Сүх жанжны нутаг сүйрлийн ирмэгт

2-р сарын 16, 2017 9:37 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Хөндөх сэдэв Уншсан: 12
Untitled-3

-Сүхбаатар аймгийг хоёр дахь Улаанбадрах болгох нь-

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Ураны хайгуул, олборлолт  хүн байгальд ямар хор уршигтайг монголчууд  сүүлийн хэдэн жил Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  бий болсон нөхцөл байдлаас ойлгож  авав. Цаашлаад, дэлхийн хэмжээнд уран олборлолтоор тэргүүлэгч таван  компани байдгаас  манай улстай түншилж буй  Францын ”Арева”, түүний  охин компани “Кожеговь” муу туршлагаараа дэлхийд зартай болохыг судалж мэдэцгээв. Гэсэн ч 2008-2009 онд С.Баярын Засгийн газрын үед Франц улстай хийсэн шар  нунтгийн хайгуулын урт хугацааны гэрээ 20-30 жилээр үргэлжлэх заалттай. Хугацаа  нь дууссан ч Монгол Улсын УИХ, Засгийн газрын түвшинд  гадны компанийн захиалгыг биелүүлдэг  нэр бүхий эрхмүүд лобби хийгээд сунгуулчихдаг.

“Кожеговь”компани   өнгөрсөн  хавар олон нийтийн анхаарал улс төрийн  сонгууль руу чиглэснийг далимдуулан тус  аймгийн  Дарьганга, Онгон суманд ажлаа эхлүүлэхээр  оролдсон ч   нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч зогсоосныг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл энэ хавраас ураны хайгуулын компаниуд идэвхтэй ажиллахаар байна. Энэ нь   тоног төхөөрөмжөө авчирч  суурилуулж эхэлсэн, бэлтгэлээ базааж байгаа зэргээс харагдаж  байгааг  нутгийн иргэд хэлж  байгаа юм. Үүнийг төр, засгийн хариуцлагатай албан тушаалтнуудын байр сууриуд ч  баталж байна. Тухайлбал,  2014 онд Засгийн газраас “2017 оноос манай улс уран олборлож,экспортолж эхэлнэ” хэмээн мэдэгдсэн. “Арева Монгол” ХХК, “Кожеговь “ХХК-ийн ерөнхий захирал Тьерри Плэзант 2013 онд “Бид одоогоор хайгуул хийж байна. 2019 оноос олборлолт эхлэх боломжтой” гэж байв. Гэвч Дорноговь, Дундговь аймгийн зааг   Дулаан ууланд уран олборлох туршилт  хийсэн.Ер нь хайгуул хийх нэрээр олборлоод зөөсөн, дуусах шатандаа орсон байж ч болзошгүй гэх мэдээллүүдийг  иргэний хөдөлгөөнүүд гаргаж ирсэн. Хамгийн бодитой баримт бол статистик байх нь ойлгомжтой. Тэгвэл Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах сумын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт  /2010 – 2014 он/-д Зүүнбаян, Улаанбадрах сумдад сүүлийн таван  жилд дунджаар 27 – 40 жирэмсэн эх хяналтанд орсноос 27орчим хувь нь зулбасан. Жирэмсэн эхийн зулбалт Дорноговь аймгийн хэмжээнд 17 орчим хувь байна. Нэг айлын 100 гаруй үхэр үхсэн, үсгүй  тугал гарч, мал зулбах болсон  гэжээ.  Өнөөдөр аюулын харанга дэлдэж буй  нөхцөл байдал  нь хөдөө орон нутаг, хязгаар нутгийн иргэдэд   ураны хор аюулын талаар  гүнзгий ойлголт байхгүй,  энэ чиглэлээр хяналт тавих мэргэжлийн хүн, байцаагч алга. Дээр нь Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөн. Уул уурхайн компаниуд “Бурхангүй газар бумба галзуурах” гэгч л болж байна. Тэр л  жишгээр  өнөөдөр Сүхбаатар аймгийг хоёр дахь Улаанбадрах болгох тохироо нэгэнт  бүрджээ. Сүхбаатарт ураны хайгуул нэг л эхэлбэл,Улаанбадрах болно, Сүх жанжны нутгийнхан улаанбадрахчуудын гашуун хувь заяаг хүн, малтайгаа туулах ийм л ирээдүй тосч байна.

 

sbd

 

ЯАГААД СҮХБААТАР АЙМГИЙГ ОНИЛОВ

 

Сүхбаатар аймаг   нийт   13 сумтай,  82.9 мянган хавтгай дөрвөлжин километр  нутагтай. Тэгвэл  12 сум, газар нутгийнх нь  12.3 хувь зөвхөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын  талбай болж лиценз хэлбэрээр “Кожеговь”-ийн мэдэлд оччихсон байгаа юм. Тэд энэ нутагт 2008 оноос хойш нийт 20 зөвшөөрөл эзэмшиж байна. Түүнээс гадна  АНУ, ОХУ, Монголын хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” ХХК Сүхбаатар аймагт, цацраг идэвх ашигт малтмалын 79365 га талбайг /Түвшинширээ,Уулбаян суманд/  эзэмшдэг. Мөн Монгол Улсын 100 хувь  хөрөнгө оруулалтай “Монгол Ураниум Ресурс” ХХК Онгон, Наран, Дарьганга сумын нутагт дамнан байрлах “Хүйтэн уул” гэдэг тусгай хамгаалалтанд орсон газар нутагт Ц-002Х тоот цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг хуулийн дагуу авсан  гэж  Цөмийн энергийн газраас   албан ёсоор мэдээлж  байв. Тэгвэл өнөөдөр ураны хайгуул яагаад Сүхбаатар аймаг руу гэнэт идэвхтэй чиглэв? Энд бэлэн хариулт нь дахиад л Улаанбадрахад  өрнөсөн үйл явдал юм. Засгийн газар ч, “Арева” болон “Кожеговь”   компанийн удирдлагууд ч зөвхөн хайгуулын зөвшөөрөл олгосон,  хайгуул хийж байгаа л гээд байгаа. Ингэхдээ эхлээд Дорноговийг онилсон. Сүхбаатарт 2008-2009 онд лиценз олгосон ч, энэ хугацаанд өрөм тавих ажлыг  эхлүүлсэн ч удаан   явж ирсэн. Энэ хооронд Улаанбадрахыг там болгов. Одоо тэгвэл Сүхбаатар руу орох гэж байна. Энэ  юу өгүүлнэ  вэ гэвэл нэг талаар   “Бороо гоулд”   ХК манай улстай тогтвортой байдлын гэрээ байгуулчихаад өдөр,шөнөгүй ухаад хамаг алтыг нь аваад гарчихсан түүхийг санагдуулна. “Кожеговь”-ийнхон хайгуул хийж  байгаа гэдэг. Тэгсэн атал Дорноговьд байгаль орчин сүйдэж, мал үхэж, төрөх эхчүүд эхчүүд зулбаж байгааг юу гэх вэ. Олборлолт, ашиглалтын ажлыг далд хэлбэрээр  явуулаад байсан юм биш үү.  Яагаад иргэний хөдөлгөөнүүд “Нууцаар туршилт хийсэн. Олборлолт явуулж байна”  гэж барим тавим  мэдээлж байв. Улаанбадрахын ураны  ордуудыг  ёроолгүй болгож  цөлмөчихөөд одоо Сүхбаатар аймаг руу орох гэж  байгаа юм биш үү  гэдэг асуулт юуны өмнө тавигдаж байна.

 

ЖАНЖНЫ НУТАГТ ЭЗЭН СУУСАН “КОЖЕГОВЬ”

 

Энэ компанийн тухай уран эсэргүүцэгч ТББ-уудын танилцуулгад   юу  гэж дурдагдсаныг сонирхвол олон талын мэдээлэл байдаг юм билээ. Хамгийн  анхны мэдээллийг  Баяншарга ТББ гаргасан байдаг.   Тэд танилцуулгадаа  “Франц улсын төрийн өмчит “Арева” группын охин компани болох Монгол Улсад бүртгэлтэй “Кожеговь” ХХК нь Сүхбаатар аймагт    цацраг идэвхт ашигт малтмалын  хайгуулын нийт 20 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хайгуулын ажлаа дуусган туршилтын нэрээр олборлолт хийж эхэлсэн. Энэ хүрээнд олборлосон хүдрийг газар дор шууд хандлан уусгалтын аргаар хагас боловсруулан ураны исэл буюу “шар нунтаг” гаргах туршилтыг хийсэн. Дорноговийн Улаанбадрах суманд “Дулаан уул” төсөл хэрэгжүүлж ингэж “туршилтын олборлолт”хийсний уршгаар генийн өөрчлөлтөнд орсон төл мал олноороо гарч үхсэн дуулиант  явдал болоод байна. Мөн Дарьгангын талд ураны маш “том орд” олсон, үүнийг ашиглана гэж мэдээлээд байгаа” гэжээ.

Сүүлийн үеийн мэдээллүүдээс харвал  “Кожеговь” ХХК –ийн  Сүхбаатар аймаг дахь хайгуулын ажлыг идэвхжүүлэх  талаар экс   гишүүн М.Зоригт ажиллаж УИХ дээр ураны хөрөнгө оруулалтын хуулийг батлуулахад ихээхэн  нөлөөлсөн. Түүнчлэн М.Зоригтын  бизнесийн нэр бүхий түншүүд  ураны гадаад гэрээ хэлэлцээрийг идэвхжүүлэн ажиллаж байгаа нь өөрсдийнх нь гадаад өр зээлтэй  холбоотой гэж  зарим эх сурвалж бичжээ. “Кожеговь” ХХК ч Сүх жанжны нутгийг сүйрүүлэх эхлэлээ тавиад эхэлсэн ноцтой баримтууд  илрээд байна.

Үргэлжлэл  бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *