Т.Төгсбилгүүн: Монгол Улс АСЕАН-ын хэлэлцээний түнш болохыг зорьж байна

2-р сарын 2, 2017 9:52 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 17
2-2-3h

Б.ЭНХЗАЯА

 

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБын Ази Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Т.Төгсбилгүүнтэй ярилцлаа. Тэрээр мөн Малайз, Мьянмар улсуудад Элчин сайдаар хавсран суудаг юм.

Тайландын эдийн засгийн өсөлт жил бүр өсөлттэй гэсэн прогнозыг олон улсын тоймчид онцолдог. Тус улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь худалдаа, арилжаа. Монгол Улс Тайланд улстай энэ салбарт хэрхэн хамтардаг талаар ярилцлагаа эхлэх үү?

Монгол Улс Тайландын Вант улстай 1974 оны гуравдугаар сард дипломат харилцаа тогтоосон.

2-2-3Хоёр улсын харилцаа 1990-ээд оны эхэн үе хүртэл ёс төдий шинж чанартай явж ирсэн. Энэ нь мэдээж хүйтэн дайны үеийн нөхцөл байдалтай холбоотой байсан. Харин 1990-ээд оноос харилцаа идэвхжиж, Тайланд Улс манай ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг дэмжсэн Зүүн өмнөд Азийн анхны орнуудын нэг болсон юм. Ийнхүү 1990-ээд оноос хойш хоёр орны хооронд дээд, өндөр түвшний хэд, хэдэн харилцан айлчлал хэрэгжиж, улс төрийн харилцаа идэвхэжсэн. Хамгийн сүүлд 2013 онд Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Түүнчлэн өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон АСЕМын Дээд түвшний уулзалтад Тайландын Ерөнхий сайд генерал Прают чаноча оролцохдоо манай Ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт хийсэн.

Хоёр талын улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаа боловч газар зүйн алслагдмал байдал, өндөр өртөгтэй тээвэрлэлт зэрэг хүндрэлээс шалтгаалан эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ бага байгаа. Тиймээс бид нөөц бололцоогоо нээн ашиглах, хувийн хэвшлийнхний хооронд хэлхээ холбоо тогтооход туслалцаа дэмжлэг үзүүлэх, бизнесийн болон хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг эрмэлзэж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Тайландын Ерөнхий сайдын 2013 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулахаар тохиролцсон Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөл зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Энэхүү зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулж, ажилд оруулахын төлөө ажиллаж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд манай хоёр улсын худалдааны эргэлт бага боловч цаашдаа бизнесийн хамтын ажиллагаа өргөжих боломж бий. Хоёр улсын худалдааны эргэлт жилдээ 33 орчим сая ам.долларт хүрч буй. Тайландаас Монголын уул уурхай болон эрүүл мэндийн  салбарт тодорхой хөрөнгө оруулалтыг хийсэн. Хөрөнгө оруулалтын хувьд нэг тэрбум ам.долларт хүрсэн.

Өнөөдрийн байдлаар Тайландын хэд хэдэн хувийн хэвшлийнхэн манай сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байгаа. Ойрын хугацаанд тэдгээр хувийн хэвшлийнхний төлөөлөгчдийг Монголд илгээж ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн цаашид хоёр орны бизнесийн форум зохион байгуулж хөрөнгө оруулалтыг өргөнөөр татах чиглэлээр Тайландын хувийн хэвшлийнхэнтэй ярилцаж эхлүүлсэн зүйл бий.

Монгол Улс аялал жуулчлалын салбараа дэлхийн төвшинд гаргах сонирхолтой. Үе үеийн төр засгаас алхмууд хийгддэг. Бидний энэ сонирхлыг өөрөөр хэлбэл аялал жуулчлалын салбараа Тайланд бүрэн утгаар нь хөгжүүлж чадсан юм билээ?

Монголоос Тайландад жилдээ 8-10 мянган иргэн аялал жуулчлалын шугмаар ирдэг статистик бий. Харин Тайландаас Монгол руу аялах жуулчдын тоо харьцангуй бага. Тиймээс тайчуудыг Монгол руу аялуулдаг болгоход анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсаа таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил Монгол, Тайландын дипломат харилцаа тогтоосны 42 жилийн ойг тохиолдуулан хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Энэхүү тоглолтыг Тайландын 1000 орчим иргэн үзэж сонирхсон бөгөөд энэ нь урт хугацаандаа Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.

Ер нь Тайланд улс аялал жуулчлалын салбарт нэлээд туршлага хуримтлуулсан орон учраас Монгол Улсад суралцах зүйл олон бий. Гадны жуулчдыг эх орондоо татахын тулд сурталчилгаа маш чухал. Элчин сайдын яам Тайландын аялал жуулчлалын компаниудтай хамтын ажиллагаа тогтоож, тайчуудыг Монгол руу аялуулах талаар ярилцаж байна. Монгол, Тайланд хоёр газар зүйн хувьд бие биеэсээ алслагдмал оршдог боловч хоёр орны ард түмнийг холбодог нийтлэг зүйлс олон бий. Тухайлбал, шашин шүтлэг, соёл, зан заншлын хувьд ижил төстэй зүйлс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд таатай нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна 2006 оноос хойш Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчдог болсон. Энэ нь хоёр улсын харилцаа, тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Монгол ноолуурыг тайланд торготой хослуулах төсөл эхлүүлсэн гэж ярьсан байсан. Энэ төсөл ямар шатандаа байгаа вэ?

Монгол ноолуурыг тайланд торготой хослуулж брэнд бүтээгдэхүүн гаргах санаачлагыг гаргаж, бэлтгэл ажлуудыг хангасан. Бангкокийн томоохон худалдааны төвд Монгол ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, бизнесийнхэн хоорондоо танилцаж, төслөө цааш нь үргэлжлүүлэх боломжтой. Ер нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлэхэд хоёр талын нэгдмэл санал, сонирхол байж амжилттай урагшилна.

-“МИАТкомпани Тайланд руу шууд нислэг үйлдэнэ гэж мэдэгдсэн. Энэ яриа хэлэлцээр хэзээ эхлэх вэ?

-“МИАТкомпани энэ жил Бусан, Бангкок руу нислэгийн шинэ чиглэл нээхээ зарласан байна билээ. УлаанбаатарБусаны нислэг эхэлчихсэн. Харин энэ жилдээ багтаж УлаанбаатарБангкокийн чиглэлд шинэ нислэг нээгдэнэ гэж найдаж байгаа. Монгол, Тайландын хооронд 1994 оноос хойш Агаарын харилцааны хэлэлцээр үйлчилж байгаа. Энэхүү хэлэлцээрийн дагуу нислэгийн эрхийгМИАТкомпанид шилжүүлэх хүсэлтийг Тайландын талд тавьж, зөвшөөрөл авсан. Тиймээс ойрын хугацаанд УлаанбаатарБангкокийн чиглэлд шууд нислэг нээгдэнэ гэж бодож байна.

Монгол оюутнууд Тайландад суралцах нь тийм ч олон биш бололтой. Энэ харилцааг сайжруулах боломжтой юу?

Тайланд улс 1990-ээд оноос эхлэн манай улсад техникийн туслалцаа үзүүлж, 2000 оноос хойш магистрын тэтгэлэг олгож байгаа. Тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж, төгссөн монгол залуус нэлээд бий. Харин одоогоор харьцангуй цөөхөн монголчууд суралцаж байна. Үүнээс гадна Тайландад Азийн технологийн институт гээд бүс нутгийн олон улсын боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ институтэд сүүлийн 20 орчим жил манай олон тооны оюутнууд Тайландад тэтгэлгээр суралцсан. Энэ уламжлалыг цаашид хадгалж, тоог нь улам нэмэгдүүлэхийг бид зорьж байна.

Тайланд АСЕАНы тэргүүлэгч орон. АСЕАНын тэргүүлэгч орнууд харилцагч, хөгжил буурай орнуудыг дэмжих бодлого баримталж байгаа. Монгол Улс АСЕАНы анхааралд орохын тулд юу хийх шаардлагатай вэ?

АСЕАНын гишүүн орнууд улс төр, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн интеграциа улам гүнзгийрүүлж нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Манай гадаад бодлогын гол зорилтуудын нэг бол бүс нутгийн интеграцид оновчтой байдлаар оролцох явдал. Энэ чиглэлээр хийгдсэн тодорхой алхмууд бий. Тухайлбал, Монгол Улс АСЕАНын Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд нэгдсэн. Цаашид АСЕАНын яриа хэлэлцээний түнш болохоор зорьж байгаа. Үүний тулд АСЕАНын орнуудтай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаатай байх шаардлагатай. Мэдээж улс төрийн хувьд асуудалгүй, сайн харилцаатай байгаа. Одоо худалдаа, эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлэх нь чухал.

Тайландын Вант улсад өнгөрсөн 2014 онд цэргийн хүчээр төрийн эрхийг авсан. Хоёр улсын харилцаанд энэ байдал нөлөөлсөн үү?

Одоогоор Тайландын улстөрийн байдал тогтвортой байна. 2014 оны тавдугаар сард цэргийн эргэлтээр ямар ч үймээн самуун гараагүй, цус урсаагүй. Засгийн эрхийг авсан армийн генералууд тухайн үед үйлчилж байсан Үндсэн хуулийг хүчингүй болгож, парламентаа тараасан. Цэргийнхний бүрдүүлсэн Засгийн газарАрдчиллыг сэргээн тогтоох газрын зураглалгэсэн баримт бичгийг баталж, түүнийхээ дагуу шинэ Үндсэн  хуулийн төслийг боловсруулж, ард түмнийхээ дунд санал асуулгыг 2016 оны наймдугаар сард явуулсан. Газрын зураглалын дагуу парламентын сонгуулийг энэ оны сүүлээр явуулах товтой байна. Тайландад гарсан төрийн эргэлт Монгол, Тайланд хоёр улсын харилцаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй.

Та Малайз, Мьянмар улсын асуудлыг хавсран хариуцаж байгаа. Эдгээр улсад монголчуудын эрх ашиг зөрчигдөх, гэмт хэргийн хохирогч болох явдал өмнө нь гарч байсан. Одоо нөхцөл байдал ямар байна?

Малайз, Монголын иргэд харилцан визгүй зорчдог. Тиймээс Малайзид манай олон тооны оюутан англи хэлний дамжаанд суралцдаг. Санамсартай, санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдох монгол иргэд нэлээд байсан ч сүүлийн жилүүдэд асуудал намжсан. Одоогоор дуулиантай хэрэгт холбогдсон монгол иргэн  байхгүй.

Мьянмар Улсад манай цөөн тооны иргэн байнга оршин сууж байгаа. Тэдний эрх ашиг зөрчөгдсөн, гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүй.

Тэгвэл бизнес болон бусад харилцааны явц?

Монгол, Малайзын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломж бий гэж үзэж байгаа. Тиймээс Малайзын бизнес эрхлэгчдэд Монголыг нээн таниулах зорилгоор ойрын хугацаанд хамтарсан бизнесийн чуулга уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна.

Манай улс Малайзтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах хүсэлтийг хэдэн жилийн өмнө тавьсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

Манай талаас хүсэлтээ хэдэн жилийн өмнө өгсөн. Хараахан хариу өгөөгүй байдаг. Учир нь саяхнаас манай хүсэлтээс өмнө санал гаргасан орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар хэлэлцээг хийж эхлээд байгаа юм билээ. Малайз хөрш Тайландтайгаа одоо хүртэл ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй байдаг. Саяхнаас яригдаж эхэлсэн байх жишээтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Latrice
2017 оны 2-р сарын 13

The xx to make their live return at Primavera Sound 2012 91.3 World Music News 91.3 World Music News I was suggested this web site by my cousin. I am not sure whether this post is written by him as nobody else know such detailed about my trouble. Yo&1r82u7;#e incredible! Thanks! your article about The xx to make their live return at Primavera Sound 2012 91.3 World Music News 91.3 World Music News Best Regards Lisa Agata

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *