“Шүүгчдийг АТГ-аар шалгуулна”

5-р сарын 16, 2018 8:53 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 52
5-16-3

Л.ХЭРЛЭН

МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлахаас татгалзсан Улсын Дээд шүүх /УДШ/-ийн шийдвэртэй холбогдуулан  тус намаас  цаг үеийн асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд  МАХН-ын дэд дарга, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, Гүйцэтгэх товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга Н.Удвал, С.Ононбаяр, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Тамгын газрын дарга Н.Уламбаяр нар оролцсон юм. Тэдний байр суурийг хүргэе.

Ц.Оюунбаатар: БИД ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ХАНДАНА

-Энэ сарын 14-ний  даваа гаригт УДШ ийм шийдвэр гаргасан нь улс төрийн захиалгатай, улс төр, бизнесийн бүлэглэлээс манай намын улс төрийн үйл ажиллагааг хязгаарлах,түүний дүрэм, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч баталгаажуулахад  саад учруулах гэсэн үйл ажиллагаа гэж бид үзэж байна. УДШ улс төрийн намын дүрэм нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг л хянадаг. Гэтэл бид дүрэм, мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хоёр дахь удаагаа өглөө. Дээд шүүх хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаагүй. Бид тийм нөхцлийг гаргахааргүйгээр өндөр хэмжээнд дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө боловсруулж өгсөн. Асуудлын гол нь энэ талаар хэлэлцэх УДШ-ийн хуралдаанд өөр нэг тал гэж О.Баасанхүү нарын хөндлөнгийн хүмүүсийг оруулж, маргаан үүсгэж, тэр нь зарим тохиолдолд шүүхийн өөрийнх нь үйл ажиллагаанд хүндрэл учруулах байдлыг үүсгэсэн. Энэ шүүхийн ёс зүйн асуудалд хамаатай. Нөгөөтэйгүүр, Дээд шүүх нь МАХН-ын Их, Бага чуулганыг хууль ёсны байсан уу, үгүй юү гэдгийг үнэлж, дүгнэдэг байгууллага биш. Энэ асуудлаар хэн нэгэн манай нам, намын ёс зүйн хороо болон хууль хяналтын байгууллагад гаргасан гомдол байхгүй. Тэгэхээр шүүх эрх мэдлийнхээ хэм хэмжээг зөрчлөө. Улсын бүртгэлийн байгууллага нь аливаа аж ахуйн нэгж, түүний дотор Дээд шүүхэд хаяглаж байгаа намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн бүртгэлийн асуудлыг хаах, хүлээж авахгүй байх эрх байхгүй. Бид дахин өгөх эрх бий. Өнгөрсөн хугацаанд биднийг Их, Бага чуулганы тэмдэглэлээ авчраагүй байна гэсэн. Тэдгээр бичиг, баримтыг  бүрдүүлж өгсөн. Гэтэл өмнөх хурлынхаа шийдвэрийг эш үндэс болгон дахин бүртгэхээс татгалзсан. Иймд бид хуулийн дагуу  дахин өргөн барина. Монгол Улсын Ерөнхий шүүгчид энэ асуудлаар хандана.

2017 оны Ерөн­хий­лөгчийн сонгуульд 420 гаруй мянган хүний саналыг авсан улс төрийн гурван том хүчний нэг МАХН-ыг МАНАН бүлэглэл, түүний ард байгаа олигархи бүлэглэл бүхий л талаар, түүний дотор хууль шүүх, АТГ-ын ёс зүйгүй хүмүүсийг ашиглах хяхаж хавчин элдэв асуудалд холбогдуулж, хэлмэгдүүлж ирсэн. Намын дарга Н.Энхбаярыг 2011 оноос хойш олон удаа хэлмэгдүүллээ. Ямар ч үндэслэлгүйгээр, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй зүйл заалтаар хэлмэгдүүлж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлдгээр “коридороор” захиалгат мөрдөн бай­цаагч, захиалгат прокурор, шүүхээр шийдэж ирснийг та бүхэн тодорхой харж байгаа. Оюутолгой, Тавантолгой Монголын ард түмэнд байна гэ­сэн зөрчлөөс үүдэн оли­гар­хиуд сонгуулийг будлиан­туулсан. Тэр талаас улс төрийн хамгийн том захиалга, нөлөөлөл явагдсан нь харагдаж байгаа. Өнөөдөр МАХН дээд хуулийн төслийг боловсруулан нийт ард түмнээрээ хэлэлцүүлж, байгалийн баялаг Оюутолгой, Тавантолгойн ордыг иргэддээ олгоё, боловсрол, эрүүл мэндийг үнэ төлбөргүй болгоё гэсэн улс нийгмийн том арга хэмжээ зохиож буй энэ үед МАХН руу дайрсан дайралт энэ юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан шөнийн дотор сонгуулийн цахим сүлжээг таслан 14 мянган хүний санал байхгүй болсон. Өнөөдөр УИХ-ын гишүүн асан, БХБ-ын сайдаар ажиллаж байсан  З.Баянсэлэнгийг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснийх  нь төлөө хэлмэгдүүлж байгаа. Ийм асуудал олон гарч буй учраас хууль, шүүхийн шүүмжлэлт үйл ажиллагааг бид олон нийтэд танилцуулж байна.

Н.Удвал: БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ДЭЭД ШҮҮХИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХИЙГ ЭСЭРГҮҮЦНЭ 

-Шүүх засаглал шударга ёсны тогтол­цооны амин сүнс байдаг. Шүүгчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа аливаа ашиг сонирхлоос ангид шударга байх ёстой.  Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг Дээд шүүхээр бүртгүүлэх хоёр удаагийн хуралд суухад төрсөн дүгнэлт гэвэл Дээд шүүх аливаа  албан тушаалын  бүлэглэлийн нөлөөнд орсон, бусдын ашиг сонирхолд автагдсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үйл ажиллагааг явуулж байгааг эрс эсэргүүцэж байна. Намын дотоод үйл ажиллагаанд шүүх оролцохыг хуулиар хориглосон байгаа. Намын дотоод үйл ажиллагаанд Дээд шүүх хөндлөнгөөс оролцож байна. Асуудлыг Дээд шүүхийн дэвэргэн хэмжээнд аваачиж байна. Өнөөдөр ард түм­ний татвараар ийм үр ашиггүй авлигад идэгдсэн, ашиг сонирхлын зөрчилтэй, бүлэглэлийн гар хөл болсон шүүхийг санхүүжүүлж байгааг эсэргүүцэж, үүнийг нийт ард түмэндээ дуулгаж байна. Энэ зөвхөн намд тохиолдож буй зүйл биш. Монголын ард түмэн ийм сүлжээний хөлд үрэгдэж байгаа. Ард түмний мөнгийг “Мафийн сүлжээ”-нд зарцуулдгийг нэн даруй зогсоож,  тэр шүүгчдийг огцруулах ёстой. Шүүхийг эрүүл болгохын төлөө тэмцэл явуулах ёстой юм байна гэдгийг хоёр удаагийн шүүх хурал бидэнд ойлгууллаа. Ард түмэн хашаатай хонь биш. Шүүх байгууллага шударга үнэнийг тогтоож чадахгүй бол ард түмэн шударга ёс, үнэнийг тогтоож чадна гэдгийг мэдэгдэе.

Ц.Шаравдорж:УИХ-ЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНД АСУУДАЛ ТАВИНА

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ташаа мэдээлэл тарааж байгаад харамсч байна. Үнэн хэрэгтээ шүүх  хуралдааны танхимд О.Баасанхүү гишүүн танхайрсан. Салаавч гаргасан хүнийг шийтгэж байсан шүүхийн практик байгаа байх аа. Тэгвэл О.Баасанхүү Монгол Улсын Дээд шүүхийн хуралдааны танхимд салаавч гарган бусад руу танхайрч мөн бусдыг өдөөн хоргоож, хэл амаар доромжиллоо. Энэ талаар  УИХ-ын Ёс зүйн дэд хороонд асуудал тавина.  Тэр хүн “Бусдад зодууллаа”, “МАХН-ынханд зодуулчихлаа. Бэртэж гэмтчихлээ” гэсэн мэдээллийг сошиалд тарааж байна. Энэ ямар ч үндэслэлгүй. Зарим хүнийг шүүх хуралдааны танхимаас гаргасны дараа О.Баасанхүү шүүх хуралдааны танхимд үлдсэн. Бид шүүхийн танхимд утсаар ярих ч боломжгүй атал тэр хүн утсаар ярьж, албан тушаалаа хэтрүүлж байсан. Шүүх хуралдааны дараа танхимаас гараад явсан. Хэнд зодуулсныг бид мэдэхгүй. Ийм байдлаар тэр хүн ёс зүйгүй авирлаж байгааг зориуд хэлье. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг эдлэх ёстой МАХН-ын гишүүд Их, Бага чуулганаа хийж, материалаа Дээд шүүхэд бүртгүүлэх гэхээр бүртгэхгүй байна гэдэг дээд шүүх улс төрийн хараа хяналтад орсон, тэднээс хараат байдалд Үндсэн хуулиа зөрчиж байна. Иймд бидний албан ёсоор тавих хүсэлт, санал цааш үргэлжилнэ.

Г.Давааням: Г.ЦАГААНЦООЖ НАРЫН ШҮҮГЧИД БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

-Нам доторх аливаа маргаантай асуудлыг намын эрх бүхий байгууллагаар шийдүүлнэ гэж Улс төрийн намын тухай хуульд заасан байдаг. О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нар нам дотроо маргаантай асуудал үүсгэсэн. Үүнийг Дээд шүүх шүүрч авч дэвэргэснээс шүүх хурлын танхимд маргаан үүсч байна. Дээд шүүх хуулиа барьж ажилласан бол ийм зүйл болохгүй байлаа. МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг хоёр дахь удаагаа буцаах үйл явц үүсэхгүй байлаа. Бид Г.Цагаанцоож тэргүүтэй нэр бүхий шүүгчийг АТГ-т өгч шалгуулна.

Н.Уламбаяр: ДЭЭД ШҮҮХИЙН ГУРВАН ШҮҮГЧ ГЭРЧ БОЛНО

-Би намын гишүүдийн хамт мөрийн хөтөлбөр, дүрмийг бүртгүүлэх Дээд шүүхийн хуралд оролцсон. Тэр үеэр зодоон цохион хийсэн асуудал  гараагүй. Сошиалд өчигдөр түүнийг хэвтэрт ортлоо зодуулсан гэсэн мэдээлэл явсан. Харин шүүх хуралдааны танхимд О.Баасанхүү гишүүн өөрөө  танхайрсан үйлдэл гаргасан. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргасан байгаа. Энэ бол шүүн таслах үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд, тэр нь баримттай бол гишүүнээс нь эргүүлэн татах эрх зүйн үндэстэй. Дээр нь шүүгч нарыг доромжилж шүүх хуралдааны үйл явцыг удаа дараа тасалдуулсан. Энэ бүхэн шүүх хурлын танхимын бичлэгт бүрэн бичигдэж үлдсэн байгаа. Дээд шүүхийн гурван шүүгч хараад сууж байсан. Тиймээс та бүхэн очоод асууж болно.

С.Ононбаяр: ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ХУГАЦААГҮЙ СУУЛТ ХИЙНЭ

-Миний хувьд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон. Би МАХН-ын Онц их хурлаас эхлэн намын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож яваа гишүүн. Манай намын Их чуулган хууль дүрмийн  дагуу явагдсан. Гаргасан материалыг маань Дээд шүүх бүртгэсэнгүй. Үүнд намын жирийн гишүүд бухимдаж байгаа. Шүүх байгууллага МАНАН-д үйлчилж байгааг Дээд шүүхийн үйл ажиллагаа харуулж байна гэдгийг шүүмжилж байна. Мөн цаашид шударга ёсны төлөө жагсаал, цуглаан зохион байгуулах, хуга­цаагүй суулт хийх талаар ярьж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

do an essay for me http://sdfeklhjyujg.com/

You actually suggested it adequately.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *