Т.Халиунсор: Хөдөө ч зорилгынхоо төлөө зүтгэж болно

6-р сарын 8, 2018 9:21 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 49
я6

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын залуу жүжигчин Т.Халиунсорыг урилаа. Тэрээр 14 дэх удаагийнГэгээн музанаадамдЯрьдаг моджүжгийн Золбоогийн дүрээрШилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн юм.

 

Муза авахыг чинь харж суулаа. Их догдолж байх шиг харагдсан?

-“Гэгээн муза” наадамд оролцож, нэр дэвшинэ гэдэг залуу уран бүтээлч миний хувьд нэр хүндийн хэрэг байсан.Баярлаж, догдлохоос илүү урамшсан. Энэ шагнал надад урам зориг болж, илүү ихийг хийж бүтээх ташуур боллоо.

-“Ярьдаг мод” жүжиг ихэнх шагналыг “хамж”, Гранпри шагналын эзэн болсон. Ард үлдсэн театрынхан чинь баяртай хүлээж авсан байх даа?

-Театрынхан баяртай хүлээж авсан. “Ярьдаг мод” жүжиг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, байгаль дэлхий, хүн хоёрын харилцааг харуулсан жүжиг юм. Хүний буруутай үйлдлээс болж байгаль хэрхэн хордож, мөхөж, гундаж байгааг хүүхдүүдэд ойлгуулж, ухааруулна. Хүүхдүүд жүжгийн  үзэгдэл бүрт хамтдаа баярлаж, айж, дуулж, бүжиглэж, бүх адал явдлыг хамтдаа туулдаг их содон тавилттай бүтээл.

Дүрийнхээ онцлогийн тухай яриач?

-Миний хувьд хүүхдийн бүтээлд тоглох жаргалтай хэрнээ хэцүү санагддаг. Хорвоог дөнгөж танин мэдэхээр тэмүүлж байгаа тэр гэгээхэн ертөнцөд жүжгийнхээ санааг ойлгуулж, дүрээ хүргэнэ гэдэг амаргүй даваа. Би амьдрал дээрээ 26 настай, айлын эзэгтэй, хүүгийн ээж. Энэ ертөнцөөсөө дөрвөн настай, сахилгагүй, эрх охины дүрд хувирахад  хүнд байсан. Дүрээ амьдруулахын тулд судалгаа их хийсэн. Хүүгээ болон цэцэрлэгийн найзуудыг нь ажиглана. Золбоогийн дүрийг бүтээхэд гурван настай хүү минь их тус болсон шүү.

Хүүхдүүдээс гадна томчууд үзвэл их сур­гамжтай жүжиг шиг санагдлаа?

-Хүүхэдтэйгээ хамт үзсэн эцэг, эхчүүд их олон зүйлийг ухаардаг. Бидний нүдэнд ямар ч амьгүй мэт харагддаг байгаль дэлхий маань бидэнтэй адилхан ярьдаг, хөдөлгөөн хийдэг, түүгээр ч зогсохгүй гэр бүлтэй байна гэдэг сонин. Драмын урлагаар дамжуулж, ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх ажлыг бид хийж байна. Жүжиг үзээд гарсан эцэг эх болон багачууд гэртээ очоод шууд цэцгээ услаж, хог хаягдлаа зориулалтын уутанд хийж хэвших юм бол уран бүтээлч бидний хэлэх гэсэн санаа хүрчээ гэж ойлгоно.

Танай театрын бусдаас ялгарах гол онцлог юу вэ?

-Манай театр 21 аймгаас ганцхан симфони оркестортой театр гэдгээрээ онцгойрдог. Уран бүтээлчид хэрэгтэй хөгжмөө өөрсдөө биччихдэг. Дуулалт жүжиг, хөгжимт жүжиг тавихад энэ нь давуу тал болдог.

Театрын чинь 70 жилийн ой тохиож байгаа гэсэн. Олон ажил хийж амжуулав уу?

-Энэ жил манай театрын түүхт 70 жилийн ой тохиож байна. Бид ойн баярынхаа хүрээнд олон ажил хийж байна. Театр маань уран бүтээлийн долоон анги, 80 гаруй уран бүтээлчтэй. Бүгд урлагийн төлөө цохилох зүрхтэй, амь нэгтэй сайхан хамт олон бий. Одоогоор бид аймгийнхаа наадамд өнгө нэмэхээр бэлтгэл ажилдаа орчихсон байна.

Чиний хувьд 70 жилийн түүхтэй энэ театрын залуу уран бүтээлч. Урын сан чинь хэр арвин болсон бэ?

-Би Дорнод аймагт суурьшаад гурван жил, театртаа ороод хоёр жил болж байна. Манай аймаг надад болон гэр бүлд минь ээлтэй, сайхан нутаг. Миний хувьд театртаа орсноор драмын, хүүхдийн жүжгээс эхлээд дэлгэцийн бүтээл, концертуудад байнга оролцож, гол болон туслах дүр бүтээсээр ирсэн. Ямартай ч их завгүй байдаг.

Жүжигчин бүр хотод ажиллаж, төв театрт данстай болохыг хүсдэг. Чиний хувьд яагаад Дорнод аймгийг сонгосон юм бэ?

-Би сургуулиа төгсөхөөс өмнө “Green greative art” студид харъяалагддаг байсан. 2015 онд гэр бүлийн хүн маань Дорнодод ирж амьдрах санал тавьсан. Одоо бодоход зөв сонголт хийж дээ гэж баярладаг. Хайртай хүнээ дагаж, бэр болж ирсэн надад энэ аймаг ээлтэй байдаг юм. Хотоос холдож үзээгүй миний хувьд Дорнод аймаг их тайван, амгалан санагддаг. Аймгаасаа явахыг хүсдэггүй. Хөдөө сайхан амьдарч, зорилгынхоо төлөө зүтгэж болно шүү дээ.

Ардын жүжигчин П.Цэрэндагва багшийн шавь гэсэн. Багш нь юу гэж сургадаг байв?

-Би 2014 онд КУДС-ийг П.Цэрэндагва багшийн удирдлага дор төгссөн. Багш минь сайн уран бүтээлчээс гадна их хүнлэг хүн. Намайг сахилгагүй болохоор байнга загнадаг байсан. Гэхдээ зорилгодоо заавал хүрээсэй гэж хурцалдаг байсныг нь би мэднэ. Үргэлж зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж яваарай гэдэг байлаа. Одоог хүртэл энэ үг миний зүрхэнд уяатай явдаг. Үүнээс гадна уран бүтээлч хүн тэвчээртэй, зорилгынхоо төлөө зүтгэдэг, хамгийн чухал нь хүн байгаарай гэж захидаг байсныг нь санаж, бие­лүү­лэхийг хичээж байна.

Аав, ээж чинь багш гэж сонссон. Сурган хүмүү­жүүлэгчийн охин яагаад урлагийн хүн болохыг мөрөөдөх болов?

-Аав минь 73 дугаар сургуульд, ээж 24 дүгээр сургуульд багшилдаг. Өвөө, эгч гээд бүгдээрээ энэ мэргэжлийн хүмүүс. Гэр бүлээсээ би ганцаараа урлагийн салбарт хүчин зүтгэж байна. Ээж минь намайг урлагийн хүн болохыг дэмждэг байсан. Өөрөө хүүхдийн ордны драмын дугуйланд хөтөлж аваачсан. Магадгүй ээж минь дэмжээгүй бол би ч ялгаагүй багш болох байсан байх.

Жүжигчний мэргэж­лийн хамгийн сайхан нь юунд байдаг юм бэ?

-Хүний дотоод сэтгэл, мэдрэмжийг үзэгчдэд хүргэж, хэсэг хугацаанд өөр орчин, өөр ертөнцөд аваачина  гэдэг энэ мэргэжлийн онцлог. Хийж буй бүтээл амилуулж буй дүрээсээ би аз жаргалыг мэдэрдэг учир энэ мэргэжилд шунан дурлах болсон. Тиймээс би ажлаа хийж байх үедээ хамгийн жаргалтай байдаг.

Жүжигчин болохын тулд олон шалгуурыг давдаг. Шантрах үе гарч байв уу?

-Багш маань биднийг оюутан байхаас шантрахгүйгээр зүтгэдэг болгож хүмүүжүүлсэн. Тиймээс шантарч, сэтгэ­лээр унах үетэй одоохондоо тулгараагүй байна. Ажил их, амралт бага байдаг учир ядрах үе л гардаг. Гэхдээ гэртээ очоод ханиасаа, хүүгээсээ сайхан энерги, эрч хүчийг мэдэрдэг. Намайг үргэлж дэмдэг аав, ээж, хань болон хоёр эгчдээ баярлаж явдагаа хэлье. Та бүхний дэмжлэг, урам, хайраар би тэтгэгдэж явдаг шүү.

Мөрөөдлийн дүр гэж бий юу?

-Багшийнхаа бүтээсэн “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг өрлөгийн дүрд би хайртай. Эрэгтэй хүний дүр л дээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт Эгэрэгийн эмэгтэй хувилбар нь бичигдвэл би өөрийгөө сориход бэлэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *