Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг Баянзүрхчүүд дэмжиж байна гэв

3-р сарын 11, 2018 6:51 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 66
IMG_6150 - Copy

Т.БАТСАЙХАН

МАХН-аас Бүгд Найрамдах Монгол Улсын Шинэ Дээд Үндсэн хуулийг батлах санал асуулгыг Эх орончдын өдөр эхлүүлсэн билээ.  Тэгвэл өчигдөр энэ үйл ажиллагаа Баянзүрх дүүрэгт үргэлжиллээ.   МАХН-ын дарга Н.Энхбаяр,  дэд дарга С.Ганбаатар нар оролцож, намын гишүүддээ Шинэ дээд  үндсэн хуулийн үзэл баримтлалыг танилцуулав.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “Үндсэн хуулийг  яагаад өөрчлөх ёстой вэ гэж хүмүүс асуудаг.  Ард түмний амьдрал хэцүү байна.  Байгалийн баялаг цөөн  хэдэн хүний гарт орж байна.  Оффшор бүсэд монголын асар их хөрөнгө эргэлдэж байна. Бас монголын хүнээ үнэлэх үнэлэмж муудлаа. Тиймээс Үндсэн хуулиа  өөрчлөх асуудал  цаг үеийн шаардлагаар гарч  ирлээ. МАН, АН-ын гарыг хараад бидний  амьдралд  юу ч  өөрчлөгдөхгүй байна.  Бид Шинэ Дээд үндсэн хуулийг орон даяар хэлэлцүүлнэ. Нэг сая хүний  гарын үсэг цуглуулж чадвал тэр өдрөөс батлагдаж, нийгэмд хэрэгжиж эхэлнэ. Бид эх орондоо сайхан амьдрах ингэж боломж бүрдэнэ ” гэлээ. Баянзүрх дүүрэгт болсон энэхүү ёслолд түмт, зуут, аравтын гишүүд оролцож, намын даргынхаа  саналыг дэмжиж гарын үсгээ зурлаа.  МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Өнөөдөр Оюутолгой, Дубайн гэрээний талаар их ярьж байна. Эрх барьж байгаа намууд ухаан орж байна.  Гэхдээ энэ гэрээг  зүй ёсоор нь эх орныхоо талд  хийсэн бол ингэтлээ тэд шалдаа буухгүй байлаа.  МАХН-аас санал болгож байгаа Шинэ дээд үндсэн хуулийн төсөл хэрэгжиж эхэлбэл  дахиж хэзээ ч ийм асуудал гарахгүй.  Уул уурхайн баялаг хэдхэн хүний гарт ордог ийм  гажуудал дахин үүсэхгүй юм.  Тиймээс энэ  хуулийн төслийг дэмжин гарын үсгээ зурж, эх орноо аварцгаая хэмээн уриалж байна гэв.  Мөн Баянзүрх дүүргийн МАХН-ын дарга С.Жаргал “Манай дүүрэгт 18 зуут үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.  Цаашид бусад зуутын үйл ажиллагааг сэргээж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих аянд идэвхтэй оролцуулна. Мөн энэ одоо багтаж манай дүүргийн намын хороо 6000 гишүүн, 12 мянган дэмжигчтэй болох зорилготой ажиллаж байна.  МАХН-ын бодлогын зөвлөл, эрдэмтдийн багийн дэвшүүлж буй  Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг баянзүрхчүүд дэмжиж байна” гэв.  Орон даяар хэлэлцүүлэх Шинэ Дээд үндсэн хуулийн төслийг дэмжих аян  Баянзүрх дүүргээс эхэлсэн бол удахгүй Чингэлтэй дүүрэгт үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *