Шидэт реализмын эцэг Габриэл Гарсиа Маркесийн 90 насны ой

3-р сарын 6, 2017 10:09 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 22
3-6-6

Б.БАРС

Колумбын жижигхэн Аракатака хотод 90 жилийн тэртээ 1927 оны гуравдугаар сарын 6-нд утга зохиолд шидэт реализм хэмээх цоо шинэ урсгалыг үүсгэсэн XX зууны дэлхийн шилдэг зохиолчдын нэг, Нобелийн шагналт Габриэл Гарсиа Маркес төржээ. Өвөө, эмээ дээрээ өссөн тэрээр багаасаа ардын үлгэр домогт шимтэн хэл зүйд татагдсан гэдэг.

Тэрээр 1940 онд Колумбын нийслэл Боготагийн коллежийг дүүр­гээд нэг хэсэг өмгөө­лөгчөөр ажилласан ч төдөлгүй сэтгүүл зүй, утга зохиолын салбарт хүчин зүтгэх болжээ. Хэдий тийм ч Габриэл Гарсиа Маркес 1947 онд Колумбын их сургуулийн хууль зүйн ангид элсэн орсон аж.

Мөн жил Боготагийн “Espectador” сонинд түүний анхны “Гуравдахь татгалзал” тууж цувралаар нийтлэгджээ. Тус сонинд дараагийн зургаан жилийн турш түүний арав гаруй өгүүллэг гарсан байна. 1950 онд тэрээр Картахена хотын “Heraldo” сонинд сэтгүүлчээр орон “Анааш” нэртэй булан хөтлөж байгаад 1954 онд Боготад эргэн ирээд “Espectador” сонины сурвалжлагч болжээ. Габриэл Гарсиа Маркес улмаар Европт орон тооны бус сурвалжлагчаар, сүүлдээ Кубын “Пренса Латина” агентлагт хүртэл ажиллаж үзээд 1961 онд Мексикийн нийслэл Мехикод хүрэлцэн ирж кино зохиол, янз бүрийн сонинд элдэв нийтлэл бичин хоолны мөнгөө олон чөлөөт цагаараа өөрийн зохиолоо бичсээр байв. Мехикод тэрээр 1955 онд “Унасан навчис” туужаараа эхлүүлсэн Макондо хотхоны тухай цуврал зохиолоо үргэлжлүүлэн 1961 онд “Хурандаад захидал бичих хүн үгүй” , 1966 онд “Муу цаг” роман, 1967 онд алдарт “Зуун жилийн ган­цаар­дал” романаа хэвлүүлжээ.

Буэндиагийн зургаан үеийн амьдралыг хүүрнэн өгүүлэх “Зуун жилийн ганцаардал” тэр даруй Европын хэд хэдэн хэлэнд орчуулагдан Латин Америкийн бүх цаг үеийн шилдэг романуудын нэг хэмээн үнэлэгдэж, “шидэт реализм” нэр авсан утга зохиолын шинэ нэр төрлийн эхийг тавьсан юм. “Зуун жилийн ганцаардал”-ыг хүний амьдрал, хайр дурлалын нэвтэрхий толь ч гэдэг билээ.

Дэлхийн шилдэг зохиолчдын нэг болсон Габриэл Гарсиа Маркес АНУ-ын Колумбийн их сургуулийн хүндэт доктороор шагнуулан Испанийн Барселон хотод амьдрах болжээ.

1982 онд тэрээр “Бүхэл бүтэн тивийн амьдрал, зөрчлийг уран зөгнөл, бодит байдлын зааг дээр гайхамшигтай дүрсэлсэн” хэмээн Нобелийн шагнал гардсан юм.  Алдарт зохиолчийг 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд Мехико хотноо 87 насандаа өөд болоход төрөлх Колумбид нь гурван өдөр гашуудал зарлаж байжээ.

1899 он

Германы эм үйлдвэрлэгч “Bayer” компанийн ажилтан Феликс Хоффман ХХ зууны шилдэг эм хэмээгдсэн аспириныг гарган авч патентлуулжээ.

1900 он

Сан-Францискогийн “Голуб” зочид буудлын хонгилд булчирхайн тахалтай хятад хүний цогцос илэрснээр АНУ-д анх удаа энэ хөнөөлт тахал дэгдсэн байна.

1909 он

Польшийн нэрт хошин шогийн зохиолч, яруу найрагч Ежи Лец мэндэлжээ.

1926 он

Дэлхийн кино урлагийн нэрт төлөөлөгчдийн нэг, Польшийн алдарт найруулагч Анжей Вайда төржээ.

1937 он

Хуучин ЗХУ-ын Ярославль мужийн Большое Масленниково тосгонд дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч, манай улсын хөдөлмөрийн баатар Валентина Терешкова мэндэлжээ.

1953 он

Нас барсан И.Сталины оронд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар Г.Маленковыг томилсон байна.

1964 он

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Кассиус Клей лалын шашинд орж нэрээ солин Мухаммед Али гэгдэх болсон байна.

banner-3-3

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *