Шинэ цамхаг босгож эхэлсэн “MCS”-ийг шүүхэд өгчээ

11-р сарын 6, 2013 9:32 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 582
Оршин суугчдын эрхийг ноцтой зөрчсөн “MCS” компанийн барилгын ажлын тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт багагүй шуугиан тарив.

Б.ЭНХЗАЯА

 

Э.БАТ-ҮҮЛИЙН АМЛАЛТ ХААЧИВ

Оршин суугчдын эрхийг ноцтой зөрчсөн “MCS” компанийн барилгын ажлын тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт багагүй шуугиан тарив. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпийн гудамж буюу Хуримын ордны хажууд “MCS пропертиз холдинг”-ийн захиалгаар барьж эхлүүлсэн 25 давхар барилгын суурь цутгалтын ажлыг эсэргүүцсэн оршин суугчид барилгачдын хооронд ширүүн маргаан болсон юм.

Энэ газар нь Ерөнхийлөгч асан П.Очирбатад өгсөн ард түмний бэлэг байсан. Тэрээр эзэмшил газар, орон сууцаа “MCS” компанид хоёр тэрбум төгрөгөөр худалдаалсан ажээ. “MCS”-ийнхэн энэ газарт 25 давхар барилга барихаар өнгөрсөн жилээс ажлаа эхлүүлжээ.

Тэд барилгаа 25 айлын орон сууц бүхий есдүгээр байртай 2.5 метр зайнд тулгаж суурь цутгалтаа хийснээр оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. Цонхных нь дэргэд өдөр шөнөгүй хүнд даацын авто машин холхиж, кран өргөн, өрөмдлөг хийж эхэлсэн нь иргэдийн тав тухыг алдагдуулсан байна. Тэгээд ч зогсохгүй барилгын ажлын явцад есдүгээр байрны тулгуур хана, тааз цуурч эхэлжээ.  25 давхар барилгын хоёр давхар нь газар дор байх зориулалттай барьж буй юм. Газрын гүн рүү хоёр давхар барилгын суурь цутгасан нь зэргэлдээх байрны тулгуурт нөлөөлжээ. Энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хэмжилт хийж, акт тогтоосон байна. Цууралт нь одоогоор 12-15 см зайтай. Хүйтний улирал эхэлсэн үед ийм хэмжээтэй байна, хавар болоход цууралт нэмэгдэх байх гэсэн иргэдийн айдас бий болжээ. Энэ тухай тус байрны оршин суугч Н.Батчулуун “”MCS” групп компани Драмын театр, Сүхбаатарын талбай, Хүүхдийн парк гээд хумслаагүй газар байхгүй. Д.Нацагдоржийн хөшөө байсан буурийг ч авахаар санаархаж буй юм билээ. Оршин суугчид бидний эрх ашгийг зөрчиж орон байранд минь цууралт үүсэх хэмжээнд нөлөөлсөн. Бид энэ компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцсэн. Барилгын ажлыг үргэлжүүлэхгүй байхаар хаалга үүдийг нь манаж хонодог болсон. Гэтэл өнгөрсөн долоо хоногт хамгаалагчдаараа сүрдүүлэн бидний эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гаргасанд гомдолтой байна. “MCS”-ийг хэн ч дийлэхгүй гэсэн ойлголт нийгэмд бий болчихож. Энэ байдлыг дээр доргүй бүгд хүлээн зөвшөөрч байна. Барилга барихад оршин суугчдаас зөвшөөрөл авна, хэлэлцэнэ гэсэн Э.Бат-Үүл баатрын амлалт хаана байна” хэмээн бухимдалтай өгүүлсэн юм. Бусад оршин суугчид ч ийм саналтай байх аж. Түүнээс гадна оффисын зориулалттай 25 давхар энэ барилга Хуримын ордны газраас ч хумсалсан байна.

 

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН БАЙВ

Ирээдүйд нар, салхи үзэх боломжгүй болтлоо эрхээ хасуулж мэдэх оршин суугчдын тэмцлийн дүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан байна. Шалгалтаар тус барилгын ажлыг албан ёсны зураг төсөлгүйгээр явуулснаас гадна газрыг зориулалтаар нь ашиглаагүй зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс барилгын ажлыг зогсоож, битүүмжилсэн байлаа.

“MCS” компаниар овоглосон олон орд харш, цамхагууд нийслэлийн төвд бий. Энэ удаад ч олон улсын зэрэглэлтэй үйлчилгээний байгууллага босгохоор барилгын ажил эхлүүлсэн нь энэхүү 25 давхар үйлчилгээний зориулалттай барилга юм. 25 давхар барилгыг “MCS” холбогдох албаныхны зөвшөөрөлгүйгээр барьж эхэлжээ. Тэд барилга барих зураг төслөө холбогдох газруудаас батлуулаагүй, барилгын зөвшөөрөл аваагүй байсныг дээрх баримт илтгэнэ. Өөрөөр хэлбэл, тэд Барилгын хөгжлийн төвд зураг төслөө одоог хүртэл магадлал гаргаж, баталгаажуулаагүй байж. Түүнчлэн энэ хэмжээний өндөр барилгад салбарын яамнаас зөвшөөрөл олгодог журамтай. Өөрөөр хэлбэл, Барилга хот байгуулалтын яамнаас 17-оос дээш давхар барилга барих зөвшөөрлийг олгодог. Хамгийн ноцтой нь салбарын яамнаас барилга барих зөвшөөрөл аваагүй ч ажлаа эхлүүлж аль хэдийнэ суурийн цутгалтаа хийжээ. Энэ тухай Барилга хот байгуулалтын яамнаас мэдэгдсэн байна. Тиймээс амьдрах, тав тухтай орчноо алдсан есдүгээр байрны оршин суугчид шүүхэд ханджээ. Тэдний үйл ажиллагааг төлөөлөн өмгөөлж буй өмгөөлөгч Ц.Баднайнямбуугаас энэ тухай тодруулахад оршин суугчдын эрх зөрчигдсөн асуудлыг хөндөн, зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг цуцалж, цаашид барилгын ажлыг үргэлжүүлэхгүй байх тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргаад байгаагаа хэллээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *