Сүм хэлбэртэй Монголын уламжлалт театр

11-р сарын 10, 2017 9:40 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 9
11-10-6

Ч.ГАНТУЛГА

Монголын театрын урлагийн хосгүй үнэт үзмэрүүдийг танилцуулах зорилгоор музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Майнцэцэгтэй хамтран цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. Энэ удаад “Намтар дуулах дацан” буюу Монголын уламжлалт театрыг танилцуулж байна.

Д.Данзанравжаа шашны нэрт зүтгэлтэн төдийгүй соён гэгээрүүлэгч, яруу найрагч, зураач, найруулагч хүн байв. Тэрээр 1831 онд Алшаагийн газар очиж Миларайба, Адишаагийн намтрыг сонсч ирээд Дорноговийн нутаг Хамрын хийдэд жүжиг тоглох зориулалт бүхий сүм бариулжээ.

Ийнхүү “Саран Хөхөөний намтар”-ыг Түвд хэлнээс хөрвүүлэн найруулж, тухайн үеийн нийгмийн эмх замбараагүй байдлыг хурц тод илэрхийлж, үнэн зүйл хэзээд ялан дийлдэг гэсэн утга санааг гаргаж тоглуулснаар театрын жүжигт ойртсон, монгол ахуй амьдралыг тусгасан жинхэнэ монгол жүжиг болж чадсан юм. “Намтар дуулах дацан” гурван давхар сүм бөгөөд эхний давхарт жүжгийн үйл явдал, хоёрдугаар давхарт жүжгийн завсарлагаар бодит амьдралаас сэдэвлэсэн хошин үзэгдлүүд тоглож байв. Харин гуравдугаар давхарт Д.Данзанравжаа өөрөө сууж толины тусгалд тоглолтоо хянадаг байжээ.  Жүжигт хөгжимчид гол үүрэг гүйцэтгэнэ. Тоглолтын үеэр тусгай өрөөнд орж жүжгийн ая, дуу чимээг гаргана. Ус шүршиж бороо оруулдаг, гөлмөн төмөр сэгсэрч тэнгэр дуугарахыг дуурайлгадаг, давирхайг хүхэртэй найруулж хийсэн таньчуу гэгчийг тэслэж аянга цахилгааныг дүрсэлдэг байв. Будгаар будаж үлээсэн хонины гүзээгээр үүл дүрсэлж, дуу чимээний байдлыг чадмаг үзүүлдэг байжээ. Түүнчлэн жүжигчин хэлэх үгээ мартвал хажуугаас шивнэж сануулах тусгай хүн хүртэл томилдог байсан аж.

 “Намтар дуулах дацан” нь дорно дахины гурван давхар сүм хэлбэртэй.  Дацангийн төрх байдал, хийцийг дуурайлган хийсэн загвар Монголын театрын музейн “Театрын уламжлал” танхимын хойморт байрладаг. Музейн үзэгч олны сонорыг мялаан, сонирхлыг татдаг шилдэг үзмэрүүдийн нэг билээ.

Загварын талаар Дорноговь аймгийн Музейн захирал асан Г.Цагаандэрэм дурсамждаа  “Дорноговь аймгийн Данзанравжаагийн музейгээс захиалж 1991 онд хийлгэсэн. Загварыг Соёлын тэргүүний ажилтан, барималч, зураач Баадгайн Даваа, бүтээсэн юм. Урт нь 196 см, өндөр нь120 см, зузаан нь 140 см. Загварыг мод, төмөр, даавуу, будгаар хийсэн” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *