Т.Төгсбилгүүн: Монгол ноолуурыг Тайланд торготой хослуулах төсөл эхлүүлсэн

10-р сарын 8, 2015 1:10 pm Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 320
10-8-2

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Энэ удаагийн “Элчин сайд ярьж байна” буланд Монгол Улсаас Тайландын вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Т.Төгсбилгүүнийг урьж ярилцлаа.

-Монгол, Тайланд улсын харилцаа өнөөдөр ямар төвшинд явж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улс Тайландын вант улстай найрсаг харилцааны уламжлалтай. Манай улсад 1990-ээд оны эхээр ардчилсан өөрчлөлт, шинэчлэл өрнөсөн үеэс эхлэн хоёр орны харилцаа идэвхжин амжилттай хөгжиж ирлээ.

Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийг ойг хоёр талдаа өндөр төвшинд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд, хоёр орны хооронд хэрэгжсэн дээд, өндөр хэмжээний айлчлалууд, тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч 1994 онд, УИХ-ын дарга 2002 онд, Ерөнхий сайд 2005 онд  Тайландын вант улсад, Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакра Сириндхорн 2002, 2009 онд, Тайландын Үндэсний Ассамблейн ерөнхийлөгч 2003 онд, Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават 2013 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.Тайланд улс Зүүн Өмнөд Азид хөгжлөөрөө тэргүүлэгч улсын хувьд харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж бий гэж үздэг.

-Хоёр улсын худалдааны эргэлтийг сонирхоод үзэхэд чамлалттай тоо гардаг. Жилд гэхэд 15-20 мянган ам.доллар байдаг юм билээ. Ер нь ямар төрлийн бүтээгдэхүүн зонхилдог юм бол?

-Монгол, Тайландын худалдааны эргэлтийн хэмжээ хоёр талын хэрэгцээ, боломжтой харьцуулбал тун бага хэмжээтэй байгаа юм. Импортоор элсэн чихэр, цагаан будаа, цаас, хөргөх төхөөрөмж, хөргөгч, автомашин, автомашины эд анги, барилгын материал, нунтаг эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, угаалгын бодис авч,  үхэр, адууны боловсруулсан шир, мебель, хөнгөн цагаан торх зэргийг экспортлосон мэдээ байна. Манай хоёр улсын хооронд худалдаа,эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд газар зүйн алслагдмал байдал, өндөр өртөгтэй тээвэрлэлт зэрэг хүндрэлтэй зүйл байгаа хэдий ч хоёр тал нөөц бололцоогоо нээн ашиглах, хувийн хэвшлийнхнийг тэргүүлэх үүрэгтэй татан оролцуулах, бизнесийн болон хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг эрмэлзэж байна.

-Тайландын эдийн засгийн салбар нь экспортын үйлдвэрлэлээр импортоо нөхөх чадвартай гэдэг. Дээрээс нь дэлхийн хамгийн том цагаан будаа, резин экспортлогч орны тоонд багтдаг. Аялал, жуулчлал ч өндөр хөгжсөн. Тэгэхээр Монгол, Тайланд харилцан эдийн засгийн эргэлтээ сайжруулах ямар боломжууд байна вэ?

-Тайланд улс бол бүс нутагтаа эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, тээвэр, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч орон юм. Гэхдээ тус улсын улс төрийн дотоод тогтворгүй байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа саарч ирсэн. Үүнд Хятад зэрэг бүс нутгийн нөлөө бүхий орны эдийн засгийн байдал, байгалийн үер, ган зэрэг байгалийн гамшиг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн тал бий. Зөвхөн аялал жуулчлалын салбар л байнгын өсөлттэй байгаа. Өнгөрсөн жил нийт 28 сая гадаадын жуулчдыг хүлээн авсан байна.Тайландын аялал жуулчлал, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн парк хөгжүүлсэн туршлагаас судлах зүйл их байгаа. Эдгээр салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тайландын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтарсан компани байгуулах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн Монгол ямааны ноолуурыг Тайландын брэнд болсон торготой хослуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг амжилттай эхлүүлээд байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Тайландын Ерөнхий сайдын 2013 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулахаар тохиролцсон Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөл зохих хувь нэмэр оруулна гэж бид үзэж байгаа. Энэхүү зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулж, ажилд оруулахаар хоёр тал ажиллаж байна.

-Тайландын өөр нэг онцлох ёстой салбар бол аж үйлдвэр. Ялангуяа, гар үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэр сайн хөгжсөн байдаг. Энэ тал дээр хамтрах боломж нь ямар байдаг вэ?

-Жижиг,дунд үйлдвэрлэл, гар үйлдвэрлэл эртнээс хөгжиж ирсэн түүхтэй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийн чухал үндэс суурь бөгөөд түүнийг төрөөс бодлогоор дэмжиж ирсэн. Түүнчлэн Тайландын Ван, Гүнжийн ивээл дор жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих олон арван мянган төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, жил болгон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн зохион байгуулдаг. Тайландад “Нэг тосгон, нэг бүтээгдэхүүн” төслийг улс орон даяар амжилттай зохион байгуулж ирсэн. Манай холбогдох албаны хүмүүс туршлагаас нь судалсан.Манай улсад ч Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны ивээл дор Төв аймгийн Алтанбулаг сумын дунд сургуульд 2009-2014 онд туршилтын журмаар зохион байгуулсан дунд сургуулийн “Үдийн хоол” төсөл амжилттай хэрэгжиж байна. Мөн уг төслийг өргөжүүлэн Төв аймгийн Алтанбулаг, Бүрэн, Баян, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын дунд сургуулийг энэ жилээс төсөлд хамруулахаар болсон. Ингээд дээрх сургуулийн төлөөлөгчдийг Бангкокт хүлээн авч олон улсын бага хуралд оролцуулж, төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Дунд сургуулийн “Үдийн хоол” төсөл нь дунд сургуулийн сурагчдыг амьдралын ухаанд сургах, хүнсний ногоо тариалах, зохимжит хүнс тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх арга ажиллагаанд хүүхдийг багаас нь суралцуулахыг зорьдог.

-Сүүлийн үед монголчууд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Тайландыг  зорих болсон. Тэр дундаа Бумрунград эмнэлэг манайд танигдсан гэж болно.Төр засгийн зүгээс эрүүл мэндийн салбараа хэрхэн дэмждэг туршлагаас нь товчхон мэдээлэл өгөхгүй юү?

-Тайландын эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээ харьцангуй сайн. Олон улсын хувийн томоохон эмнэлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ шуурхай, орчин үеийн эмнэлгийн тэргүүлэх тоног төхөөрөмж, технологийг ашигласан байдаг тул эмчилгээ, үйлчилгээний үнэ өртөг ч өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд манай иргэд ч олноор Тайландад эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхээр ирдэг болсон. Тайланд улс эмнэлэг, эмчилгээний чиглэлийн аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж байна. Тухайлбал, манай улсад Бумрунград эмнэлгийн төлөөлөгчийн газар нь ажилладаг.Бумрунград олон улсын эмнэлгийн үйлчлүүлэгчдийн дийлэнх нь Арабын орнуудын, Зүүн Өмнөд Азийн орнуудын иргэд болоод байна.

-Тайландад үе үе улс төрийн тогтворгүй байдал үүсч, жагсаал цуглаан их болдог. Энэ талаар болон Тайланд улс дэлхийн бусад оронтой баримталдаг гадаад бодлого, байр суурийн тухайд сонирхож байна?

-Тайланд улс АСЕАН-ыг үндэслэгч орны нэг төдийгүй Зүүн Өмнөд Азийн салбар бүс нутгийн 10 улс орныг дотроо багтаадаг энэ байгууллагын нөлөө бүхий гишүүн орон. Дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаагаа хөгжүүлэх бодлого баримталдаг. Тэр дотроо өөрийнхөө хөрш орнууд болон Зүүн Өмнөд Азийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд түлхүү анхаардаг. Мөн АСЕАН-ын гишүүн орны нэг болохын хувьд гадаад бодлогынх нь тэргүүлэх зорилт нь АСЕАН-ын Хамтын нийгэмлэгийг цогцлон байгуулах явдал юм. 2014  оны тавдугаар сард Тайландад цэргийн эргэлт гарч, онцгой байдал тогтоосон. Армийн генералууд засгийн эрхэнд гарснаар Үндсэн хуулийг хүчингүй болгож, түр Засгийн газар, Хууль тогтоох үндэсний ассамблейг байгуулж,шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж байна. Шинэ үндсэн хуулийн төслийг  2017 оны эхээр бүх ард түмнээр хэлэлцүүлж, санал авч батлах, дараа нь парламентын сонгууль зохион байгуулж, шинэ парламент, Засгийн газрыг байгуулахаа мэдэгдээд байгаа.Дэлхийн нөлөө бүхий улс орнууд, олон улсын байгууллагууд Тайландад парламентын сонгуулийг аль болохоор шуурхай зохион байгуулахыг уриалсаар байна.

-Одоогийн байдлаар Тайланд улсад хэдэн монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Монголчуудын хувьд Элчин сайдын яамтайгаа хэр холбоо, харилцаатай байдаг вэ?

-Тайландад одоогоор манай 40 гаруй иргэн байнгын оршин сууж, сурч, ажиллаж  байна. Тэд Элчин сайдын яамтайгаа байнгын харилцаатай байдаг. Тайландын Засгийн газрын  тэтгэлгээр их, дээд сургууль, магистр, докторын зэрэг хамгаалах сургалтуудад манай иргэд суралцаж байна. Мөн Тайландын компаниуд, олон улсын байгууллагуудад ажиллаж буй иргэд ч бий. Элчин сайдын яам иргэдтэйгээ ойр байж аливаа асуудлаар зөвлөгөө өгч, хамтран ажиллахыг зорьдог. Иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох зорилгоор жилдээ нэг удаа нөхөрсөг уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай.

-Танай Элчин сайдын яам хэд хэдэн улсыг хавсран суудаг. Тэгэхээр Монгол Улс тухайн улсуудтай ямар харилцаатай байна?

-Манай Элчин сайдын яам Тайландаас Мьянмар, Малайзыг хавсран ажилладаг. Мөн миний бие НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажилладаг. АНДЭЗНК нь НҮБ-ын бүс нутгийн комиссуудаас хамгийн том нь болно. 53 улсыг эгнээндээ багтаасан уг комисс Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны чухал механизм бөгөөд манай улстай тогтвортой хөгжил, байгаль орчин, худалдаа, эдийн засаг, нийгэм, статистикийн чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг юм. Сүүлийн жилүүдэд Монгол, Мьянмарын харилцаа идэвхжиж, дээд, өндөр хэмжээний айлчлалуудыг харилцан хэрэгжүүлж, хамтын ажиллагаа өргөжих хандлагатай байна. Мьянмар нь байгалийн асар их баялагтай, ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг шинэ тутам эхлүүлж буй улс юм. Бид харилцан суралцах, сайн туршлагаа хуваалцах, өөрчлөлт шинэчлэлд нь дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна. Малайз улсын тухайд гэвэл энэ жил тус улс АСЕАН-ыг даргалж байгаа, манайхтай уламжлалт харилцаатай улс. Монгол, Малайзын худалдааны эргэлт ч сүү­лийн жилүүдэд өсөх ханд­лагатай байна. Малайз улсад манай залуус олноороо суралцдаг онц­логтой. Гэхдээ тэднээс гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн золиос болох зүйл гарсаар байгаа нь ан­хаа­рал татсан асуу­дал болоод байна. Эл­чин сайдын яамны зү­гээс Малайз улсад бай­гаа иргэддээ  бүхий л болом­жоороо тусламж, дэмжлэг үзүүлэхийг хичээдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *