Тайгын хилчин, цаатан хоёр

2-р сарын 22, 2017 10:37 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 20
16833693_1891515897727577_952464826_o

Р.ОЮУН

 

Хамтарсан багийнхан даваа, гүвээ ихтэй уулархаг, модтой газар, нуураар явсаар Цагааннуур хэмээх нуурынхаа эрэг дээр орших Цагааннуур суманд ирлээ. Энд Хилийн 0258 дугаар салбар байдаг бөгөөд Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул гэсэн гурван сумын нутаг дэвсгэрийг хариуцан хамгаалдаг юм байна. Хариуцсан хэсгийн хамгаалалт нь Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай, нутгийн 90 хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагддаг, ан амьтан элбэг, түргэн урсгалт голуудтай, намаг шавар ихтэй, байгалийн бэрхшээл хүнд байдаг талаар Хилийн 0258 дугаар салбарын захирагч, хошууч Д.Отгонсүрэн танилцуулж байсан. Наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл ширүүн урсгалтай голууд үерлэж, намаг шавар ихтэй явахад хүндрэлтэй байдаг ажээ.

Цагааннуур сум нь баруун, зүүн гэсэн хоёр тайгатай. 2000 цаатай, цаа бугын аж ахуй эрхлэн амьдардаг ард түмэн юм. Цаатан иргэд нь жилийн дөрвөн улиралд цаа бугыг уулархаг, сарьдаг, цас их унадаг газарт малладаг ажээ. Монголын хамгийн хойд хил буюу тайгад амьдарч буй цаатан иргэд хил хамгаалах үйлсэд хэрхэн хамтран ажиллаж байгаатай танилцсан юм. Зүүн тайга буюу Хэвтэр толгой хэмээх газарт өвөлжиж буй цаатан иргэн С.Ганбатынд очлоо. С.Ганбат гуай энд насаараа амьдарч байгаа бөгөөд хоёр хүүгийнх нь айл болж тусдаа гарцгаажээ. Тэрээр өвөл болохоор цаанууд нь тайгын гүн рүү орчихдог болохоор уналгын хэдэн цаатайгаа байна. Цаатнууд дөрөвдүгээр сард хаваржиж, долдугаар сард цааныхаа хугашийг тэнхрэхээр зусландаа бууж ирдэг гэж байв. Зэрлэг цаа ч цөөнгүй байдаг ба тэжээвэр цаануудтай уулын гүнд нийлж хүч чадлаа авчихаад зун салаад явдаг гэж байлаа.

Тэрээр “Би бага наснаасаа өдийг хүртэл тайгад амьдарч байна. Ойр орчныхоо газар нутгийг сайн мэднэ. Хил хамгаалах байгууллагын тусгай хүчний гишүүнээр гурван жил ажиллаж байна. Манай хилчдийн алба хүнд. Цаг агаарын хүнд нөхцөлд албан үүргээ гүйцэтгэдэг. Хил хамгаалах байгууллагатай хамтарч ажилласнаар дархан хилээ харж, хамгаалах, гадны хүчин зүйл нөлөөлөх вий гэж айхгүй, цаагаа отрын бэлчээрт авч явахад санаа амар байдаг. Цаатан бид чинь дандаа нүүж, сууж, цаагаа соргог бэлчээртэй газар авч явдаг болохоор хил хамгаалах туслах хүчний гишүүн болсноор хаана нутаглахаа зохицуулдаг. Шаардлага гарвал цаа, мориор туслахаас гадна би өөрөө ч гэсэн шаардлагатай үед морь унана. Миний бага хүү Увсын Баруунтуруунд алба хааж ирээд гэрээт цэргийн албыг хоёр жил хаагаад энэ жил гэрээ нь дууссан ч хил хамгаалах байгууллагад ажиллах сонирхолтой байгаад нь баярлаж, дэмждэг. Манай үүгээр жуулчид их ирдэг” гэж байв.

 

IMG_1465

 

22 ЖИЛИЙН ТУРШЛАГАА ЗАЛУУ АХЛАГЧ НАРТАА ӨВЛҮҮЛНЭ

 

Энэ үеэр Харуулын дарга, ахлах ахлагч Г.Сүмбэрэлийн сэтгэгдлийг сонслоо.

-Би Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн. 1993 онд Дорноговь аймгийн Улаан-Уулд цэргийн албаа хаагаад 1994 онд халагдаж ирсэн. 1995 онд Хилийн 0257 дугаар ангид орж 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл харуулын даргаар тасралтгүй 22 жил  ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг хангахын төлөө чадах бүхнээ зориулж, хилчидтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ өвлийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад цас их унасан, зудархуу байна. Хил рүү явахад хүндрэлтэй байдаг болохоор хил хамгаалах туслах хүчний гишүүнээс цаа буга авч хүрэх газраа очихгүй бол мориор явах боломжгүй. Тиймээс цаагаар хилээ эргэж тойрдог. Манай энд өвлийн цагт цас унасан тохиолдолд цаа явдаг болохоор цааг үржүүлэх нь хилчдэд морио гамнахад ашигтай гэж боддог. Тэтгэвэрт гарахаасаа өмнө хуримтлуулсан туршлагаасаа залуу үе, дараа дараагийнхаа ахлагч нартаа газар орны бартаа саад, байгалийн аюулт үзэгдэл тохиолдоход хэрхэн ажиллах талаар зааж сургаж байна. Манай энэ хэсэг их онцлогтой. Өнөөдөр сайхан нартай байхад оройдоо шуурах, байгалийн эрс тэс үзэгдэл их болдог аюултай газар. Энэ бүгдийг залуу ахлагч нартаа үлдээхийн тулд хилээ хамгаалаад явж байна гэлээ.

Энэ хэд хоног эх орныхоо тайван байдлыг хамгаалахын тулд хил хамгаалах байгууллага, хилчид ямар бэрхшээлийг туулж, яаж ажилладаг болон орон нутгийн иргэд хэрхэн хамтран ажиллаж, бие биедээ тусалж дэмждэг талаар цуврал нийтлэлээрээ хүргэхийг хичээлээ. Эх орны дархан хил тайван байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *