“Шунхлай”-гийн ажилчид  жорлонгоо өөрчлөхөөр болов

4-р сарын 13, 2018 3:05 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 35
30176419_1571570429607780_1854998791_o

Ц.МЯГМАРБАЯР

“Жорлонгоо өөрчилье” сургалт хүрээгээ тэлж аж ахуйн нэгжүүд анхаарч эхэллээ.  “Шунхлай” групп  ажилчиддаа энэ сарын 9-нд уг сургалтад хамруулсан юм. Тус групп 21 аймагт шатахуун түгээх станцтай. Хамгийн олон хүн амтай, аялал жуулчлалын тулгуур төв болох Хөвсгөл аймгийн  Мөрөн хотод гурав, Хатгал тосгонд нэг шатахуун түгээх станц /ШТС/ бий. Энэхүү станцуудын дэргэд  2-4 жорлон байдаг. Тэгвэл 21 аймаг, зам дагуух сум сууринд байрлах бүх ШТС-ын жорлонг тоолбол замбараагүй  олон жорлон байна гэсэн үг . Үйлчилгээ сайтай, жорлон нь цэвэрхэн газарт үйлчлүүлэгч олон. “Жорлонгоо өөрчилье” төслийн сургалтын баг 21 аймгаа тойрон сургалтаа хийсээр  байна. Өнөөдөр тэд /04.13/  баруун аймгуудад ажиллаж байгаа. Мэдээж хол замд  явахад бие засах асуудал хүндрэлтэйн дээр хаана ямар цэвэрхэн жорлон  байгааг судалсаар л яваа. Цэвэрхэн, үнэргүй, тав тухтай жорлонтой газар ховор л болов уу.  Монголчууд хэдий болтол хөдөө хээр аян замд явахдаа ялангуяа эмэгтэйчүүд, замын хажуу дахь  жалга, довийг бие засах газар болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь шээсээ хавчин  явах юм бэ. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх нь тухайн орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэдийн санаачлагаас гадна зам тээврийн үйлчилгээ үзүүлж буй газар болон шатахуун түгээх станцууд, цаашлаад төмөр зам дагуух өртөө, цайны газар, дугуй засвар үйлчилгээ үзүүлэгчид гээд бүгд ариун цэврийн байгууламж, жорлонгоо өөрчлөх нь тэдний бизнесийн ашигт ч нөлөөлөх бизээ.

Үйлчлүүлэгчдээ өрсөлдөөн дундаас хэрхэн алдахгүй байх вэ гэдэг тухайн бизнесийн байгууллагын менежмент, марктенг юм. Тэгвэл “Шунхлай” групп “Нутгийн шийдэл сан”-гийн санаачилсан  жорлонгоо өөрчилье аянд нэгдсэн юм. Сургалтад  Шунхлайгийн ажилчид, Азийн хөгжлийн банкны болон сургалтад өөрсдийн сонирхолоор ирсэн  50 орчим хүн хамрагдсан. Тэд сургалтад байгууллагынхаа давуу болон сул талыг танилцуулахдаа ШТС-ын жорлонг өөрчлөөд тавтай тухтай, үнэргүй, цэвэрхэн болгочихвол манайхаас шатахуун авах үйлчлүүлэгчдийн тоо өснө. Аялагчид шатахуун авахдаа жорлонд ороод гардаг. Тиймээс энэ давуу талаа ашиглах нь чухал гэлээ. Түүнчлэн эко жорлон байгуулвал хөрсний бохирдолгүй болох боломжтой. Уг сургалтад баг болон хуваагдсан  ажилчид одоогийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн юм. I багийн н.Булгамаа “Манай Шунхлай компанийн  ШТС-ийн жорлонг соруулах боломжтой. Харин соруулах машин орох боломжгүй замын бордюр саад болдог. Мөн  жорлонгоо үерийн усны зам дагуу биш өндөрлөг газар барих ёстой. Түүнчлэн мэдрэгчтэй гэрэл байрлуулах хэрэгтэй” гэв. II багийнхан хөдөөгийн ШТС-ын жорлонгийн тоог гаргах хэрэгтэй. Зорчигчид жорлон хайж манай ШТС-д түр зогсдог. Тиймээс энгийн болон  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жорлонг, дэд бүтцийн хамт шийдэх хэрэгтэй” гэх зэргээр жорлонгоо өөрчилж орчноо сайжруулах олон хувилбаруудыг  ярилцсан юм. Харин технологи танилцуулах хичээлийн үеэр шатахуун /бензин/ хийсэн  хуванцар саваар ус зөөж, септик танк болгож ашиглаж  болохгүйг Ц.Оюунгэрэл анхааруулсан. Учир нь химийн бодис, өтгөн лагийг идэж бордоо буюу шороо болгодог амьд биетүүдийг устгадаг. Амьд биетүүд устахаар жорлон болон цэвэрлэх байгууламж эвгүй үнэртэй болдог гэв. Харин амьд бактеруудыг хаанаас авах вэ гэсэн нэгэн оролцогчын асуултад “Улаанбаатар ариутгал” компанийн гүйцэтгэх захирал Отгонжаргал хариулж байв. Тус компани жил бүр Нийслэлийн гэр хороолол дахь нүхэн жорлонг ариутган булж дардаг. Жилью, Тамир бэлдмэл нь эвгүй үнэрийг арилгаж, нян вирус устгадаг бол EM бэлдмэл амьд биет буюу өтгөн лагийг иддэг ашигтай бактер агуулдаг ажээ. Сургалтад уламжлал ёсоор Дундговийн Гурвансайхан сумын шинэчлэлийн талаар Б.Эрдэнэбүрэн танилцуулсан.Тэрээр жорлонгоо өөрчлөхөд иргэд зорилго нэг байх нь нэн чухал.Түүнчлэн зорилго тодорхой байхад хэнд ч хэрэггүй шүүмжлэл, хий хоосон ярих хүн үгүй болж хийж бүтээхийн төлөө завгүй болдог гэж байлаа. Үүний дараагаар МУИС-ийн Банкны салбарын банкны багш доктор,профессор Л.Оюун мөнгө хэрхэн хуримтлуулж жорлонгоо өөрчлөх талаар энгийн бөгөөд сонирхолтой хэлбэрээр сургалт явуулсан. Хүн мөнгөтэй болохоороо юу авах гэж хамгийн түрүүнд боддог.Тэгвэл энэ зуршлаа өөрчилж эхлээд хадгаламжиндаа мөнгө хийж сурвал үлдсэн мөнгөө аз жаргалтайгаар үрж болно гэж сургасан. Мөн сургалт болж байгааг цахимаас мэдээд ирсэн Ц.Мөнхтулга “ Би хоёр гурван жилийн өмнөөс л шинэ технологитой жорлон хийе гэж бодсон. Судалж  байтал хөрсний бохирдолгүй жорлон хийх хэрэгтэйг ойлгосон. Энэд ирснээр олон технолгиудтай танилцлаа. Цаашид ариун цэврийн бизнес хийх сонирхол төрж байна. Иргэдэд жорлонг нь барьж өгөхөөс эхлэхээр зураг төслөө гаргаад байна” гэсэн юм.  Түүн шиг олон залуу жорлонгийн төлөө санаа тавьж өөрчлөлтөд нэгдэх нь чухал юм.

“Жорлонгоо өөрчилье” төсөл бэлэн жорлон өгөхгүй

Шунхлай компанийн захилгат сургалтын төгсгөлд  НҮБ-ийн тусгай илтгэгч Лео Хеллер өөрийн хүсэлтээр ирсэн юм. “Жорлонгоо өөрчилье” сургалтыг манайхны холбогдох мэргэжлийн байгууллагын дарга нараас  хэн ч ирж сонирхоогүй байхад НҮБ анхаарлаа хандуулсан нь хөрс, агаар бохирдуулаад байгаа энэ асуудалд Монгол улс анхаарлаа хандуулж жорлонгоо өөрчлөх  хэрэгтэйг зөвлөж байгаагийн илрэл юм. Лео Хеллер хэлэхдээ  “Ариун цэврийн байгууламж буюу жорлон гэрээс холгүй хүн бүхэнд хүртээмжтэй байх ёстой. Түүнчлэн хямд бөгөөд тав тухтай хүнлэг байснаар хүн байх эрхээ эдэлж, физилогийн хэрэгцээгээ хангах ёстой юм. Үнэтэй жорлонг  хүн бүхэн хэрэглэж чадахгүй. Тиймээс зориг гаргаж сэтгэлийн дуудлагаараа энэ ажлын манлайлагчид болсон та бүхэнд амжилт хүсье ” гэж байв. 1990 оноос аливаа төсөл хөтөлбөр тодорхой салбарын хүрээнд эсвэл зорилтот бүлгүүдэд  сургалт явуулах, бэлэн зүйл тараах, байдлаар хэрэгжсээр иржээ. Энэ нь төсөл гэхээр л хэн нэгэн үнэгүй зүйл өгөх нь гэдэг сэтгэхүйг монголчуудын тархинд суулгажээ. Тухайлбал, “ Нутгийн шийдэл сан”-гаас хэрэгжүүлж байгаа        “ Жорлонгоо өөрчилье”  төслийг сонирхож, сургалтад  нь ирсэн хүмүүс хамгийн түрүүнд хэдэн жорлон өгөх вэ гэж  асуудаг нь үүнийг гэрчилж байна. Сүүлийн үед иргэний нийгмийн байгууллагынханы хэрэгжүүлж байгаа төсөл  хөтөлбөрүүд ихэвчлэн нийгэм, иргэдийн дунд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд чиглэж байна. “Утааны эсрэг ээжүүд”, “Бидний цөөхөн монголчууд”, “ Хашаандаа сайхан амьдарцгаая”, “ Байшингаа дулаалья” зэрэг төслүүдийг дурьдаж болно. Эдгээр төслүүд бэлэн зүйл тараахгүй. Харин иргэдийн буруу хандлага, муу зуршлаа өөрчлөхөд чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бэлэн жорлон өгөхгүй Харин  барих аргыг нь зааж өгч байна гэсэн үг. Нөгөө талаас нийгэмд тулгамдсан асуудлыг ярихаас илүүтэй түүнийг даван туулж тэмцсэнээр асуудлын ард гарахаас биш тойрч өнгөрөөгөөд байвал бид энэ хэвэндээ байсаар л байна. “Жорлонгоо өөрчилье” сургалтыг  Нийслэлийн бүх дүүрэг, аймагт нийтдээ 2000 гаруй хүнд явуулаад байна. Жорлонгоо өөрчлөхгүй бол хөрсний бохирдлоор дамжиж хүүхдүүдийг өвчлүүлж буй долоон төрлийн халдварт өвчин буурахгүй. Цаашдаа халдвар авсан хүүхдүүд 10-20 жил тэрхүү хорт нянг биедээ тээсээр эцэст нь  хорт хавдараар өвчилсөөр байх болно. Түүнчлэн эмчлүүлэх, элгээ солиулахад зориулж өрхийн төсвийн ихэнх мөнгөө зарцуулснаар эдийн засгаараа хохирч байгааг судалгаа баримттайгаар мэдэх юм. Түүнээс биш бэлэн жорлон барьж өгөхгүй. Мөн дэлхийн олон оронд бий болсон  технологиос 17-г нь  мэдэж авдаг. Тэрхүү технологиудыг монголын нөхцөлд тохируулан нутагшуулж нэвтрүүлсэнээр танд шинэ иноваци бий болох юм. Өөрөөр хэлбэл, жорлонгийн үнэрийг мөнгөний үнэрээр сольж болох шинэ бизнес цэцэглэх юм. Тиймээс жорлонгоо өөрчилсөнөөр ядуурлаас гарах ч боломж харагдаж байгаа юм. Сургалтад Шунхлайгийн ажилчдын хандлага өөрчлөгдөж тэд ШТС-ийнхээ жорлонг дөрвөн төрлийн технологиор өөрчлөхөөр болсон. Ийнхүү Шунхлай группээс үлгэр дуурайлал авч бусад ШТС-ууд жорлонгоо өөрчлөх нь дамжиггүй.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *