“Шидэт толь” хүүхдэд зөвлөгөө өгөх төв үүдээ нээлээ

1-р сарын 5, 2018 9:31 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 43
1-5-2

М.БААСАНДЭЛГЭР

Манай улсад шүүхэд асран хамгаалагч тогтоож өгдөг мэргэжилтэнг бэлтгэж, чадавхижуулах орчин нөхцөл бүрдсэн газар байдаггүй байна. “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гэр бүлийн маргаан болон эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд оролцдог мэргэжилтнүүдэд зориулан “Шидэт толь” зөвөлгөө өгөх төвийг өчигдөр нээлээ. Тус төв нь хүүхдийн тоглоомын, ганцаарчилсан ярилцлагын, ажиглалтын гэсэн гурван хэсгээс бүрджээ. Өрөөг бүх насны хүүхдэд тохирсон тоглоом, сэтгэл зүйн сорил зэргээр тохижуулсан байлаа. Хүүхэд энэ өрөөнд орж ирээд өөрийн эрхгүй тайван байдлыг мэдрэх үед сэтгэл зүйг нь тодорхойлох боломжтой болдог байна. Мөн тусгай ажиглалтын өрөөг тохижуулсан нь хүүхдийн тоглож буй байдал, эцэг эхтэйгээ хэрхэн харьцаж, хэнд нь ээнэгшиж дассан гэдгийг мэргэжлийн сэтгэл зүйч ажиглан дүгнэлт гаргах давуу талтай. Мөн хосууд салсан тохиолдолд хүүхдийг хэнд нь өгөх шийдвэрийг гаргахад туслах юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Гүүд Нейборс” олон улсын байгууллагын захирал Пак Дун Чол “Солонгос улс 1997 онд санхүүгийн хямралд өртөж байсан. Тухайн үед өрхийн тэргүүнүүд ажилгүй болсон учир гэр бүл салалт их үүсч, хүүхдүүд том хохирол амссан. Тиймээс гэр бүл салалт Монголд бүү байгаасай гэх үүднээс бид хүүхдэд зөвлөгөө өгөх төвийг нээж байгаадаа баяртай байна. Хэдийгээр бүх хүүхдүүдэд хүрч ажиллаж чадахгүй ч тодорхой хэмжээнд энэ төсөл, зөвлөгөөгөөр дамжуулан олон хүүхдийн ирээдүй гэрэлтэнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

ГБХЗГ-ын дарга О.Алтансүх : ЭНЭ ОНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨСВИЙГ ТАВАН ТЭРБУМ БОЛГОСОН

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд ЕБС-ийн ахлах анги, их, дээд сургуулийн I курсэд зайлшгүй үзэх хичээлийн тоонд хүчирхийлэлтэй үл дасан зохицох хандлага буюу гэр бүлийн боловсрол гэдэг хичээл орохоор шийдсэн. Энэ нь хүчирхийллийг гарахаас нь өмнө сэргийлэх нэг арга юм. Хүүхдийн хүчирхийллийн тоо баримт өмнөх жилтэй ижил төвшинд байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль гарснаар үүнийг гэмт хэрэг гэж үздэг болж хүмүүс цэрэг хүчний байгууллагад ханддаг болсон. Тиймээс энэ төрлийн хэрэг ихэсч байгаа мэт харагдаж байгаа юм.  Мөн энэ онд хүүхэд хөгжил хамгааллын төсвийг таван тэрбум болгож нэмэгдүүлсэн. Энэ зардлын 30 хувийг хамгааллын үйл ажиллагаа, 70 хувийг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар төлөвлөж байна. Үүний 40 хувийг 21 аймаг, есөн дүүрэгт хуваарилж байгаа.

Өнгөрсөн онд хүүхдийн 108 утсанд 50 мянга орчим дуудлага ирснээс 170 орчим нь хүүхэд шууд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага байжээ. Эдгээр дуудлагыг ихэвчлэн хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн хөрш, багш, дэргэд нь байсан хүмүүс өгдөг байна.

Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг: ДӨРВӨН ГЭР БҮЛ ТУТМЫН НЭГ НЬ САЛЖ БАЙНА

Гэр бүл салалт өндөр хувьтай, жил бүр тоо нь өссөөр байна. 2016 оны байдлаар 17800 хос гэр бүлээ батлуулсанаас 3900 нь салсан гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна гэсэн үг. 2017 онд энэ тоо өссөн. Манай улсад жилд 26 мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг бол 4000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг  гэсэн статистик мэдээ байдаг аж. Гэрлэлтээ цуцлуулж буй гэр бүл ихэвчлэн 1-3 хүүхэдтэй байдаг. Эдийн засгийн хямрал, ядуурал, архидалт, хүчирхийлэл гэсэн хүчин зүйлс нь салалтын гол шалтгаан болж байна.  Гэр бүл салалтын улмаас хүүхэд хамгийн их хохирч үлддэг. Тиймээс салалтын үед хүүхдийн язгуур эрх ашгийг хохироохгүйн үүднээс мэргэжлийн байгууллагаас шинжээчийн дүгнэлт гаргадаг. Хүүхдийг хэн асрах вэ гэдгийг шинжээчийн дүгнэлт шийднэ гэсэн үг. Өмнө нь шинжээчид гэрт нь очиж нөхцөл байдлыг ажиглаж, дүгнэлт хийдэг байсан бол одоо тусгай өрөөндөө хийх боломжтой боллоо.

Энэ төсөл нь өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлжээ. Төслийн хүрээнд шүүхэд асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтнүүдийг анхан шатны цогц сургалтад хамруулж, ашиглах гарын авлагыг бэлтгэн хүргэсэн байна. Мөн цаашид 21 аймаг, есөн дүүрэгт шинжээчийн өрөөтэй болохоор ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Propecia Opiniones Viagra Vs Levitra 5 Mg cheapest cialis Maxifort Zimax Sildenafil 50 Mg Priligy Customer Reviews Low Price Viagra 100mg

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *