Танилц: Ажил хэрэгч хэн бүхэнд нээлттэй дундын оффисууд

6-р сарын 27, 2018 11:18 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 16
я22

Б.БАЙГАЛЬ

Дундын оффис (Coworking) гэдэг нь бие биедээ үл хамааран үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хуваан ашиглаж буй оффисыг хэлнэ.  Энгийн оффистой адил зөвхөн нэг байгууллага үйл ажиллагаа явуулдаггүй. Ихэвчлэн энэ төрлийн ажлын оффис нь гэртээ ажлаа хийдэг мэргэжилтнүүд, гарааны бизнес эрхлэгч,  сайн бизнес санаатай боловч санхүүгийн чадавхгүй хүмүүст тохиромжтой байдаг. Дундын оффис нь ихэвчлэн дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: Ажлаа хийх зай талбай, захиалах, түрээслэх боломжтой хурлын болон уулзалтын заал, Wi-Fi, принтер, хувилах машин, факсын аффарат, хамтын гал тогоо, ариун цэвэр, болон амралтын өрөө зэрэг орж байна.

Дундын оффисын түүх

Дундын оффис гэх тодорхойлолтыг Берние Дековен  анх 1995 онд гаргаж байсан бол хамгийн анхны дундын оффисын төв 2005 онд СанФранцискод  үүд хаалгаа нээж байжээ.   Вики сайтын  мэдээлэлээр одоогоор дэлхий дээр 400 гаруй дундын оффисын төв бүртгэлтэй байна.

Улаанбаатар хотод дундын оффисууд нэмэгдсээр байна. Чөлөөтэй, өөрийн тааваар ажиллах, бүтээлч байдлаа өрдөх, танилын сүлжээгээ өргөтгөх, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог дундын оффисууд нь залуусын ажиллах, хийж бүтээх хэв маягт эерэг нөлөө үзүүлж, гарааны бизнесийн хөгжихөд дэм болж байна. Ийнхүү Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй дундын оффисуудыг танилцуулж байна.

  1. CLUB COWORKING

Club Coworking бол Улаанбаатар хотод байгуулагдсан анхны томоохон дундын оффис юм. Тийм ч учраас дундын оффис гэж ямар байдаг, юу юу санал болгодгийг бидэнд анхлан танилцуулсан газар гэж хэлж болно. Хотын төвд байрлалтай Club-д Brainstorm, UB Passport, Happy Home, 24 тэргүүтэй стартапууд байрладаг. Дотоод тохижилт, цонхны харагдац сайтай бөгөөд үйл ажиллагаа нь тогтмол жигдэрсэн газар юм.
Хаяг: Blue Sky-ийн урд, ICC Tower-ийн 13 давхарт

  1. SMS – STARTUP MARKETING SPACE

“Зөгий шиг бай” уриатай SMS дундын оффис өнгөрөгч оны наймдугаар сарын 30-нд нээлтээ хийсэн билээ. Гоёмсог дотоод тохижилтоороо шууд л анхаарал татах тус дундын оффисыг Монголын Үндэсний Маркетийн холбоо эрхлэн ажиллуулж байгаа юм. Тийм ч учраас маркетингийн хүмүүст зориулсан олон сургалт, арга хэмжээг явуулах нь ойлгомжтой. Тэд өөрсдийн нэрийн SMS эвентүүдээс гадна байгууллагуудтай хамтран эвентүүдийг нь зохион байгуулж өгнө хэмээж байв. Мөн гишүүддээ хэрэгцээт хүмүүс, байгууллагууд, үйлчилгээнүүдийг холбож өгөхдөө нэлээд анхаарч байгаа аж. Саяхан нээгдсэн ч дундын оффис доторх оффисууд нь хэдийн эзэнтэй болжээ.

Хаяг: Драмын Театрын дэргэд, Business Tower-ийн 19 давхарт

  1. WORKCENTRAL MONGOLIA

Сингапурын Workcentral дундын оффисын франчайз болох Workcentral Mongolia өнгөрөгч есдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн юм. Монголын гарааны бизнесийн орчныг хөгжүүлэхийн төлөө тууштай явж буй, Techstars компанийн бүс нутаг хариуцсан захирал Окогийн хүчин чармайлтаар олон улсын гэж болох дундын оффис нээгдсэн нь энэ. Startup Mongolia байгууллагын эрхлэн явуулах Workcentral нь дундын оффисын санал болгодог бүхий л боломжийг санал болгож байгаа бөгөөд Startup Grind, Drink Entrepreneurs тэргүүтэй уламжлалт арга хэмжээнүүд, Design Thinking, Innovator, Education тэргүүтэй сургалтууд, мөн шинэ арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулагдах аж. Одоогоор Themeton, Promotion Craft, iHotel, On Air зэрэг стартапууд тэнд байрлажээ.

Хаяг: Pro One оффисын 18 давхарт

  1. CREATIVE CLUB

Гэрэл+Медиа группийн харьяа Creative Club бол бүтээлч салбарын бүх л хүмүүст зориулж төрөлжүүлсэн дундын оффис юм. Тухайлбал, дизайнер, видео бүтээгч, гэрэл зурагчин, дуучин, зохиолч, орчуулагч, сэтгүүлч, продюсерууд энд сууж ажиллавал давуу тал ихтэй. Телевиз, дуу бичлэгийн студи, хэвлэх үйлдвэр зэрэг ашиглаж болох нөөц боломжууд энд бий. Мөн Гэрэл+медиа групптэй хамтран уран бүтээлүүдээ сурталчлах бүрэн боломжтой.

Хаяг: 19-р хороолол, Петровис ШТС-ын зүүнталд, Гэрэл+Медиа Группийн байр

  1. STARTUP TERMINAL

Өнгөрсөн сард Hack Ub хакатоныг амжилттай зохион байгуулсан Startup Terminal дундын оффис нь хөрөнгө оруулалтын сан, энэ жил хөрөнгө оруулагчдын платформ, хурдасгуур хөтөлбөр зэрэг гарааны бизнесийн цогц орчны нэг хэсэг болон гарч ирж байгаа юм.  Инновацийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах маркетинг, хөрөнгө оруулалт, хөрөнгө зуучлалын тал дээр Шинжлэх Ухаан, Технологийн Сантай хамтран ажилладаг. Тэд “Гарааны бизнесүүд хэрхэн IPO хийх вэ” зэрэг төрөл бүрийн сургалт, сонирхолтой арга хэмжээнүүдийг хэдийн зохион байгуулж эхэлжээ.

Хаяг: Их Монгол Комплексийн гурван давхарт

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *