Талбайн хэмнэлт “Ногоон дээвэр”

11-р сарын 1, 2012 11:25 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 737

Шинэ технологи

Б.УРАН

Зүлэг, мод тарих талбайгүй юм бол байшингаа ашиглацгаая. Энэ аргыг олон улсад “Ногоон дээвэр” гэж нэрлэдэг. Ландшафтын нэгэн төрлийн урлаг болтлоо хөгжиж чадсан ногоон дээврийн тухай танилцуулъя. Хялбархан, хэмнэлттэй, ашигтай, тустай гээд сайн талыг нь тоочоод байвал дуусахгүй биз. Өдгөө Герман, Швейцарь, Австри, Япон, АНУ зэрэг  оронд “ногоон дээвэр” бодлогыг төрийн төвшинд дэмждэг. Зарим газрын барилгын стандар­тад ногоон дээвэртэй байхыг шаарддаг аж.

Их хотын тэнгэр бага­надсан өндөр барилгуудын дээврийг ногооруулж, ургамал, цэцэг ургуулах нь олон талын ач тустай. Тоос тоосонцрын хэмжээг багасгаж, машины дууг намдаан, эрүүл цэвэр орчинг бэлэглэнэ. Зүлэг­жүүлэх гээд дийлдэггүй, газар талбай нь олддоггүй манайх шиг хотод хамгийн оновчтой шийдэл энэ байж магадгүй.

Хамгийн анх Германд 30 жилийн өмнө “ногоон дээвэр” бий болсон гэдэг. Орчин үеийн архитек­турын ногооруулах тусгай аргыг байшингийн дээвэрт ашигласнаар ногоон орчин бий болно. Өөрөөр хэлбэл, дээвэр дээр зүлэг, бут, цэцэг, модыг үржил шимт хөрсөнд суулгасан тусгай давхарга болгоно гэсэн үг. Суурин дээр нь ус үл нэвтрэх мембран дэвсэж болох бөгөөд ургамлын үндсэн шигдэж ургадаггүй онцлогтой гэнэ. Бас нэг чухал хэсэг нь ус зайлуулах шүүлтүүрийн систем. Энэ хоёрыг шийд­чихвэл бусад нь энгийн аргаар зүлэгжүүлж, ногооруулахтай л адилхан. Ийм дээврийн ачаар өрөө тасалгааны дуу чимээ 40 децибелээр буурдаг ажээ. Мөн доод талын өрөөнд хэт халуун байхаа больж, эрчим хүч хэмнэдэг сайн талтай. Ногоон дээврийг бий болгоход мэдээж бүс нутгийн онцлогийг харгал­зан ургамлаа сонгож авна. Энэ хөдөлмөрийнхөө үр дүнд дээвэр дээрээ амрал­тын өрөө, усан бассейн, цэцэрлэгт хүрээлэн, ресто­ран гээд юу дуртайгаа байгальд байгаа мэт ногоон орчинд байгуулж болно гэсэн үг.

Дээвэр дээрээ зүлэгтэй байшин өвлийн улиралд улам дулаахан байдаг аж. Бороо орох үед дээврийг ус нэвтрэхээс хамгаална. Энэ нь эргээд зүлэг, ногоондоо бордоо болно. Мэдээж эрвээхэй, шувуу цугларна. Их хотод байгаа хэрнээ ой модонд яваа мэт тайван мэдрэм­жийг өгч, олон нийтийн чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг байшингийн дээвэр олгоно гэсэн үг.

Орчин үед ихэнх улс орон барилгын дээвэр дэээрээ цэцэг, чимэг­лэ­лийн ургамлыг ургуулдаг ч ирээдүйд нарийн ногоо, хоол амтлагч зэргийг ургуулж болох гэнэ. Японд л гэхэд архины үйлдвэр нь будаагаа үйлдвэрийнхээ дээвэр дээр тарьдаг юм байна. Манайд энэ аргыг хэрэглэхэд болохгүй зүйл үгүй. Өвөлдөө унтаад зундаа дэлгэрдэг олон ургамал байдаг. Тэднээс хүйтэнд тэсвэртэйг нь сонгож аваад байшингийнхаа дээврийг зүлэгжүүлж болох юм.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *