Тахлын нян, вирус хувьсан өөрчлөгдсөн байж болзошгүй

8-р сарын 24, 2015 3:11 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 108
1-5-1_700x700

Хэд хоногийн өмнө бид Ховд аймгийн Булган сумын нутагт 14 настай хүү тарваган тахлаар нас барлаа гэсэн таагүй мэдээллийг сонссон. Тиймээс энэ удаагийн дугаартаа хүн малын гоц халдварт өвчин гэгддэг тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

18 аймгийн 132 сум тарваган тахлын голомттой

Амралт зугаалга ид үргэлжилж буй энэ үед гадаад, дотоодын жуулчид болон хот, хөдөөгийн иргэдэд аялах газар, идэх хоол хүнсээ зөв сонгоорой гэдгийг эмч нар онцгойлон анхааруулж байна. Учир нь, манай орны 18 аймгийн 132 сумын нутаг тарваган тахлын голомттой. Энэ нь 7-9 дүгээр сард идэвхждэг гэдгийг  албаныхан хэлсэн.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс жил бүр долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ ажлын хүрээнд долдугаар сарын 28-ныг хүртэл дүүрэг болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын вакциныг хийж байна. Магадгүй, зарим хүнд “Би тарваганы мах иддэггүй” аль эсвэл “Манай нутаг тарваган тахлын голомтгүй учир вакцинд хамрагдах шаардлагагүй” гэсэн тоомжиргүй бодол байж болох юм. Тэгвэл  тарваган тахлын вирус нь ханиад томуугийн вирус шиг, аль эсвэл бусад халдварт өвчний вирус шиг өвчтэй, өндөр настай, дархлаа нь суларсан сул хүмүүсийг авч оддоггүй. Мөн тарваганы мах идсэн тохиолдолд энэ өвчнөөр өвддөггүй, гэдгийг дуулгая. Дээр нь нэмээд, байгаль дэлхий зангаа хувиргаж буй энэ үед тарваганаас халдварлаж буй вирус хувьсан өөрчлөгдөж, бусад мэрэгч амьтанд хүртэл халдварласан байж болзошгүй гэсэн сэрэмжлүүлэгийг хүргэе.

Тахлын нян газрын хөрс, хүйтэн, чийгтэй нөхцөлд олон сар амьдрах ÷адвартай

Халдвар судлаач эмч нар “Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюултай халдварт өвчин” гэдгийг онцлоод энэ өвчнөөр  тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг гэсэн юм.  Мөн тарваган тахлын үүсгэгч Yersinia pestis нь зууван хэлбэртэй. Тахлын нян бүүргийн ходоодонд 0-15 хэмд 396 хоног хүртэл, мэрэгчдийн нүх ноохой, газрын хөрс, хүйтэн, чийгтэй газар олон сар амьдрах чадвартай. Ийм учраас  халдвар дамжих зам нь олон янз гэдгийг анхааруулсан. Тодруулбал, шууд халдварын зам нь өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед элдэв шарх сорвиор дамжин халдана. Мөн халдвартай эд, зүйлстэй хамгаалалтын хувцасгүй харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилнө. Дам халдварын зам нь мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөнд хазуулах тохиолдолд халдварлана. Агаар дуслын замаар буюу уушигны хэлбэрээр халдварлана. Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина. Хоол хүнсний замаар буюу тахлаар өвчилсөн тарваганы махыг  түүхий, шүүрхийгээр нь идэх явцад халдана” гэсэн юм. Тиймээс тахлын голомт бүхий бүс нутаг руу явах иргэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албанд хандаж, вакцинд хамрагдах боломжтой гэв. Мөн амарч зугаалж яваа иргэдийн дийлэнх нь ам дамжсан яриа, өөрсдийн хэнэггүй зангаас болж, энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байгааг албаныхан хэлж байв. Зарим нь энэ өвчний талаарх мэдээлэл дулимагхан байдгаас тарваган тахлаар өвддөг гэж байв. Учир нь, манайхны дунд ам дамжсан яриагаар өөрийгөө эмчлэх гэж оролддог хүн дэндүү олон. Тэр утгаараа  тарваганы элэг, бөөр, нойр булчирхай, хүн мах зэргийг элдэв өвчинд сайн гэж түүхийгээр нь  залгих явдал их байдаг аж. Түүнчлэн ангийн махаар ам тосдох гэсэн хот, хөдөөгийн иргэд очсон газар бүрээсээ тарваганы мах, боодог хайж хошуурдаг. Үүнээс болоод  өвдөх, амь насаа алдах тохиолдол олон бий гэдгийг онцгойлон анхааруулж байв. Иймд иргэдэд хэрэгцээтэй зарим мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан юм.

Ам дамжсан яриа тахлаар өвчлөх нэг шалтгаан болдог

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах:

 -Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар иргэд ташаа буруу ойлголттой явдгаас болж, өвдөх эрсдэл өндөр байна. Тухайлбал, “Тарваган тахлаар өвчлөхгүй байж болдог. Хошгирч байгаа тарвагыг буудаад идэхэд зүгээр. Эсвэл манай нутаг тарваган тахлын голомтгүй, тарваганы мах идсэнийхээ дараа архи уухаар тахал тусахгүй гэх зэрэг буруу мэдээлэлтэй явдгаас болж, тарвагатай зүй бусаар харьцаж, халдвар авах тохиолдол цөөнгүй байна. Халдварт өвчин халдвар үүсгэгч голомт, дамжуулагч, хүлээн авагч гэсэн гурван цагирагаас үүсдэг. Тэгэхээр зөвхөн тарваганы мах идэх бус хөдөө амралтаар явж байхдаа тарваганы дошин дээр хэвтэх, бүүргэнд хазуулах, тарваганы түүхий эд, арьс ширийг тээвэрлэх, гэртээ байлгах зэргээс болж, тарваган тахлын халдвар авах эрсдэлтэй байна. Иймд иргэд энэ талын мэдээлэлтэй байж, энгийн зүйлүүдийг ч гэсэн мэдэхэд илүүдэхгүй.

Булчирхай томорч өвдөх, халуурах  шинж илэрвэл эмчид хандаарай

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач эмч Ө.Ариунжаргал:

-Манай улс Казахстан улсаас 29 мянган тун вакцин авч 17 аймаг, есөн дүүргийн Эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж,  дархлаажуулалт хийж эхэлсэн. Вакцинд тахлын голомтод оршин суугаа иргэд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагынхан гээд эрсдэлт бүлгийн хүмүүс үнэ төлбөргүй хамрагдаж байна. Тарваган тахал өвчний үед гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар  суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Иймд дээрх шинж илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Гэхдээ тухайн өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаараарай.

Тарваган тахлын үүсгэгч нь зурманд шилжсэн

Анагаах ухааны доктор, судлаач Г.Зулхүү:

Сүүлийн үед хот, хөдөөд гарч буй тарваган тахлыг илрүүлж, оношлоход хүнд байна, вирусын шинэхэлбэр илэрсэн гэх юм. Энэ үнэн үү?

-Үүнийг ярихын  өмнө нэг зүйлийг сэрэмжлүүлэг болгож хэлэх нь зүйтэй. Аливаа өвчний тархалт, дэгдэлтийн үед вирус гарч байгаа  тухайн орчин нөхцлийг сайн судлах ёстой байдаг. Вирусын гаралт хүрээлэн буй орчноос ихээхэн шалтгаалдаг. Дээр нь хувьсамхай. Тиймээс вируст өвчлөлийг дэлхий нийт өнөө хүртэл  оношилж чадахгүй байгаа. Учир нь  вирус хурдан хугацаанд  өөрчлөгдөж  дахин дэгдэхэд хүний  дархлаа  түүнийг нь таньдаггүй. Тарваган тахал гэхэд л ийм   өвчин  манайд өргөн дэлгэр байсан.  Өнөөдөр бид тарвагаа устгаад бараг дууссан ч манай газар нутагт тахлын нян байсаар,  хүмүүс өвчилсөөр  байна. Энэ бол тарваган тахлын үүсгэгч, дамжуулагч нь тарваганаас  зурамд, түүнээс  өөр амьтанд шилжсэн байж болзошгүй гэсэн үг. Судлаачид эхнээсээ ийм дүгнэлтийг хийж байгаа. Харин вирус яагаад ингэж хувьсч өөрчлөгдөөд байна гэдэг шалтгааныг  дэлхий нийт судалж тогтоож чадахгүй байна. Зарим нь байгаль экологийн өөрчлөлттэй, зарим нь нарны идэвхжилтэй холбож үздэг. Дэлхийн насжилттай холбоотой гэж үзэх судлаач ч цөөнгүй. Гэхдээ эцсийн эцэст хүрээлэн буй орчны өөрчлөлт маш чухал. Үүнээс үүдэн ямар нэгэн  хэмжээгээр бидэнд нөлөөлдөг. Тэр нь ямар ч байдлаар ирж болно, вирус, бичил биетүүд, амьтад өөрчлөгдөж болно. Түүнтэй холбоотой дамжих зам, үүсгэгчүүд өөрчлөгдөнө. Өвчний хэлбэр бас өөрчлөгдөнө. Үүнийг л эхний ээлжинд сайтар анхаарах  ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *