Шинэ жилээр “Цөмөөхэй”-тэй ирдэг Д.Алтанхуяг

12-р сарын 25, 2017 9:21 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 84
12-25-4й2

Ч.ГАНТУЛГА

Том толгой, шонтгор хамартай модон хүүхэлдэй Цөмөөхэй. Бяцхан охины сэтгэлийг татсан, эр зоригтой, эрэлхэг баатар. Адал явдал хайсан эрэл хайгуулч. Зоримог харц, шалмаг хөдөлгөөн түүнээс харагдана. Тайзан дээр бүжиглэх нь нисэх мэт. Өөртөө итгэлтэй төгс юм.

Зул сарын өмнөх үдэш байв. Ноён Сильберхаусынд Клара охин дүү Фрицийн хамт ирэх зочдыг хүлээн догдолно. Энэ үеэр охины загалмайлсан эцэг, хүүхэлдэй урлаач Дроссельмайр Кларад самар хагалагч, модон хүүхэлдэй Цөмөөхэйг бэлэглэснээр үлгэр эхэлдэг.

Бяцхан модон хүүхэлдэй охины зүүдний ертөнцөд амилж, тэд санаанд оромгүй олон адал явдалтай учирна. Шинэ жилийн баярыг “Цөмөөхэй” балетгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тайзан дээрх аварга том гацуур мод, будран хаялах цасан ширхэг, гэрлэн чимэглэл, бяцхан бүжигчдийн жаргалтай инээд. Баяр дээр баяр нэмж, шинэ жилийн “жинхэнэ” уур амьсгалыг бэлэглэдэг энэ бүтээл амилахад бэлэн болжээ. Харин гол дүр Цөмөөхэйг уламжлал ёсоор дэлхийн шилдэг найман балетчины нэг, Монголын сонгодог урлагийн хан хүү, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бүтээхэд бэлэн болжээ. “Амьдралын тойрог” булан энэ удаад түүнийг онцолж байна. Нийтлэлийн баатраа би “Шинэ жилээр Цөмөөхэйтэй ирдэг” гэж онцолсон юм. Учир нь сүүлийн 10 жил дэлхийд алдартай “Бостон балет” компанийн гоцлол бүжигчнээр ажиллаж буй тэрээр зөвхөн арванхоёрдугаар сард эх орондоо ирж, шинэ жилийн шидэт үлгэр “Цөмөөхэй” балетдаа бүжиглэж, бяцхан багачуудаа баярлуулаад буцдаг уламжлал нэгэнт тогтжээ. Энэ л уламжлалын дагуу яарсаар эх орондоо ирлээ хэмээн тэр намайг угтсан юм. Бүжигчин залууд эх орныхоо онгоцны буудалд буух нь хамгийн сайхан мэдрэмж байдаг гэнэ. Хэдийгээр тэсгим хүйтэн ноёрхож байхад ирдэг ч сэтгэлдээ хамгийн дулаан бүхнийг тээжээ соёлын элч маань.

СОЛОНГОС БҮЖИГЧИДТЭЙ “ЦӨМӨӨХЭЙ”

Алдарт хөгжмийн зохиолч А.И.Чайковскийн бичсэн гурван том бүтээлийн нэг нь “Цөмөөхэй” балет юм. Энэ бүтээлийг дэлхийн олон оронд өөр, өөрийн онцлогоор тавьсан байдаг ч он цаг улирах тусам жинхэнэ “сонгодог” чанараа хадгалсаар иржээ. Энэ цаг үед хүүхэд бүхэн “Цөмөөхэй” бүжгэн жүжгээ хүлээж буй. Өнгөрсөн жил бяцхан хурганы дүр нэмэгдснээс гадна тайзан дээр аварга том бөмбөлөг хөөргөж, дотор нь Клара, Цөмөөхэйтэйгөө сууж явснаараа шинэлэг бас содон байсан юм. Энэ бүтээлд жил бүр 150-200 хүн оролцдог. Харин энэ жилийн “Цөмөөхэй” балет нүүр будаг, хувцаслалтын хувьд шинэлэг байх юм байна. Японоос мэргэжлийн багш нар ирж, манай уран бүтээлчдэд сургалт явуулжээ. Үүнээс гадна Солонгос улсын таван бүжигчин ирж бүжиглэх юм. Балет өөрөө гоо сайхны урлаг. Бүжигчдийн уян налархай хөдөлгөөн, ур чадвар гадаад төрхөөс бид сэтгэлийн таашаалыг мэдрэх ёстой. Ялангуяа нийгэм бухимдалтай, хүн бүхэн стресстэй болсон энэ үед урлагаас хүн ямар ухаарал, инээд хөөр, тайвширлыг мэдэрч болохыг энэ бүтээлээрээ харуулахыг зорьсон тухайгаа нийтлэлийн баатар маань онцолсон юм. Мөн Монголын балетын хөгжил ямар төвшинд хөгжиж буйг сурталчлах, ирээдүйн бүжигчид хэрхэн бэлтгэгдэж буйг харуулах том боломж гэж тэрээр харжээ. Энэ бүтээлд оролцох хүүхдүүдийг жил бүр сонгон шалгаруулдаг. Уламжлалын дагуу “Монголын үндэсний балет” сургуулийн багш нар тэдгээр азтай хүүхдийг сонгосон. Энэ үед Д.Алтанхуяг аялан тоглолттой байсан ч цаг тухай бүрт нь цахим ертөнцөд холбогдож,  сонгон шалгаруулалтын ажилд өөрөө оролцжээ. “Цөмөөхэй” бол дэлхийн хэмжээний том бүтээл. Ялангуяа арванхоёрдугаар сард дэлхийн бүх орон энэ бүтээлээр амьсгалдаг. Зарим нь бүр 20-30 удаагийн тоглолтой байдаг юм байна. Харин манай оронд айлчлах “Цөмөөхэй” энэ сарын 28-30-ны хооронд гурван удаа тоглоно. Зөвхөн арванхоёрдугаар сард тоглоод дуусахгүй. Ирэх онд энэ бүрэлдэхүүнээрээ Японд очиж тоглох урилгыг авчээ. Энэ нь мэдээж нийтлэлийн баатрын маань Монголын сонгодог урлагийн түүхэнд оруулж буй том хувь нэмэр билээ. Мөн Монгол Улсын соёлын элчийн хувьд үүргээ биелүүлж буйн нэг жишээ гэж бодож суулаа. Үүний дараа тавдугаар сард Д.Алтанхуягийн зохион байгуулах Олон улсын балетын тэмцээн манай улсад анх удаа болох аж. Дэлхийн зэрэглэл өндөртэй бүжигчид өрсөлдөхөөс гадна манай теарын уран бүтээлчидтэй туршлага солилцох, хамтарсан бэлтгэл, тоглолт хийх төлөвлөгөө гарчээ.

МОНГОЛ УРЛАГАА СУРТАЛЧЛААД ИРЭВ

Д.Алтанхуяг бол дэлхийд алдартай “Бостон балет” компанийн бүжигчнээс гадна дэлхийн шилдэг найман бүжигчний нэгээр шалгарсан уран бүтээлч билээ. Дэлхийн олон оронд аялан тоглолт хийж, эх орныхоо нэрийг гаргаж яваа авьяаслаг залуу. Тэрээр хамгийн сүүлд Японд бүжиглээд иржээ. Тэнд дэлхийн сонгодог бүжгэн жүжигт биш монгол уламжлалаа харуулсан бүтээлийг амилуулаад ирсэн нь бас л бахархууштай. Хөдөө нутаг, гол урссан тайван орчин. Монгол дээлтэй залуус бүжиглэнэ. Монголчуудын эртнээс тоглож ирсэн “Цагаан мод” тоглоомоос сэдэв­лэсэн энэ бүтээлд малчин түмний амьдралын онцлог, хайр сэтгэлийг өгүүлсэн байна. Бүжгэн жүжгийг  үзэгчид сайхнаар хүлээн авч, хөшиг нээгдсэн үеэс халуун алга ташилтаар урам өгчээ. Тэрээр сүүлийн 10 гаруй жил эх орондоо амралтын журмаар ирээгүй аж. Ирэх бүртээ заавал уран бүтээл хийж, сургалтын төвдөө цагийг өнгөрөөдөг гэнэ. Д.Алтанхуяг “Монголын балетын хөгжлийн сан”-ийн тэргүүн. Онгоцноос буух бүртээ өөрийн удирддаг төв болон сургуульдаа яардаг гэв. Учир нь авьяаслаг залуугаар хичээл заалгах хүсэлтэй хүүхэд олон байдаг аж. Тиймээс тэдгээр хүүхдийн хүслийг биелүүлж, өөрөө хичээл заах нь хамгийн жаргалтай мөчийнх нь нэг гэсэн. Биднийг очиход ч бүжигчин маань тоглолтын сургуулилтаа хийгээд завгүй байсан юм. Тэрээр бяцхан бүжигчидтэй хамт сунгалтын дасгал хийж, бүжгийн үндсэн хөдөлгөөнүүдийг давтана. Хүүхдүүд ч багштайгаа илэн далангүй ярилцаж, бэлтгэлээ базаах нь өхөөрдөм байв. Бэлтгэлийн заалны үүдэнд мөнх ногоон гацуураа засчээ. Хажууд нь өнөөх л модон хүүхэлдэй Цөмөөхэй улаан хүрэм, өндөр хар малгайгаар гангаран зогсч байгаа харагдана. Энэ сургуульд бүжгэн жүжигт оролцох хүүхдүүд бэлтгэл хийхээс гадна балетын урлагт дурласан олон хүүхэд сурч, мөрөөдлөө биелүүлэхээр ирдэг юм байна.

БАЛЕТАД ДУРЛАХ ХӨВГҮҮН ОЛОН БОЛЖЭЭ

Өмнө нь балетын урлагийг зөвхөн охид л сонирхдог гэсэн ойлголт байсан. Тэгвэл энэ үед балетаар хичээллэх сонирхолтой хөвгүүн олон болсон тухай нийтлэлийн баатар маань баяртайгаар хуучилсан юм. “Монголын балетын хөгжлийн сан” буюу “Монголын үндэсний балет” сургуульд энэ урлагт хайртай бяцхан хөвгүүд хичээллэдэг болжээ. Д.Алтанхуягийн өнөөдрийн амжилтын түүх нь “Бостон балет” компанитай салш­гүй холбоотой. Бүжигч­дийнхээ ур чадвараар дэлхийд тэргүүлдэг тус компани дэлхийн бүх оронд хүрч балетын урлагийг сурталчилдаг. Харин дэлхийд тэргүүлж буй энэ байгууллагын гоцлол бүжигчин нь монгол хүн гэж бодохоор бүжигчнээрээ бахархахгүй байхын аргагүй. Өр­сөл­дөөн ихтэй талбарт тэрээр зүгээр сууж байгаад амжилтад хүрээгүй билээ. Уйгагүй хөдөлмөр, шантрашгүй сэтгэлийн хүчээр өнөөдрийн Д.Алтанхуяг бий болсон ажээ. Энэ урлаг түүнд зөвхөн уран бүтээлчээс гадна хүн байх утга учир, тэсвэр тэвчээрийг суулгасан гэж энэ цагийн шилдэг бүжигчин маань ярьж сууна. Гэхдээ гоцлол бүжигчин гээд тэрээр зүгээр суухыг хүсдэггүй нэгэн. Цаг үргэлж суралцдаг, одоо ч суралцсаар явна гэж өөрийгөө тодорхойллоо. Дэлхийн бусад орон зөвхөн балетын сургуультай байдаг. Харин манай улсад балет эрчимтэй хөгжиж буй мөртлөө том хэмжээний сургууль байдаггүй. Харин Д.Алтанхуягийн удирддаг “Монголын үндэсний балет” сургууль үүний эхлэл болж байна. Тэд хөдөө орон нутагт салбараа нээхээс гадна гадны сургуулиудад хүүхдүүдээ суралцуулах боломжийг хайж байгаа гэв.

УДАМ ДАМЖСАН БҮЖИГЧИН

Д.Алтанхуяг дүүтэйгээ.

Энэ цагийн балетын өнгийг тодорхойлж яваа н.Дугараагийн Алтанхуяг гэсэн авьяаслаг уран бүтээлчийг бид мэднэ. Харин тэрээр тэртээ хязгаар Ховд нутагт өсч торнисон юм. Хүүхэд насных нь гэгээн дурсамжид юу байдаг бол. Монголын үзэсгэлэнт тал нутагт өссөн хүү удам дамжсан бүжигчин билээ. Түүний аав Дугараа нь нутагтаа алдартай бий биелээч байжээ. Хүүхэд наснаасаа аавыгаа дагаж бүжгийн урлагт дурласан түүнд урлагийн хүн тэр дундаа бүжигчин болно гэснээс өөр сонголт байгаагүй гэдэг. Ховдын гуравдугаар 10 жилийн сургуульд тавдугаар анги төгсөөд, Улаанбаатарт ирж “Хөгжим бүжгийн коллежи”-д шалгалт өгснөөр тэнцжээ. Сургуу­лийн ширээнээс гараад амьдралын анхны алхмаа улсынхаа цорын ганц мэргэжлийн урлагийн байгууллага болох УДБЭТ-аас эхэлсэн юм. Тэр л улаан байшинд есөн жил гоцлол бүжигчний үүргээ нэр хүндтэйгээр биелүүлсэн аж. Одоо ч тэрээр театртаа бүжиглэх дуртай. Боломж олдвол төрсөн нутагтаа очиж, хурга ишиг хариулж явсан тэр л хөндийдөө хүүхэд насны гэгээн дурсамжаа сөхөх дуртай гэсэн. Тэрээр хоёр хүүхдийн халамжит аав билээ. Чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх нь хамгийн сайхан амралт болдог аж. Амжилттай яваа эр хүний ард монгол бүсгүйн хатан ухаан байдаг гэдэг дээ. Ар гэрийн бүхий л ажлыг нуруундаа үүрч, ханьдаа уран бүтээлээ хийх боломжийг олгодог түүний гэргий эмч мэргэжилтэй бөгөөд одоогоор Америкт докторын зэрэг хамгаалж байгаа юм байна. Д.Алтанхуягийнх саяхан Нью-Йоркод суурьшсан бөгөөд гавьяат маань “Цөмөөхэй” балетаа амжилттай тоглочихоод энэ сарын 31-нд буюу шинэ жилийн өдөр он солигдохоос өмнө хайртай гэр бүлдээ амжиж очихоор нисэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *