“Та монгол хүн учраас чадна”

12-р сарын 3, 2018 11:00 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 22
1-1

Холун хатны үр садТББын тэргүүн, герман хэлний багш А.Сарнайг энэ удаагийнАмьдралын тойрогбуландаа урилаа.

А.Сарнай багш  саяхан “Герман явах гэж байгаа монголчуудыг  би байсан цагт зуучлалд шулуулахгүй” хэмээн мэдээлэл хийж байсан.  Герман руу  хувь хүн компаниуд  4-8 сая төгрөгөөр зуучилж байна.  Харин А.Сарнай багш  “Хэлний түвшинд нь хүрч байвал ажиллах хүчний урилга бүгд  үнэгүй байдаг.  Хол газар очиж ажиллах гэсэн монголчуудыг шулж байна.

Зүгээр л хулхидуулж байгаа залуусаа хараад үнэхээр өрөвдөж байна” хэмээн ярьж байсан.  Ингэхдээ бүүр нулимс нь цийлэгнэж, хоолой нь зангирч байлаа. Залуу эмэгтэй хүн ийм бухимдалтай байгааг хараад эхэндээ гайхаж байлаа.  Ерөнхийдөө тэр үеэс энэ эмэгтэй миний сонирхлыг татаж эхэлсэн.  Ингээд өнгөрсөн амралтын өдрөөр “Холун” герман хэлний  сургалтын төвийг зорин очиж, А.Сарнай гэдэг ертөнцтэй улам дотно танилцлаа.  Шулуун, шударга, зоригтой, өрөвч, нинжин сэтгэл нь хэтэрсэн тийм л хүн байв.   Энэ нь түүний баг огтоосоо  ч биш гэдгийг цаг гаруй ярилцсаны дараа мэдэрсэн юм. Яг л өөрийнх нь төрөлхийн араншин байлаа.

Тэр үнэхээр өвөрмөц хүн юм. Германд зургаан жил суралцаж, программист мэргэжлийг эзэмшсэн.  Брэндийн хувцасны бизнес хийж хоёр удаа дампуурсан. Одоо герман хэлний сургалтын төв ажиллуулж, өглөөний 10.00 цагт ажилдаа ирж, орой 22.00 цагт гэртээ харина.  Амралтын өдөр ч амардаггүй. Баяр ёслол таарч жилдээ гурван өдөр л амарсан байдаг гэлээ.  Яг л энэ зарчмаар бүтэн гурван жил багшилсан юм байна.  Чөлөөт цагаараа хөвгүүдийн тоглодог “Counter strike” тоглох дуртай. Эгч дүү нартайгаа санал нийлдэггүй, учраас гэртээ ч оруулдаггүй.  Яагаад гэхээр тэд бизнес хийдэг.  Тохижилтын компанитай дүү нь уулнаас мод оруулж ирээд эгчдээ загнуулаад бөөн юм болсон гэдэг. Мөн үндэсний үзлээсээ болж ТЕГ-т баригдаж явсан түүх ч А.Сарнайд бий гэнэ.

Түүний  амьдралын зарим нэг хэв маяг нь  эрүүл хүний санаанд багтахгүй байх нь ч бий.   Гэхдээ тэр Монголын олон мянган залууст Герман хэлийг сэтгэлээсээ зааж, энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн багш болжээ.  Герман хэл сурахаар зорьж, тэмүүлж байгаа залуус А.Сарнай багшийг андахгүй мэднэ.  Тэдний сургалтын төвийн бүх шатны төлбөр нь нийлээд 220 мянган төгрөг, тэгээд хэлний төвшин тогтоох шалгалтад байнга дээгүүрт ордог байна. А.Сарнай багш  өдөржин  залуустайгаа бужигнаж өнжихөөс гадна жаахан зав гарвал  “Холун хатны үр сад” ТББ-ынхаа ажлыг хийж, хотын гудамжаар алхана.

Тэрээр Галданбошигт хааны үед Сибирээс цөлөгдсөн Швед цэргээс үлдсэн үр удам гэж өөрийгөө хэлэв.

Гудамжинд нэг л хэцүү амьдралтай хүнтэй таарвал шөнөжин бодоод амарч чаддаггүй байна. Заримтай нь очоод яриа өдөөд амьдралд нь юу хэрэгтэй байгааг олоод мэдчихдэг. Тэгээд л тэрийг нь олж өгөх гээд гүйчихнэ.   Түүний амьдралын нэг өдөр ерөнхийдөө ийм л дараалалтай өнгөрдөг гэлээ.  Мөн эмзэг бүлгийнхэн, ядуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмээ, өвөө нар А.Сарнай багшид олноороо хандана.

Тэр чадлынхаа хэрээр тусалж дэмжээд явдаг ийм л зүрх сэтгэлтэй нэгэн байв.   Энэ нийгмийн ховорхон дүр төрх бол А.Сарнай багш шиг санагдсан.  Бидний яриа цааш  түүний аав ээж, хүүхэд нас, өсч төрсөн нутгийн талаар үргэлжилсэн.  Тэрээр  Галданбошигт  хааны үед Сибирээс цөлөгдсөн Швед цэргээс үлдсэн үр удам юм байна.   Мөн аав Н.Амьтан нь геологич хүн.  Ээж нь мөн л энэ салбарт ажилладаг байсан учраас түүний хүүхэд нас нүүдлийн шувуу шиг л өнгөрсөн гэж болно.    Дорноговь аймагт төрж, Баян-Өлгий аймагт хүүхэд насаа өнгөрүүлсэн. Эгч дүү долуулаа, А.Сарнай багадаа гэрийнхнээсээ нэг л өөр Европдуу төрхтэй байсан гэдэг.    Үүнээсээ санаа зовж, нэг хэсэгтэй сэтгэл гутралд хүртэл орж байсан юм билээ.

Швед цэргийн тухай түүхийг А.Сарнайд эмээ нь ярьж өгснөөр ийнхүү тэр Монголын түүхийг ихэд сонирхон судалдаг болжээ. Одоо түүний үндэсний үзэл ч үүнтэй холбоотой байна.  Тэрээр “Миний үзэл бодол төлөвшилд аав минь их нөлөөлсөн.  Аавд минь шуналын сэтгэлгээ байдаггүй байлаа.  Алдар нэр ч хөөж явсангүй.  Түүх их уншдаг, эргээд бидэнд ярьж өгнө.  Мөн би Германд очсондоо маш их талархаж явдаг. Би ажил голдоггүй, цалин голдоггүй, тэгээд аливаад чин сэтгэлээсээ ханддаг. Энэ хүмүүжлийг би Германаас авсан. Одоо Герман руу чадлынхаа хэрээр олон залуус гаргах юм сан гэж бодож байна.  Тэнд нийгэм нь өөрөө хүмүүсийг хүмүүжүүлээд байна. Шударга үнэн нийгэм учраас хүн зоригтой болно, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадна. Цаг барьж, хөдөлмөрлөж сурч байна” гэлээ.   А.Сарнай 10 жилийн сургуулиа төгсөөд тухайн үеийн ТИС-ийн хувцас дизайны ангид суралцжээ.

Удалгүй Германы Кемниз хотын Техникийн их сургуульд суралцах урилга авч тийшээ явсан юм байна.   Герман улс түүнийг тийм ч сайхан хүлээж авсангүй. Эндээс хүүхэлдэйн киноны зураач гэж авсан хуваарь нь очсон чинь программ хангамжийн анги байж таарчээ. Тэрээр энэ талаар “Эхний үед маш хэцүү байлаа.  Хэлний мэдлэг байдаггүй дээр нь программ хангамж гэдэг тийм амархан зүйл биш байлаа.  Гэхдээ би тооны суурь сайтай байсан болохоор хичээлүүддээ дуртай болж эхэлсэн. Хүмүүс тухайн үед “Эмэгтэй хүн хэзээ ч энэ мэргэжлээр суралцаж, төгсөж чадахгүй” гэдэг байсан.  Тэр үед шар хөдлөөд ямар ч байсан төгсөнө гэж зориглосон.  Ангиа солиулах боломж байсан ч би тэгээгүй. Гэхдээ  энэ сонголтдоо хэзээ ч харамсдаггүй.  Германд миний ачаалал яг таарсан.  Монголд маш их чөлөө зав гардаг байсан байна.  Тэр сургуульд очоод би өөрийнхөө чадлыг таньсан” гэлээ.

Ийнхүү А.Сарнай багш Германд найман жил амьдарсан.  Хүүгээ ч тэнд төрүүлжээ.  Түүний хүү Тэнгис одоо 12 настай.  Хүүдээ цаг зав гаргаж чаддаггүй, эмээтэйгээ амьдардаг гэж байлаа.  Үүний дараа А.Сарнай багш бизнес хийсэн тухайгаа ярилаа. Тэрээр 2011 онд эх орондоо иржээ.  Ирэхдээ бас зүгээргүй Герман, Австрийн томоохон брэндийн худалдааны эрхтэй ирсэн юм байна.  Тэгээд компани байгуулж бизнесээ эхлүүлсэн.  Мөн тун удаагүй дампуурсан байна.  Түүнээс “Та томоохон брэндүүдийн түнш болж ирчихээд яагаад дампуурчихав аа?” гэхэд “Герман талаасаа бүх зүйл болоод байдаг. Гэтэл манай гааль дээр ирээд гацдаг.  Гаалийн татвараа төлье гэхээр байцаагч нар нь өөрсдөө давхар юм хараад гацаачихна.  Мөн түрээслэгч нар нь бөөн шулаачингууд.  Тухайн үед “Номин” зэрэг дэлгүүрүүд дундаж зэрэглэлийн брэндийг оруулдаг.  Минийх өндөр зэрэглэлийн бараанууд байсан.  Тэгээд дундаж зэрэглэлийнхээс би хямд зардаг байсан.  Би угаасаа хүн шулж сураагүй.  Олон улсад брэндийн бараа нэг л үнээр зарагдана.  Тэр л үнээр нь зарсан. Хоёр удаа дампуурсан. Монголд бизнес эрхлэнэ гэдэг маш хэцүү юм билээ.  Хүнд сурталтай, асуудал ихтэй.  Бүх бохир заваан зүйлийг би  өөрийн биеэр амссан.  Залуу хүн чадлаараа босч ирж чадахгүй юм билээ.  Тал талаас дараад яагаад ч өндийлгөхгүй юм билээ. Тэгээд л хаясан даа.  Тэр үед  монгол залуусаа  маш их өрөвдөж байсан ” гэв.

Түүний хүү Тэнгис одоо 12 настай.

Тэрээр бизнесээ орхисныхоо дараа үлдсэн брэндийн хувцаснуудаараа  орон гэргүй хүүхдүүдийг хувцаслаж байсан гэдэг.  Ингээд тэр бизнестээ цэг тавьсан.  Угаасаа А.Сарнай багш шиг өрөвч нинжин сэтгэлтэй, ашгийн төлөө бодлого бодоод суудаггүй хүн бизнесийн салбарт тохиргүй мэт санагдаж байлаа.  “Багшаа та тэгээд сургалтын төвөө нээсэн юм уу” гэхэд “Би эргээд Герман явах гэж байлаа л даа.  Тэгсэн нэг танил маань ирээд таван хэл дээр сургалт явуулах санал тавьсан.  Өөрсдөө бусад хэлийг нь заагаад надад Герман хэл заах санал тавьсан би зөвшөөрсөн.  Тэгээд хурдан хугацаанд хямдхан элсэлт аваад тэр хэд маань халтуурдсан л даа. Сүүлдээ тэдэн дээр хүмүүс ирэхээ байсан.  Зөвхөн герман хэл дээр хүн тасраагүй.  Би нийгэм хэцүү байна гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учраас хэл заахдаа халтуурдаж, тэр хүмүүсийг хуурах зүйл хийж чадаагүй.  Өөрийн мэдэж чадах зүйлээ бүхнийг хүүхдүүддээ харамгүй өгч байлаа.  Тэгж зургаан сар болоод сургалтаа хааж, Герман явах гээд хамаг юм аа боож баглаад сууж байтал 100-гаад хүн нэгэн зэрэг ороод ирсэн.  Тэгээд би бодож үзсэн л дээ. Одоо нас 40 дөхлөө.  Хүний газар очоод дахиад бүхнийг шинээр эхэлнэ.  Нутгаа санах ямар хэцүү гэдгийг мэдсэн байсан учраас эх орондоо үлдэх сонголтыг хийсэн.  Тэгээд Тулуй хааны татвар хатны нэрээр сургалтын төвөө нэрлэж, албан ёсоор үйл ажиллагаа явуулаад яг гурван жил өнгөрч байна. Үнэгүй ирдэг урилгад 10 сая төгрөг авч зуучилдаг ийм асуудал одоо ч манайд байна.  Ийм байж болохгүй.  Би зогсвол энэ хүмүүс дахиад л шулуулаад байна. Тэгэхээр над дээр ирж байгаа хүмүүсийг хэлийг нь сургаж өгөөд өөрсдөөр нь явуулна.

Манай төлбөр маш хямдхан бүх төвшин нийлээд 220 мянга.  Би үүнээс илүү төлбөр угаасаа байлгаж чадахгүй.  Германд төрөлт бага учраас ажиллах хүчний дутагдалд орсон байгаа.  Сувилагч, машинистууд хэрэгтэй байна.  Машинист хэрэгтэй байна гээд герман хүн надад санал тавьсан. Одоо эхний залуусаа бэлтгэж байна” гэсэн юм.  Тэднийх реклам хийдэггүй ч гэлээ, тасралтгүй анги дүүргэлттэй байдаг юм билээ.   Саяхан А.Сарнай багш номоо гаргаж, хүүхдүүддээ хүргэжээ.  Анх ном гаргах гээд ивээн тэтгэгч хайгаад явж байхад нь “Чиний ном гаргадаг гэж юу байдаг юм.  Ном чинь зарагдах уу” гэсэн өнцгөөр хүмүүс ханддаг байсан гэв.  Тэгээд цахим хуудастаа “Зохиогчийн эрхийг нь аваад миний номыг гаргаад шавь нарт маань хүргээдхээч ээ” гэж хүртэл бичиж. Тэгээд нэг шавь нь хэвлэлийн газартай  ярьж багшийнхаа номын гаргаад  сарын дотор л зарагдаад дууссан гэдэг.  А.Сарнай багш “Тэгээд л би ер нь өндийсөн дөө.  Одоо орлого гайгүй.  Би яг Германд байхдаа авч байсан шиг цалингаа авч чадаж байгаа.  Гэхдээ бүгдийг нь “Холун хатны үр сад” гээд буяны сандаа оруулдаг” гэлээ.

А.Сарнай багш Германд найман ажил амьдарчээ.

Тус сан нь  одоогоор ШУТИС-ийн гурван оюутан, МУИС-д сурч байгаа нэг буриад охины төлбөрийг даажээ.  Мөн эмзэг бүлгийн хүүхдүүдэд сар бүр тэтгэмж олгож байна.   А.Сарнай “Би Өвөрмонгол, буриад, хазаруудад их туслах хүсэлтэй.  Энэ хүмүүс намайг мэддэг.  Асуудалд орсон хүн байвал дагуулаад ирдэг.  Би тусалдаг. Миний гол итгэл үнэмшил энэ юм.  Түүх уншаад хилийн чанадад үлдсэн монголчуудын хувь тавилан ямар эмгэнэлтэй гэдгийг ойлгосон. Өөртөө бас баярлаж явдаг.  Би хэдий цус холилдсон ч гэлээ Монголдоо хүүхэд нас хамгийн жаргалтай цаг үеэ өнгөрүүлсэн байна.  Гэтэл хилийн цаана үлдсэн монгол хүмүүс ямар их зовлон туулсан бэ гэж бодохоор хайрлах сэтгэл төрдөг гэж байлаа.  Тэрээр үндэсний үзлээсээ болж, ТЕГ-т баригдаж явсан гэдэг.  Учир нь жилийн өмнө Европ даяар 14 жил тамлагдсан Өвөрмонгол багшийг суллах хөдөлгөөн эхэлсэн. Гэтэл тэр мэдээлэл монголчуудад хаалттай байсан юм байна. А.Сарнай багш Герман дээрээс мэдээлэл авч, эх орондоо эсэргүүцсэн иргэдийн гарын үсгийг цуглуулан урд хөршийн ТЕГ-ын дарга руу факсдчихсан гэдэг.  Үүний төлөө тэр баривчлагдаж байсан удаатай.   Түүний дараахан өвөрмонгол багш Хадаа суллагдсан байдаг.

Монгол хүний хэл сурах чадвар маш сайн гэдгийг А.Сарнай багш бататган хэлж байлаа.  “Германд байхад та монгол учраас чадна шүү дээ гэдэг үгийг дандаа сонсч байсан.  Энэ нь надад сэргээш болдог байлаа.  Герман хэлийг сурахад нас хүрэлцэхгүй гэдэг үг байдаг.  Гэхдээ энэ хэл маань маш гоё логиктой хэл. Утга ирэлхийлэх байдал нь хүндрэх тусам монгол хэлтэй ойрхон тусдаг.   Би программист хүн учраас тэр логикийг ойлгосон.  Тэрүүгээр нь базаад заачихдаг учраас  хүүхдүүд маш хурдан сурдаг.  Миний мөрөөдөл одоогоор Монгол Улсдаа Германд төгссөн 10 инженер бэлтгээд өгчих юм сан.  Мөн программ хангамжийнхаа чиглэлээр 10 сайн мэргэжилтэн бэлтгээд өгөх юм сан гэж хүсдэг гэлээ.  Ийнхүү  А.Сарнай багш шиг өвөрмөц, гэгээлэг, зоригтой, үндэстнээ гэх үзэлтэй хүмүүс энэ нийгэмд хэр олон байгаа бол гэж бодогдсон. Тэдэнтэй нэгэн нийгэмд амьдарч  байгаа минь бахархалтай, сонирхолтой санагдаж байсан юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *