Тархины түгжрэл

8-р сарын 27, 2012 9:57 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 219

Б.ГАРЬД

 

Хотод амьдардаг за­хын хүнээс “…Таныг юу зо­воож байна вэ…?” гэвэл бо­дох ч үгүй “Замын түгж­рэл, бас утаа…” гэж ха­риул­­даг болоод удаж бай­гаа. Энэ “зовлон”-гоос яаж салах вэ гэдэг гаргал­гаа үе үеийн нийслэ­лийн дарга нарын толгой­ны өв­чин болсоор ирсэн.

Замын түгжрэлээс болж  улсын эдийн засаг, нийгэмд ихээхэн хохирол учирдаг тухай мэргэжлийн хүмүүс хэлж байна. Даанч хохирлын нарийн тооцоо гаргах боломжгүй аж.

Түгжрэлээс болж  цаг хугацааны айхтар том хо­хи­­­рол буй. Ажлаасаа хо­цорч, үүнийг дагаад хө­дөлмөрийн бүтээмж алдаг­дах, элдэв ёс журам гэх мэтээр дотор нь ангилбал олон салаа болдог гэнэ. Мөн уур уцаар, бухимдал, шатахууны сул зарцуулалт гээд хүмүүст тусах хохирол бас л урсч өгнө.  Түүн дээр нэмээд зам дүүрэн “нор­мальд­сан” машинуудын утаа машин унадаггүй хүмүү­сийг ч хордуулдаг агаа­рын бохирдлыг ихэс­гэнэ.

Жолооч нараас авсан судалгаанаас авч үзвэл нэг жолооч өдөрт дунджаар хамгийн багадаа 48.6 минут түгжирдэг ажээ.  Хотын замд 100 км-т дунд­жаар 13.45 литр шатахуун хэрэглэдэг.  Ха­рин түгжрэлтэй үед 18.9 литр шатахуун зар­цуулдаг байна. Тэгэхээр 20 км-т 100 км-ийн турш явахад 5.45 литр бензин алддаг байх нь.Өөрөөр хэлбэл, түгжирсэн нэг цаг тутамдаа нэг литр шата­хууныг “хаядаг” гэсэн үг. Мөнгөн дүнгээр бодвол жолооч өдөрт дунджаар 8500 орчим төгрөгийг зүгээр л “шатаачихдаг” байна.

Чухамдаа түгжрэл, бөөгнөрөл нь бухимдал, уур уцаар, олны хараалыг барсан, ярихаас ч залх­маар зүйл болоод буй.

Хотын дарга Э.Бат-Үүл нэгэн шийдвэр гар­гаснаа мөрдүүлж эхлээд байна. Замын түгжрэлийг бууруулахаар авто­ма­шины дугаараар ялгаатай хөдөлгөөнд оролцуулах, зарим худалдааны төвийн цагийн хуваарийг өөрчлөх зэрэг шийд гаргаж. Ингэснээр гайтай, хөөтэй замын түгжрэл 20 хувиар буурна гэв.

Одоогийн Э.Бат-үүлийн санаачилгыг Г.Мөнх­баяр, түүнээс өмнөх дарга ч санаж л байсан. Заримыг нь хэрэгжүүлэх гэж үзэж байв. Даанч зориглоод зүтгүүлж чадаагүй.

Харин энэхүү магтаал, сайшаалд өлгийдүүлээд байгаа Түгжрэлийг буу­руулах 12 зүйл бүхий ажил  өнөөдрөөс эхлэн хэрэг­жиж эхэлнэ. Хэрэгжээд үр дүн гарч, зам дээр зогсч өнгөрөөдөг цаг хугацаагаа хэмнэнэ гэж найдъя. Гэхдээ хотын шинэ даргын хэрэгжүүлж эхэлж байгаа механик 12 арга хэмжээнээс гадна  хотын замын хөдөлгөөнд орол­цож байгаа жолооч нарын тархин дахь түгжрэл гэж том асуудал байгааг ан­хаарахгүй орхивол асуудал цогцоороо шийдэгдэхгүй.

Шулуун замаар дав­хиж яваад гэнэтхэн эсрэг урсгал руугаа орохоор зүтгэчихнэ.

Гэрлэн дохион дээр цагдаа байхгүй л бол улаа­наар ч давхихаа сийхгүй. Анхааруулдаг шар гэрлийг бол ногоон гээд ойлго­чихсон.

Энэ юу ч биш өөд өөдөөсөө явж байсан хоёр автобусны жолооч төв замын тэхий голд “буу халаад” зогсчихно. Араас нь явж байсан хоёр урсгал автобуснуудаас болоод нам түгжирнэ.

За тэгээд ууртай омогтой жолооч замаар дүүрэн. Төв болон туслах замын уулзвар дээр барьцалдаад зогсчихсон байх нь хэвийн үзэгдэл. Шалтгаан нь тодорхой. Төв зам руу орох гэнэ. Нөгөөх нь оруулахгүй гэнэ. Тэгэхээр нь уурандаа хаазаа гишгээд, давхиж очоод шүргэлцчихнэ.

Зайгаа бариад “саж­лах” тун төвөгтэй. Араас “Хурдан яваач….” гээд орилно. Тэр чигээрээ яваад байвал шахаж дай­раад урд гарах гэнэ. “Дүрмээрээ яваач” гэвэл бүр буруудна. Ална, шудна… гэж загнахаас эхлээд зангидсан нударга, гозойсон дунд хуруу үзүүлж дарамтлах жи­шээтэй.  Иймэрхүү тар­хины түгжрэлтэй бид өдөр тутам зам дээр таарч байгаа.

Тархины энэ түгж­рэлээсээ болоод бид зам дээр өөрсдийгөө бас өрөөлийг түгжиж орхидог.  Харин үүнийгээ анзаарч тоодоггүй, бүр эсрэгээрээ хээр талаар “дэмий тэ­нээд” сурчихсан нүүдэлч­дийн зан заншлаас улбаатай шахуу юм гэж тайлбарлах нь ч энүүхэнд. Хэдэн жилийн өмнө нэгэн улстөрч хэлсэн байх юм. “Замын түгжрэл гэдгийг мэдэхгүй явсан цаг саяхан. Одоо бол өөр. Монгол Улс  хөгжиж байгаа. Саяхныг хүртэл машин гэж цөөхөн, ний­тийн тээврээр л унаагаа хийж явдаг байсан хүмүүс одоо бүгд машинтай болсон. Тэгээд олон машинтай болоод түгжрэл үүсдэг болж. Энэ чинь бас хөгжлийн нэг илрэл юм.” гэжээ. Өдгөө төрд томоо­хон алба хашиж байгаа энэ эрхмийн үгээр тар­хины түгжрэл бол хөгжил ажээ. Шуудхан хэлэхэд, түгжрэлтэй тархи л ийм үг боловсруулна л даа.

Замын цагдаагийн газраас  гаргасан сүүлийн таван жилийн судалгаа­гаар зам тээврийн осол, хэргийн 78.3 хувь нь дээрх “монгол зан”-гаас шууд шалтгаалжээ. Тухайлбал: 10.3 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жо­лоод­соноос, 8.6 хувь нь хоорондын зай тохируу­лаагүйгээс, 8.1 хувь нь анхаарал болгоомжгүй­гээс, 7.6 хувь нь уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс, 7.1 хувь нь зогсоох арга хэмжээ аваагүйгээс, 6.8 хувь нь хурд хэтрүүлсэнээс, 5.5 хувь нь эргэх үйлдэл буруу хийснээс, 4.7 хувь нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоноос, 4.0 хувь нь эсрэг урсгалд орсноос, 3.8 хувь нь эгнээ байр буруу эзэлснээс, 3.3 хувь нь ухрах үйлдлээс, 2.9 хувь нь гүйцэж түрүүлэх үйлдлээс, 1.6 хувь нь хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөнөөс үүдсэн гэнэ.  Энэ бүх тоо баримт нь шууд утгаараа, Улаан­баатарын замын түгжрэл жолооч нарын тархины түгжрэлээс үүдэлтэй гэдгийг л харуулна. Зам дээр түгжрэл үүсгэж байгаа  тархины түгж­рэлийг Замын цагдаагийн газрынхан “Замын хөдөл­гөөнд соёлгүй оролцох” хэмээн албан ёсоор нэрийддэг.

Тархины түгжрэлийг “анагаадаг” туршлага дэлхийн улс орнуудад бий. Япон улс 2000 оны эхээр замын түгжрэл /тархины түгжрэл/-д нэрвэгдэж. Гэхдээ манай одоогийнх шиг биш л дээ. Тиймээс 2004 онд Токио хотод нэр хүндтэй судлаачдын баг ажиллан замын түгжрэлийн шалтгааныг судлан, тархины түгжрэл байсныг “оношилсон” байна. Тэд тархины түгж­рэлд тухайн жолоочийн боловсрол, гэр бүлийн байдал нөлөөлдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутгаас шил­жиж ирэн такси барьж байгаа болон гэр бүлгүй залуусын 75 хувь нь түрэмгий авиртай, бу­садтай уралдаж мөчөөрх­дөг хэмээн үзжээ. Энэ дагуу Токиогийн Замын цагдаагийн газраас орон нутгаас ирсэн таксины жолооч нар, гэр бүлгүй залуусын дунд зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх сургалт зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ингэж Токио хот Тархины түгжрэлээс салж чаджээ.

Мөн 2004 онд АНУ-ын нэгэн мужид зам тээврийн осол гаргасан 1000 жолоочийн дунд судалгаа явуулж. Ингэхэд 85 хувь нь “Хүнд бууж өгөх дургүй, зам тавьж өгснөөр аймхай байдлыг харуулна гэж ойлгодог байсан”-аа хэлсэн байна.

Харин Монголд одоогоор ийм судалгаа алга. Гэвч дээрх маягаар судалбал, түгжрэлийг бууруулах боломж байгаа гэсэн үг. Жолооч хүн шулуун замаар чигээрээ явах ёстой гэдгийг, улаанаар биш ногооноор зорчдогийг, эсрэг урсгалаар явж байгаа машины жолоочийг таньдаг байсан ч зам дээр зогсоод “буу халж” болохгүйг сургаж, бас дүрмээрээ зорчдог болох анхан шатны боловсролд нь анхаарч тархиных нь түгжрэлийг арилгаж байж л үр дүнд хүрнэ.  “Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё” гэж нялуу­рахаас илүүтэй “Тар­хины түгжрэлтэй жолооч нар замын түгжрэл үүсгэдэг” гээд шуудхан хэлчихэж яагаад болохгүй гэж.

Бат-Үүл дарга аа, замын хөдөлгөөний ачаа­лал түгжрэлийг бууруулах 12 багц ажил дээрээ нэмээд зам дээрх тархины түгжрэлийг буу­руулах соён гэгээрүүлэх ажил хийгээч. Хэвлэл мэдээл­лийнхэн бид ч энэ аянд дуртайяа нэгдэх болно.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *