Шүүх: СУЛЛА, ХОРЬ

5-р сарын 11, 2018 8:42 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй , Шуурхай Мэдээ Уншсан: 31
5-11-3

С.УЯНГА

Экс Ерөнхий сайдуудыг Оюутолгой, оффшор данс, Дубайн гэрээтэй холбогдуулан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад 30 хонож байна. Тэднийг хорьж, байцаах хуулийн хугацаа өчигдөр дуусч суллах,  эсвэл  үргэлжлүүлэн хорихыг шийдвэрлэх шүүх хурал 09:30 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг  нар хорих ангиас онлайнаар оролцсон бол өмгөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Ийнхүү шүүхээс  Ерөнхий сайдууд болон Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг  суллахаар болж, хилийн хориг тавих шийдвэрийг 11:40 цагт гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Чингэлтэй  дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм.

Шүүхийн шийдвэрийн дараа тэдний өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ гаргаж  авахаар хорих ангид очоод байсан ч 15:00 цагт шүүх хурал дахин товлогдов. Энэ үеэр Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров “Хорихгүйгээр шалгуулья” гэсэн бол  С.Баярын өмгөөлөгч Б.Пүрэвням “Шүүх хараат бус байж, бие даасан шийдвэр гаргалаа. Шүүхэд итгэх итгэл сэргэлээ” хэмээн мэдэгдээд байсан.

Харин үдээс хойш  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэлээ. Улмаар Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарыг суллах шүүхийн шийдвэрийг өөрчилж хилийн хязгаарлалт тогтоож, үргэлжлүүлэн хорихоор болов. Өөрөөр хэлбэл, шүүх үдээс өмнө 11:40 цагт С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг суллах шийдвэр гаргасан ч 17:10 минутад шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *