“Талбайн нэрийг өөрчлөх эрх УИХ-д бий”

7-р сарын 23, 2013 11:30 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 788
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өчигдөр Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж байгааг эсэргүүцэж байгаа тухай хэвлэлийн бага хурал зарласан юм.

Л.ЭНХ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өчигдөр Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж байгааг эсэргүүцэж байгаа тухай хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэрээр энэ байр сууриа бие даагчдыг төлөөлөх бус, зөвхөн өөрийнх гэдгээ тодотгосон. Түүнийг тойрогтоо ажиллаж байх үеэр иргэд энэ асуудлыг эсэргүүцэж байгаагаа хэлсэн гэнэ. Тэрээр цааш нь “Улсын төв талбайг Д.Сүхбаатарын нэрээр нэрлэх болсон нь тухайн үеийн төр засгийн шийдвэр байсан. Тиймээс Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх асуудлыг НИТХ шийдэх ёсгүй. Хэрэв өөрчлөх шаардлагатай байгаа бол ийм эрх зөвхөн УИХ-д бий. Энэ тухай УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Гэхдээ хэлэлцэх шаардлагатай эсэх талаар иргэдээсээ санал асуух хэрэгтэй. Үе үеийн төр өмнөх төр засгийн гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн залгамж халаа, хүндэтгэлийг хадгалах хэрэгтэй. Аль нэг нам, баатар нь гарч ирэхээрээ түүхийг бүдгэрүүлж, өмнөх төрийн шийдвэрийг үгүйсгээд байж болохгүй. Түүх бол улсын тусгаар тогтнолын үнэт зүйл, тулгуур юм. Олонх нь хариуцлагатай, алсын хараатай шийдвэр гаргах, цөөнх нь үүргээ сайн биелүүлэх үүрэгтэй гэдгийг сануулж хэлмээр байна. Төрийн ордныг шинээр барих тухай асуудал ярьж байгаа. Тэр орчинд Чингисийн талбай байгуулах боломж байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *