Шинэ Засгийн газар дөрвөн жилийн хөтөлбөрөө танилцууллаа

9-р сарын 12, 2012 11:01 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 358

М.ГАН

 

АРХИ, ТАМХИНЫ ТАТВАРЫГ НЭМЭВ

 

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн ху­рал­даанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж батлав. Архи, согтуу­руулах ундаанд ногдуулах татвар бага байгаагаас сүүлийн жилүүдэд дотоо­дод үйлдвэрлэсэн архи, согтууруулах ундаа­ны хэрэг­лээ  нэмэгдэж байгааг хязгаарлах, түүнийг зохистой төвшинд байлгах, архидалтын хор хөнөөлтэй тэмцэх зорилгоор Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Уг төсөлд дотоодод үйлдвэр­лэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж байсныг 25 хүртэл хатуулагтай, 25-40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай хэмээн ангилахаар болж, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан тат­ва­рыг хоёр дахин нэмэхээр тусгажээ.  Онцгой албан татварын хувь хэмжээг ингэж нэмснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Манай улсад архины тусгай зөвшөөрөлтэй 91 аж ахуй нэгж байдаг бөгөөд онцгой албан татварын орлогын дийлэнх буюу 90 гаруй хувийг эдгээр байгууллага бүрдүүлдэг байна. Энэхүү хууль батлагдснаар нийгмийн хийгээд иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөөд төсвийн орлого 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.

 

ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ   

 

Энэ удаагийн хурал­даанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэл­цүүлгийг хийв. Засгийн газрын бүтэц бүрэлдэ­хүүнд өөрчлөлт орсон, санхүүгийн жилийн явцад эдийн засгийн өөрчлөл­төөс шалтгаалан батлагдсан төсөвт төлөвлөсөн орлого орох боломжгүй болсон зэргээс шалтгаалан төсвийн то­дотгол хийж байгаа юм.   

Монгол Улсын 2012 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувиас хэт­рүүлэхгүй байх зарчмыг баримтлах нь зүйтэй гэсэн саналыг дэмжжээ. Мөн төсвийн орлогыг бүрэн дайчлах замаар орлогын төлөвлөгөөг бүрэн бие­лүүлж, үлдэж буй хугацаанд орлогын нэмэгдэл эх үүсвэр буй болгох, бүх шатанд хэмнэлтийн хатуу зарчим баримтлах замаар төсвийн зарлага, санхүүжилтийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэмнэж болох зардлууд болон хэрэгжиж эхлээгүй байгаа нэг удаагийн арга хэмжээг хойшлуулах, га­даад томилолт арга хэм­жээний зардлыг бууруу­лах, тендер нь зарлагдаагүй, ажил нь эхлээгүй барилга байгуу­ламжид төлөвлөгдсөн хөрөнгийг 2013 оны төсөвт шилжүүлэх зэрэг зарчмыг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын зардлын тооцоо хийжээ. Хөрөнгө оруулалтын зардлаас нийт 312.3 тэрбум төгрөгийг ирэх онд шилжүүлэн тооцож, 30.5 тэрбум төгрөгийн хөрөн­гийг багцад нь багтаан өөрчлөх замаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 281.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголд тусгасан байна. 

Дээрх өөрчлөлтүүдийг тусгаснаар төсвийн орлого 495.0 тэрбум төгрөгөөр буурч 5,508.6 тэрбум төгрөг, нийт зарлага 160.6 тэрбум төгрөгөөр буурч 6,307.1 тэрбум төгрөг бол­жээ. Төсвийн нийт алдагдал 334.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 798.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 4.9 хувьтай тэнцэхээр байгаа аж.

Аймаг, сум, дүүргийн сонгуулийг зохион байгуулахад 3,1 тэрбум, Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэхэд 1,5 тэрбум, цэцэрлэгийн хүүхэд, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэхээр 7,5 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгасан байна.

 

М.ЭНХБОЛД: АРДЫН НАМААС АВАХ НЭГ Ч САНАЛ БАЙСАНГҮЙ ЮУ?

 

Мөн  Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь Ардчилсан намын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэслэн, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөр, бие даагч гишүүдийн саналаас бүрджээ. Мөрийн хөтөлбөр нь гурван үндсэн чиглэлд хуваагдаж буйг Ерөнхий сайд Н.Алтан­хуяг танилцууллаа. Нэгдү­гээрт, иргэдээ ажилтай орлоготой болгох, хоёрдугаарт, хүнд суртал, авлигатай тэмцэх, бүх шатанд үүрэг хариуцлагыг чангатгах, гуравдугаарт, их бүтээн байгуулал­туудын олонхийг хийж дуусгахаар зорьжээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа өмнөхөөс өөрчилж аль болох хоосон уриа, лоозон тунхаг тусгахаас татгалзсан гэж Ерөнхий сайд онцлов.

Ирэх дөрвөн жилд зээлийн хүүг нэг оронтой тоонд хүртэл буулгах, 150 мянган ажлын байр нэмэх, нефть, махны үнэнд хяналт тавих, монголчууд эх орондоо оношлогоо хийлгэх боломжтой онош­логооны төвтэй болох, орлого багатай иргэдээ даатгалд хамруулах, хөр­вөх чадвартай боловс­ро­лыг эх орондоо эзэмшдэг байх, хотын утаа, хог, замын түгжрэлтэй тэмцэх, төр засгийн ажлыг иргэдэд нээлттэй тунгалаг болгох, төрийн албыг нийтийн алба болгож өөрчилж Зас­гийн газар шинэчлэлийн замаар ажлаа зохион байгуулна гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Засгийн газ­рын мөрийн хөтөлбөртэй холбогдуулж Ардын на­мын гишүүд асуулт тавив. Тэд намын­хаа мөрийн хө­төлбөрөөс Засгийн газрын хөтөлбөрт тусгалгүй үлдээсэнд гом­дол­лосон юм. Гишүүдийн асуулт, хариултаас тоймлов.

 

М.Энхболд:

-Ерөнхий сайд та мө­рийн хөтөлбөрөө боловсруулахдаа МАН-ын сонгуульд дэвшүүлсэн хөтөлбөрийг судалсан уу. Манай намаас авах нэг ч санал байсангүй юу. 150 мянган ажлын байр бага байна. Та бид хоёр Шадар сайдаар ажиллах хугацаандаа 450 мянган ажлын байр бэлдсэн шүү дээ. Ажлын байрыг хэрхэн бий болгохоор төлөвлөв?

 

Н.Алтанхуяг:

-Хоёр нам, нэг эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэсэн юм. МАН-ын мөрийн хөтөлбөртэй танилцсан. Санаа, оноо нийлэх зүйл байна лээ. Хоосон уриа, лоозонгууд нь орхигдсон байх. Тэгэхээр авсан зүйл байгаа гэж ойлгоорой. Бид нэлээд маргалдаж байж 150 мянга гэсэн тоог тавьсан. Энэ бол бодит тоо. Хий хоосон тоо тавиагүй юм шүү. Ажлын байрыг сум, дүүрэг, нэр устайгаар нь гаргана. Харин та бүхний тоонд одоо ч эргэлзэж явна. Хэрэв үнэн бол Монголд ажилгүйдэл арилах байлаа.

 

Я.Содбаатар:

-Хариуцах эзэнгүй, хийх хугацаагүй, дүгнэх шалгуургүй мөрийн хөтөлбөр байна. УИХ тодорхой шалгуур тавьж болох уу?

Н.Алтанхуяг:

-Наана чинь ганц, хоёр лоозон орчихсон байж магадгүй шүү. Аль болох л өмнөх алдааг давтахгүй гэж уриа, лоозонг авч хаясан юм.

 

Ч.Сайханбилэг:

-Я.Содбаатар гишүүн анх удаа сонгогдож байгаа болохоор мэдэхгүй байх шиг байна. Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам гарахаар хугацаа, хариуцах эзэн тодорхой болчихдог юм.

1 Сэтгэгдэлтэй

Chassidy
2016 оны 12-р сарын 1

You’ve imessrepd us all with that posting!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *