Спортоос татгалзсан Кармен

3-р сарын 19, 2018 8:47 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 79
1

Ч.ГАНТУЛГА

 Монгол Улсын гавьяат жүжигчин Р.ДоржхоролыгАмьдралын тойрогбуландаа урилаа.

Түүнийг даашинз­ныхаа хормойг дэрвүүлэн гарч ирэхэд залуус шүүрс алдан, тэмүүлдэг. Түүнийг дэрэвгэр сормууст нүдээрээ тас намжирдан өнгөрөхөд залуусын харц соронзон мэт ээрдэг. Халуун цуст цыган бүсгүй бүжиглэж байна. Хайр сэтгэлийн дээдийг дуулж байна. Залуу нас, гоо үзэсгэлэнгээ үүрдийн юм шиг санаж байна тэр. Кармен, Кармен, Кармен

29314587_1920493084931404_7513655460235313152_n

Тийм л нэг гал цогтой, дэндүү эрх чөлөөтэй мөртлөө энхрий эмзэгхэн бүсгүйн түүх УДБЭТын тайзнаа амьдарсаар олон жилийг үджээ. Он цаг бүхэн өөр, өөрийн Карменийг төрүүлсэн байдаг.

3

Тэгвэл энэ цагт халуун цуст цыган бүсгүйн дүрээр амьдарч буй уран бүтээлч бол УДБЭТын отгон гавьяат, дуурийн дуучин Р.Доржхорол билээ. “Амьдралын тойрогбуландаа түүний тухай онцлов. Нэгэн үе хүчтэй хоолой, өндөр бие, авьяас билгээрээ дуучин А.Долгор дуурийн театрын өөр нэгэн, хүчирхэг, содон өнгө төрх байв. Харин дуучин Р.Доржхоролыг харахад яг л Ардын жүжигчний залгамж халаа юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Тэд хоёул Кармен бүсгүйгээр амьдарсан, ховорхон заяах хүчтэй хоолойны эзэд. Үзэсгэлэн гоо, биерхүү төрх нь хүртэл ижилхэн байсан нь соньхон. Дуучин бүсгүйтэй уулзахаар дуурийн театрыг зорилоо. Дуу хуур, сонгодог хөгжим эгшиглэсэн тэр ягаан байшин руу орох бүрд сэтгэлд нэг л дулаахан мэдрэмж төрдөг. Энд л жинхэнэ урлаг утгаараа хөгжихөөс гадна монголд төдийгүй дэлхий бишрэм алтан хоолойтнууд байдаг гэж бодохоор бахархам. Нийтлэлийн баатар маань хоёр давхрын жижигхэн өрөөнд суудаг юм байна. Биднийг очиход бэлтгэлтэй байж таарсан юмДуучин Р.Доржхоролыг бүтээсэн дүрээр нь үзэгчид танина. Харин түүний бага нас, нандин дурсамжийн тухай тэмдэглэл төдийлөн байдаггүй аж. Бидний яриа энэ цэгээс эхэлсэн юм.

IMG_6727

СПОРТОД ДУРЛАСАН БАГА НАС

Дуучин бүсгүй Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат. Өдгөө ч ижий аав нь нутагтаа аж төрж байна. Нийтлэлийн баатар маань 11 хүүхэдтэй айлын дээрээсээ тав дахь нь аж. Бага нас нь нутагтаа өнгөрсөн бөгөөд сумынхаа найман жилийн сургуулийг дүүргэжээ. Тэрээр өөрийгөөсоциализмынхүүхэд гэж тодорхойлсон юм. Учир нь хүүхэд нас нь ажил хөдөлмөрийг эрхэмлэдэг өрнүүн он жилүүдэд өнгөрсөн байна. Мод хагалах, түлээ хөрөөдөх, ус авах гээд хөдөөний хүүхдийн хийдэг бүхий л ажил түүнд ноогдоно. Тухайн үеийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн программ их чанга байж. Үүнээс гадна хүүхдүүд спортоор их хичээллэдэг байсан тухай дуучин бүсгүй дурссан юм. Бяцхан Р.Доржхорол ч ялгаагүй спортын ихэнх төрлөөр хичээллэдэг байж. Биеийн тамирын багш нь жүдогийн хоёр акул болох Ч.Дамдиншарав, Ч.Насантогтох нар байжээ. Бяцхан охин эдгээр мундаг багшийн заавраар жүдогийн дэвжээн дээр хичээллэж анхүүрэхмэхийг заалгаж байв. Энэ үедээ спортод тэр дундаа жүдод дурлаж явж. Гэвч тэрээр шийдвэр гаргах цаг  ирэхэд дэвжээнээс татгалзсанаар дуурийн урлагт од болон гялалзах хувь заяаныхаа гэрлийг асаасан гэдгээ төдийлөн анзаараагүй юм.

САРТАЙ ШӨНӨ АРАЙ ГАЙГҮЙ. ТҮНЭР ХАРАНХУЙД ЧАНГА ШҮҮ ДЭЭ

Р.Доржхорол гэр бүлийн хүмүүжил сайтай өсчээ. Хэдий олуулаа ч хүн орж ирэхэд мэндэлдэг, томоотой суудаг, тавагтай идээ барьдаг гэр бүлийн хүмүүжлийг эцэг эх нь түүнд суулгажээ. Аав н.Рэгзэн нь түүхийн эдийн эрхлэгч хийдэг байж. Хүүхдүүдээ олон үг хэлдэггүй, өөрөөрөө үлгэрлэн дуурайлгахыг хүсдэг байсан гэнэ. Харин ээж нь их чамбай зарчимч хүн гэв. Хүүхдүүддээ ажилч хичээнгүй байх ёстой гэж одоог хүртэл захидаг. Ялангуяа охиддоо цэвэрч нямбай, үйл урантай, ханьдаа халамжтай байгаарай гэж захидаг аж. Тэдний 11 хүүхэд хэзээ ч гэрийн даалгавраа хийхгүй унтдаггүй дүрэмтэй байв. Гавьяат маань ээжийнхээ тухай ярихдаа хааяахан үймүүлж, сахилгагүй зан гаргахад нь эвтэйхэн хашраачихдаг байсан тухай хөгжилтэй дурсамж хүүрнэсэн юм. “Бидний үеийнхэн сагс их тоглодог байсан. Тоглосоор оройтно, хувцсаа урна, гутлаа салгана. Тэгэхээр ээж 20 литрийн канистар бариулаад усанд явуулчихдаг байж билээ. Зун бол гайгүй. Өвөл ямар хэцүү гэж санана. Манай сумын гол уруудаж байж ордог хясааны дундуур урсдаг байлаа. Өвөл хөлдчихнө. Бүр доошоо тонгойж байж шанаганы ёроолоор багахан ус хутгагдана. 20 литрийн савны ёроолд шол гэх чимээ гардагсан. Сумын шөнө тайвныг ч хэлэх үү. Усаа дүүргэх удааныг ч хэлэх үү. Сартай шөнө арай гайгүй. Түнэр харанхуйд чанга шүү дээгэсэн юм. Ингэж шийтгүүлснийхээ хариуд тэд хэд хоног томоожино. Гэвч хүүхэд л хойно энэ явдал олон давтагддаг байжээ. Р.Доржхоролыг жаахан байхад гэрт нь гитар, мандалин болон баянхуур, хийл хөгжим байдаг байж. Банзан гитараа нүдээд л, гэртээ концерт тоглоход дуу хөгжимд дуртай жаахан охин хамгийн мундаг сайн дурын уран сайханч байсан нь өнөөгийн гавьяат, дуурийн дуучин Р.Доржхоролын урлагийн хүн болох анхны алхам юм.

16 НАСАНДАА “16 НАСДУУГ ДУУЛАВ

Найман жилийн сургуулиа төгсөөд Архангайн багшийн сургуулийн хуваарь өвөртлөөд бага ангийн багш болохоор сэтгэл шулууджээ. Сурч байхдаа Архангайн багшийн сургуулийн дэргэдэхЭрдмийн ундраачуулгын урансайханч, дуучин болсноор ирээдүйн замаа нээсэн юм. 16 настай жаахан охин анх “16 насдууг дуулснаар урлагийн ертөнцөд анхлан хөл тавьжээ. Сургуулиа төгсөөд бага ангийн багшаа хийлгүй өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу дуу хөгжмийн багшаар томилчихож. Нутгийнхаа хүүхдүүдийг дуу хуурт дурлуулахаас гадна өөрийнхөө энэ талын авьяасыг хөгжүүлсээр байсан багш маань сумаасааБүх ард түмний урлагийн наадам”-д оролцохоор шалгарчээ. Хүн хувь тавилан руу л өөрийгөө хөтөлдөг аж. Тиймээс  багш хийхгүй гэдгээ мэдсэн үеэсээ хэрхэн дуучин болох вэ гэсэн бодолд хүлэгдсээр явжээ. Ингээд 1987 онд буюу Октьябрийн хувьсгалын 70 жилийн ойгоор орос дууны тэмцээн зарлахад Алла Пугачёвагийн дууг, “СоёлЭрдэнэхамтлагтай хамтарч дуулснаар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Хожим нь 1980 ондҮнэнсониндБагшийн дээд сургуулийн дэргэдэх найрал дууны ангид элсэлт авнагэсэн зар байхыг харжээ. Гэвч сурган хүмүүжүүлэгч хүн байж багшийн ажлаа орхих гэлээ гэсэн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Харин тухайн үеийн Өвөрхангай аймгийн театрын дуучин нь хотод дуурийн театрын дуучин байсан н.Жаргалсайхан гэдэг бүсгүй байж. Тэрээр хоолойг нь сонсоодЧи дуурийн дуучин болж чадна. Тун ховорхон мец саппоран хоолойтой юм байнагээд аймгийн удирдлагуудад тайлбарлаж өгснөөр хот руу ирсэн түүхтэй.  

ТЕАТРТАА ҮНЭНЧ ҮЛДЖЭЭ

Тухайн шалгалтад 100 гаруй хүүхэд орж, 15 хүүхэд авсны нэг нь дуучин Р.Доржхорол байсан юм. Тэр анги бол Монголын сонгодог урлагийн түүхэнд анхныГоцлол дуучдын ангигэж нэрээ мөнхөлсөн байдаг. Ингэснээр 1995 оноос Ардын жүжигчин А.Загдсүрэн багш дээр дуулах урлагийн хичээл заалгаж, мэргэжлийн дуучин болох гараагаа эхэлсэн аж. Харин түүний амьдралын дараагийн алхамд нь хөтөлж оруулсан хүн нь Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багш нь юм байна. Анх А.Загдсүрэн багшийнхаа эзгүйд, тэмцээнд орохын тулд Ц.Пүрэвдорж багш дээрээ сар гаруй хичээллэжээ. Ингэж багш шавийн барилдлагатай болж ангид нь хичээллэх хүсэлтээ сургуулийн удирдлагадаа тавьсан байна. Анх театрт хоор дуучнаар ирээд эхний зургаан сар учраа олохгүй хэцүү байсан гэнэ. Ангийнхан нь ч эхнээсээ шантарсаар нийтлэлийн баатар маань ганцаараа үлджээ. Энэ үед үргэлж багш дээрээ очиж зөвлөгөө авна. Түүнд ЦДБЭЧт гоцлол дуучнаар ажиллах бүрэн боломж байгаа тухай дуулгахад багш нь татгалзсан аж. ТэрээрЧи театртаа бай. Хэзээ нэгэн цагт чамд боломж ирнэ. Нэг зүйлийнхээ төлөө тууштай хөдөлмөрлөгэснээр дуучин бүсгүй театртаа үнэнч үлджээ. Хүмүүс тарж байхад ганцаараа бэлтгэл хийж, хичээсний эцэст тэрээр зорилгодоо хүрч театрын гоцлол дуучин болж чадсан юм.

ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ ҮНЭЛДЭГ

Ийнхүү О.Доржхорол 1995 онд анх театрын босгоор алхсанаас хойш 10 жилийн дараа буюу 2005 онд гоцлол дуучин болсон юм. Түүний тушаалд 13 дүр дуулсан гэсэн арвин намтартайгаар, итгэл төгс гоцлол дуучны үнэмлэхийг нь гардуулсан байдаг. Гоцлол дуучин гэдэг хэн дуртай нь болчихдог амархан алба биш. Олон жилийн турш унаж босч, туршлагажиж байж хүрдэг өндөр оргил ажээ. Энэ хугацаанд нийтлэлийн баатар маань уйгагүй хөдөлмөрлөсөн юм. Тэрээр театрт ажиллаж буй энэ хугацаандаа “Евгений Ониген”, “Чио Чио Сан”, “Кармен”, “Учиртай гурван толгой” гээд дэлхийн сонгодог бүтээлүүдийг дуусгачихсан гавьяат. Хамгийн сүүлд дуулсан “Кармен” дуурийнхаа тухай “Дүрээ аль талаас нь гаргавал хүмүүст илүү хүрэх вэ гэдгийг их бодож байж бүтээсэн. Би шүүмжлэлээс айдаггүй. Шүүмжлэх тусам дараа, дараагийн гаралт бүртээ сайжруулахыг хүсдэг” гэсэн юм. Энэ цагийн дуурийн урлагийн хүчирхэг хоолойтой Р.Доржхорол хэмээх хувь хүн хоёр хүүхдийн ээж, халамжит сайн хань юм байна. Залуу насныхаа хором бүрийг урлагийн төлөө зориулсан тэрээр нэлээн хожуу бага хүүгээ төрүүлсэн гэнэ. Хүү нь одоо Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг юм байна. Монгол улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Р.Доржхоролтой ярилцаж байхдаа түүнийг энэ урлагт ухаангүй дурлаж гэдгийг анзаарсан юм. Тэрээр дуурийн урлагаас хүн байхын утга учир, мөн чанар, тэсвэр хатуужил, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгожээ. Сонгодог урлаг хүний хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг гэдгийг түүнээс харж болохоор. Уншигчдынхаа өмнөөс нийтлэлийн баатартаа дуурийн театрын тайзнаа олон жил хүчирхэг хоолойгоо гайхуулж, од болон гялалзаарай гэж ерөөе.

267-2Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *