Танд асуулт байна уу

1-р сарын 18, 2018 5:19 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 108
5

Та сонирхсон асуултдаа хариу авахыг хүсвэл асуултаа аль болох тодорхой бичиж, оршин суугаа хаяг, холбоо барих утасны хамт илгээнэ үү. Та асуултаа оyun_zm@yahoo.com цахим шуудан болон 99138733 дугаарын утсаар өгч болно. Мөн “Танд асуулт байна уу” буланд захидал илгээгээрэй.

 

МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ НЬ НӨХӨЖ ӨГНӨ

-Би 2000 онд Техник техниологийн сургуулийг сантехникч мэргэжлээр төгссөн. Тухайн үедээ хөдөө ажилтай явж байгаад гэрчилгээгээ авч чадаагүй. Гэрчилгээгээ яаж авах вэ. Хаана, хэнд хандах вэ?                                                                       

Баянзүрх дүүргийн иргэн Н.Эрдэнэбат

-Техник технологийн сургууль дээр биеэрээ ирж сургалтын менежертэй уулзаж, өргөдөл бичиж өгнө. Хэрэв манай сургуулийг төгссөн бол архиваас шүүгээд гэрчилгээг нь нөхөж өгнө. Харин төгсөөгүй, дундаас нь хаясан бол шалтгааныг нь судалж үзнэ.

Техник технологийн политехникийн коллежийн Сургалтын менежер Ц.Оюунтуяа

 

1.5 САЯАС ИЛҮҮ ГАРСАН ОРЛОГОД 15 ХУВИАР АЛБАН ТАТВАР НОГДУУЛНА

-Сарын 1.7 сая төгрөгийн цалинтай хүн хэдэн хувиар татвар төлөх вэ?

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дашжамц

-“А” гэх иргэний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад үлдсэн дүнд татвар ногдуулна. Ингэхдээ 1.5 сая хүртэлх орлогод 10 хувийн татвар ногдуулж, 1.5 саяас илүү гарсан хэсэгт 15 хувиар албан татвар ногдуулна.

Өөрөөр хэлбэл, 1.7 сая төгрөгийн цалингаас 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө та нийгмийн даатгалын шимтгэл 10 хувь төлөөд үлдсэн дүнгээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь тооцож, энэ ногдсон татвараас сарын 7000 төгрөгийн хөнгөлөлтийг хасч 1.384.000 төгрөгийг гар дээрээ авч байсан байна. Харин одоо та нийгмийн даатгалын шимтгэл 11 хувь төлж, үлдсэн 1.513.000 төгрөгөөс хувь хүн амын орлогын албан татвар тооцохдоо 1.500.000 хүртэл 10 хувь  /150.000/, илүү гарсан 13.000 төгрөгт 15 хувиар /1.950/ татвар тооцож нийт төлөх 151.950 төгрөгийн татвараас 10.000 төгрөгийн хөнгөлөлтийг хасч гар дээрээ 1.371.050 төгрөгийг авахаар байна.

Шинэ хууль мөрдөгдөж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэл болон татварын зөрүү 12.950 төгрөг илүү төлөх болж байгаа юм. Задалж үзвэл, нийгмийн даатгалын шимтгэл  17.000 төгрөгөөр нэмэгдэж, татварын хэмжээ 4050 төгрөгөөр буурсан байна.

ТЕГ-ын татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрах

 

ЭНЭТХЭГИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЯМАР ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ВЭ?

-Энэтхэгт тэтгэлгээр суралцах хөтөлбөр зарласан гэсэн. Ямар чиглэлээр суралцах боломжтой вэ?

Хан-Уул дүүргийн иргэн Л.Оюундарь

-Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс ерөнхий хэл зүй, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, уран барилга, дүрслэх урлаг, урлаг, бүжиг, хөгжмийн чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтад Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгийг монгол оюутнуудад 2018-2019 оны хичээлийн жилд олгоно. Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл анагаах ухаан, загварын сургалтад тэтгэлэг олгодоггүй. Тэтгэлэгт хөтөлбөрт элсэлт, сургалтын төлбөр, амьжиргааны тогтмол тэтгэлэг багтана. Тэтгэлэгт хөтөлбөрийг сургалтын бүх хугацааны турш олгоно. Энэтхэгийн Элчин сайдын яаманд онлайн өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа энэ сарын 20.

БСШУСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Х.Өнөржаргал

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *