаг нь олон байна.  Тэгвэл бид яагаад хамгаалах ёстой вэ. Тарваганы тэнцвэржүүлж байгаа экосистем нь хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа учраас хамгаалаад байгаа юм. Байгаль хамгаа­лал гэдэг ямар нэг ховор, нэн ховор амьтан, ургамлыг хамгаалахын нэр биш амьдралаа, өөрийгөө хамгаалахын утга гэж би ойлгодог. Амьдралаа хамгаалах гэж тэмцэж байгаа хүн төрөлхтний тэмцэл. Нөгөө тивээс зорьж ирээд энэ талаар ярилцаж, хуралдаж байна гэдэг нь дэлхий нийтээрээ  нийлээд хүн төрөлхтний амьдралыг хамгаалах гээд зүтгэж байгаагийн илрэл.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *